Хайх

Хувьслаас хуулбар хүртэл: Instagram хэрхэн өөрчлөгдөв?

Хувьслаас хуулбар хүртэл: Instagram хэрхэн өөрчлөгдөв?

Товч түүх

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ сарын эхээр Instagram-д 24 цаг байрладаг “Story” хэмээх шинэ үйлдэл гарч ирсэн. Тэгвэл энэ нь концепциос эхлээд л Snapchat-ын ижил нэртэй үйлдэлтэй адилхан байлаа. Ингээд бид Instagram-ын түүхийг эргэн сөхөж, анх шинийг санаачилж байсан апп хэрхэн өөрийн өрсөлдөгчийнхөө санааг хуулбарлах болсон тухай дэлгэж байна

Аравдугаар сарын 6, 2010

Instagram-ын анхны олон нийтэд зориулсан хувилбар App Store дээр тавигдлаа. Хэвлэл мэдээллийнхэн түүнийг тэр үедээ л түгээмэл байсан Hipstamatic аппын өрсөлдөгч хэмээн харж байв. Instagram-ын үүсгэн байгуулагч Кевин Систром алсыг харж чадсан бөгөөд "Одоогоор ухаалаг утаснууд өөрийн гэсэн Flickr-гүй байгаа. Ирэх хэдэн жилд зураг дүрсний аргаар харилцах нь асар түгээмэл болно гэж бодож байна" гэж хэлж байсан юм. Гэхдээ үүнд хэдэн жил шаардагдсангүй. Долоо хоногийн дотор Instagram-д 100,000 мянган хүн бүртгүүлж, харин тэр жилийн 12 сар гэхэд хэрэглэгчийн тоо нэг саяд хүрсэн байлаа.

Нэгдүгээр сарын 27, 2011

Instagram яг л Twitter шиг "hashtag" нэвтрүүлж, зураг хайхад амар болов.

Тавдугаар сарын 16, 2011

Тус аппын 1.7 хувилбарт хувь хүний хуудас дээрх зургууд тус тусдаа эгнэсэн байрлалаар харагддаг болсноор эцэс төгсгөлгүй доош нь гүйлгэх шаардлагагүй боллоо.

Долоодугаар сарын 25, 2011

Зураг ба зурвас илгээж, үзсэн даруйд устгагддаг Picaboo нэртэй апп шинээр гарлаа. Энэхүү аппыг хүмүүс "sexting" хийхэд ихээр ашиглах болсон бөгөөд тухайн жилийнхээ намар Picaboo нь Snapchat гэж нэрээ солино.

Есдүгээр сарын 20, 2011

Instagram аппын 2.0 хувилбар гарч, зургуудыг өндөр чанартай хадгалах боломжтой болжээ. Одоо полароид зургийг дууриасан хүрээ ашиглахгүй байх боломжтой.

Арванхоёрдугаар сарын 8, 2011

Apple компани Instagram-ыг жилийн шилдэг аппаар нэрлэлээ. Тэгвэл 2010 онд Hipstamatic апп нь энэхүү өргөмжлөлийг хүртсэн бөгөөд энэ бүх хугацаанд зохион бүтээгчид тус аппыг олон нийтийн сүлжээ болгон хувиргахыг оролдож байсан юм. Яг энэ үед Hipstamatic апп Instagram-ын өрсөлдөгч байхаа больсон байна. Instagram-ын хэрэглэгчийн тоо хэд дахин үржсэн байлаа. 

Хувьслаас хуулбар хүртэл: Instagram хэрхэн өөрчлөгдөв? (фото 1)

Дөрөвдүгээр сарын 3, 2012

Instagram апп Android үйлдлийн систем дээр тавигдав. Android дээр гарч ирснээр Instagram жинхэнэ олон нийтийн сүлжээ болж чадсан байна. Android дээр тавигдсан эхний өдрөө л түүнийг сая гаруй удаа татсан байдаг. Уур нь хүрсэн iPhone-ы хэрэглэгчид #teamiPhone нэртэй аян үүсгэнэ.

Дөрөвдүгээр сарын 9, 2012

Facebook компани Instagram-ыг тэрбум доллараар худалдаж авлаа. Марк Цукербергийн компани хэсэг хугацаанд өөрсдийн гэсэн зургийн апп боловсруулж байсан ч зах зээл дээр оршиж байсан гол тоглогчийг худалдан авах шийдвэр гаргасан байна. Энэхүү худалдааны үнэ анхандаа үнэхээр байж боломгүй санагдана. Учир нь тухайн үед Instagram аппын зах зээлийн үнэлгээ 500 сая доллар байсан юм. Facebook хоёр нугалж төлжээ. Анх Instagram аппыг боловсруулалтын шатанд явж байхад нь 250,000 долларын хөрөнгө оруулалт хийж байсан Andreessen Horowitz компани энэхүү хэлэлцээрээс 78 сая долларын ашиг олно. Энэ хооронд өөрийн хувийн мэдээллээ алдах вий гэж болгоомжилсон параной хүмүүс өөрсдийн хаягаа устгана.

Нэгдүгээр сарын 24, 2013

Twitter өөрсдийн Vine нэртэй зургаан секунд үргэлжлэх видео бичлэг хийдэг апп зохион бүтээлээ. Тэд хагас жилийн дотор 13 сая хэрэглэгчтэй болжээ. Гар утасны аппын ертөнцөд цоо шинэ трендүүд үүсч байлаа. Харин Instagram үүнд аажим, аажмаар дасан зохицохоо больж байсан юм.

Тавдугаар сарын 2, 2013

Одоо Instagram-д оруулсан зургууд дээрээ найзуудаа тэмдэглэж болдог болжээ.

Зургаадугаар сарын 20, 2013

Instagram апп Vine-д хариулт өгч, зургаа биш бүр 15 секундын видео байршуулж болдог болсон юм. Энэ нь Instagram-ын түүхэнд маш чухал үйл явдал болж үлдлээ. Учир нь анх чиг хандлага тогтоож байсан апп одоо тренд дагадаг болов.

Зургаадугаар сарын 24, 2013

Өмнө нь Aperture, Lightroom, Camera Raw зэрэг программуудад залгаас (plugin) хийдэг байсан VSCO компани iOS үйлдлийн системд зориулсан VSCO Cam хэмээх илүү дэвшилтэт филтерүүдтэй зургийн апп гаргалаа. Илүү дэвшилтэт технологи ашиглах дуртай хэрэглэгчид VSCO Cam-аар зургаа янзалж, Instagram-д байрлуулдаг болов. Учир нь тэд Instagram-д найз нөхөд, олон хэрэглэгчидтэй байсан юм. Хэдэн жилийн турш VSCO Instagram-ыг тэдний талбар дээр гүйцэх гэж оролдсон ч, эцэст нь зурагчдын нийгэмлэг болон хувирна. Өнөөдөр энэхүү аппыг сард 30 сая хүн хэрэглэдэг. Цаг хугацаа өнгөрөхөд зураг янзалдаг дэвшилтэт программ Instagram-д өөрт нь нэвтэрсэн юм.

Аравдугаар сарын 3, 2013

Snapchat зөвхөн мессенжер байхаа болилоо. Stories гэх шинэ үйлдэл нь зураг ба видеог өргөн хүрээний хэрэглэгчдэд нийтлэх боломжтой болгосон юм. "Snap" бүр 24 цаг "амьдрах" боломжтой бөгөөд үүний дараа бүр мөсөн устгагддаг.

Арванхоёрдугаар сарын 12, 2013

Instagram Snapchat-д анхны хариултаа өгчээ. Тодруулбал, одоо Instagram апп Direct нэртээ шинэ үйлдэл нэвтрүүлсэн ба хэрэглэгчид бие биедээ хувийн зурвас, зураг илгээх боломжтой боллоо. Одоо уг апп олон нийтийн сүлжээ ба мессенжер гэж бараг л хоёр хуваагдах болсон байна.

Хувьслаас хуулбар хүртэл: Instagram хэрхэн өөрчлөгдөв? (фото 2)

Наймдугаар сарын 27, 2015

Instagram өөрийн үндсэн элемент болох дөрвөлжин зургаасаа татгалзах болсон юм. Учир нь энэ хугацаанд хэрэглэгчид үүнийг хязгаарлалт гэж хүлээн авч байсан ба Instasize аппыг ашиглаж зургаа дахин тохируулах хэрэг гардаг байсан.

Гуравдугаар сарын 15, 2016

Instagram-ын "newsfeed" хэсэг дээр зургууд дэс дарааллаар биш, харин чухал ба хэр олон хүн үзэж байгаа гэдгээрээ харагддаг болсон байна. Энэхүү шинэ үйлдлийг Facebook-ээс санаа авсан юм.

Гуравдугаар сарын 29, 2016

Instagram аппын видеоны хугацаа уртсаж, одоо нэг минут хүртэл үргэлжлэх бичлэг хийх боломжтой.

Тавдугаар сарын 11, 2016

Instagram-ын дизайн эрс өөрчлөгдлөө. Тус апп өөрсдийн логог өөрчилж илүү минималист, цав цагаан загвартай болсон байна. Тэдний шинэ лого цахим ертөнцөд янз бүрийн меме үүсэх гол шалтгаан болсон ч (олон нийт ийм логог сургуулийн сурагч ч хийж чадна гэж үзсэн) төд удалгүй шуугиан намжсан юм.

Зургаадугаар сарын 11, 2016

App Store-д Prisma нэртэй шинэ апп гарч ирсэн байна. Энэхүү апп нь энгийн филтер ашиглахын оронд зургийг агуу зураачдын хэв маягт оруулж байсан юм. Prisma хоёр сарын турш жинхэнэ хит болж, Vinci гэх мэт түүнийг дууриасан олон янзын аппууд гарч ирсэн.

Наймдугаар сарын 2, 2016

Instagram "Stories" нэртэй шинэ үйлдэл нэвтрүүлсэн бөгөөд энэ нь санаанаас эхлээд нэр хүртлээ бараг л тэр чигээрээ Snapchat-ын ижил нэртэй үйлдлийг хуулбарлажээ. Instagram-ын үүсгэн байгуулагч Кевин Систром TechCrunch нийтлэлд өгсөн ярилцлагадаа "Stories" хэсгийн санааг Snapchat-аас авсан гэдгээ нээлттэй хэлсэн бөгөөд ихэнх аппуудад санаа "зээлдэх" нь байдаг л зүйл гэж дурдсан байна.

"Олон нийтийн сүлжээний "newsfeed"-үүд алгоритмын дарааллаар гарч ирдэг болсон бөгөөд үүнийг анх Facebook санаачилж байсан. Тэгвэл Twitter анх бусад хэрэглэгчдийг @ гэж тэмдэглэхийг зохиосон. Hashtag ч гэсэн Twitter-ийн сэдсэн зүйл. Тэр ч бүү хэл, зургийн филтерийг ч Instagram анх зохиогоогүй. Gmail анхны цахим шуудан байгаагүй. Google Maps анхны газрын зураг ч биш. Тэгвэл iPhone анхны гар утас бүр ч биш. Гол асуудал бол чи энэ санаагаараа яг юу хийх гэж байна вэ гэдэгт л байгаа юм. Чи ямар нэг шинэ зүйл нэмэх гэж байна уу? Эсвэл арай өөр чиглэл рүү эргүүлэх үү?" гэж Систром ярьж байлаа.

Instagram-ын үүсгэн байгуулагчийн нүдээр ямар нэгэн муу зүйл харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл зөвхөн "Цахиурын хөндий" ч биш технологийн салбар бүхэлдээ л бусдын туршлагаас суралцаж ирсэн. Гол ялгаа нь гэвэл жирийн нэг хуулбарын хэрэг ийм их анхаарал татдаггүйд л байна. Үнэндээ 500 сая хэрэглэгчтэй аппын шинэ алхам олны анхааралд өртөхгүй өнгөрнө гэж байхгүй. Цаашдаа харин тэд юу хийх бол? Магадгүй яг л хар нүх шигээр шинээр гарсан амжилттай төсөл бүрийг Instagram (үнэн хэрэгтээ Facebook) өөртөө нэгтгэхээр ажиллаж магадгүй юм. Энэхүү бүгдийг өөртөө нэгтгэх гэсэн чанар л өнөөдрийн технологийн магнатуудын мөн чанарыг тодорхойлж байна. 

 

 

цааш үзэх