Манга зохиолын баатар, шивээс, гэрэлт тууз: Instagram-ын 5 шинэ футурист фильтр
Хагас бодит орчинд суурилсан технологи илүү хүртээмжтэй болж байгаа өнөө үед дизайнерууд ч гэсэн энэхүү технологийн дэвшлээр туршилт хийх болжээ. Жишээ нь төрөл бүрийн сонирхолтой нүүр будалт бүхий фильтрүүд Instagram олон нийтийн сүлжээнд өргөн дэлгэрч байгаа тул бид тэдгээрээс хамгийн өвөрмөц хувилбаруудыг сонголоо. Та дизайнеруудын Instagram хуудсыг дагасан тохиолдолд тэдний зохион бүтээсэн фильтрүүдийг ашиглах боломжтой.
Өө сэвгүй хуванцар
Берлиний уран бүтээлч Йоханна Йасковска хүний нүүрэн дээрх гэрлийн тусгалыг судалсны эцэст хэд, хэдэн фильтр зохион бүтээжээ. Тухайлбал Beauty3000 гэх энэхүү фильтр нь өө сэвгүй гөлгөр гадаргуутай хуванцрын эффект оруулдаг байна. Dezeen сэтгүүл уг фильтрийг "Гэрэл зургийн студид гэрлийн эффектээр туршилт хийж байгаа мэт санагдах болно" хэмээн тодорхойлжээ.
Олон давхарлагаа
Аарон Яблонскийн бүтээсэн Hypermat фильтр нь гэрлийн тусламжтай хэд, хэдэн давхар нүүр бүтээх бөгөөд тэдгээрээс тухайн хүний жинхэнэ царайг олоход хэцүү байх болно. "Орчин үеийн технологи бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь намайг үнэхээр гайхшруулдаг. Мөн технологийн дэвшлийн эрин үе бидний онлайн ба оффлайн мэдрэмжийг хэрхэн өөрчлөх нь надад сонирхолтой санагдаж байна" хэмээн тэрээр хэлжээ.
Гэрэлт туузууд
Инес Альфа байгаль дэлхий болон уран зөгнөлөөс санаа авч энэхүү фильтрийг зохион бүтээсэн байна. Сүүлийн үед тэрээр янз бүрийн тууз, цэцэгсээр фильтр бүтээх болжээ. "Хэзээ нэгэн цагт нүүр будалт хүний сэтгэл хөдлөл эсвэл дулааныг илэрхийлдэг байгаасай гэж би хүсдэг" хэмээн уран бүтээлч бүсгүй хэлсэн юм.
Галт луу
Дизайнер Аллан Бергер фильтр бүтээхдээ уран зөгнөл болон футуризмээс санаа авдаг байна. "Ер бусын байдлаар гэрэлтэж, гялалзаж, хөдөлдөг зүйлс үргэлж намайг гайхшруулдаг" хэмээн дизайнер бүтээлээ тайлбарлажээ.
Гейша робот
"Ghost in the Shell" киноны (эсвэл манга зохиолын) шүтэн бишрэгчдэд программист Матье Эрнстийн зохион бүтээсэн гейша фильтр таалагдана. "Одоогоор би гэрлийн өнгийг гуйвуулж, саатал үүсгэж шинэ фильтр зохиож байна" гэж тэрээр төлөвлөгөөнөөсөө хуваалцсан юм.