Одоо Instagram-д шууд дамжуулалтыг өөр хүнтэй хамтарсан байдлаар хийж болно
Өнөөдрөөс эхлэн найзуудтайгаа хамт шууд дамжуулалт хийх боломжтой боллоо
Одооноос эхлэн Instagram-ын хэрэглэгчид өөр хэн нэгэнтэй хамтран шууд дамжуулалт хийх боломжтой болсныг тус олон нийтийн сүлжээний хэвлэл мэдээллийн алба мэдэгдсэн байна.
Энэхүү шинэ үйлдлийг ашиглахын тулд эхлээд Instagram аппаа шинэчлэх хэрэгтэй. Үүний дараа Stories хэсэг рүү орж, яг л урьдын адилаар шууд дамжуулалт хийх болно. Харин дэлгэцийн баруун доод хэсэгт "Add" гэсэн товчлуур гарч ирэх бөгөөд та энэхүү товчлуур дээр дарснаар таны шууд дамжуулалтыг үзэж байгаа хэрэглэгчдээс хүссэн хүнээ сонгон урьж болно. Ингэснээр дэлгэц хоёр хэсэгт хуваагдах ба таны шууд дамжуулалт дэлгэцийн дээд хэсэгт гарч ирэх бол урьсан найзын тань видео доод хэсэгт харагдана.
Одоогийн байдлаар нэгэн зэрэг зөвхөн хоёр хэрэглэгч л шууд дамжуулалт хийх боломжтой байгаа. Мөн та хүссэн үедээ найзынхаа шууд дамжуулалтыг устгаж эсвэл сольж болно. Үүнээс гадна төрөл бүрийн стикерүүдийг ч ашиглах боломжтой. Яг одоо туршаад үзээрэй!