Хайх

Facebook-ийн гурван хэрэглэгч тус олон нийтийн сүлжээг шүүхэд өглөө

Facebook-ийн гурван хэрэглэгч тус олон нийтийн сүлжээг шүүхэд өглөө

Бүр ч олон хүн нэхэмжлэл гаргах магадлалтай

Text: Buro.Mongolia


Зураг:

Саяхан Facebook олон нийтийн сүлжээ 50 сая хэрэглэгчийн мэдээллийг Дональд Трампын сонгуулийн ажлыг хариуцаж байсан Cambridge Analytica компанид задруулсан хэрэгт буруутгагдсан. Энэхүү шуугиан намжиж амжаагүй байтал тэд дахин асуудалд орооцолдлоо. Тодруулбал тус олон нийтийн сүлжээний гурван хэрэглэгч тэдний Facebook Messenger аппаар хийсэн дуудлага ба зурвасуудыг задруулсан гэх үндэслэлээр Facebook-ийг шүүхэд өглөө. Хэрэглэгчид олон нийтийн сүлжээг хувийн мэдээллийн нууцлалыг зөрчсөн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Эдгээр хэрэглэгчид өөрсдөд нь учирсан хохирлыг нөхөн төлөхийг Марк Цукербергээс шаардаж байгаа аж. Гэхдээ тэд яг хэр хэмжээний мөнгөн дүнг нэхэмжилж байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Мөн Reuters агентлаг энэ нэхэмжлэл нь илүү олон хүнийг хамарсан хэрэг болох өндөр магадлалтай байгааг мэдэгджээ. Одоогийн байдлаар үүссэн нөхцөл байдалд Facebook олон нийтийн сүлжээ ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Эргэн сануулахад саяхан Apple компанийн тэргүүн Тим Кук хэрэглэгчдийн мэдээлэл задруулсан хэрэгт Facebook-ийг буруутгаж "Миний бодлоор таны хэнтэй харьцаж байгаа, таны найзууд хэнтэй ярилцаж байгаа, браузертаа юу хайж байгаа тань, мөн танд юу таалагддаг эсвэл таалагддаггүй гэх зэрэг таны хувийн мэдээллийг хэн ч мэдэх ёсгүй" хэмээн тайлбар хийсэн юм.

Тэгвэл Марк Цукерберг хэрэглэгчдийн хувийн мэдээлэл задруулсан хэргээр Их Британийн парламентын өмнө мэдүүлэг өгөх ёстой байсан ч тэрээр өөрийнхөө оронд Facebook компанийн ахлах менежерийг илгээжээ.

цааш үзэх