Шинэ нээлт: Калифорнийн старт-ап компани AR технологид суурилсан контакт линз бүтээлээ
CES 2020 үзэсгэлэн дээр туршилтын загвараа танилцуулжээ
АНУ-ын Калифорни муж дахь Mojo Vision старт-ап компани AR технологи буюу баяжуулсан хиймэл дүрслэлийн технологид суурилсан ухаалаг контакт линз бүтээжээ. CES 2020 технологийн үзэсгэлэн дээр танилцуулагдсан уг линз нь 14К пикселийн нарийвчлалтай микро дэлгэцтэй ба зүүж буй хүний эрүүл мэндийн мэдээлэл, цаг агаар, байршил болон бусад мэдээллийг дэлгэцэнд харуулах үүрэгтэй ажээ. Түүнчлэн уг контакт линзэнд зураг таних технологи, хөдөлгөөн мэдрэгч суурьшуулж өгсөн ба мэдээллийг түргэн шуурхай, хэрэглэгчдэд үл саад болох байдлаар хүргэх болно гэдгийг компанийн зүгээс онцолсон байна.
"Маш өргөн хүрээг хамарсан судалгаа, хөгжүүлэлт, туршилт хийсний эцэст шинэ технологио танилцуулж байгаадаа баяртай байна. Энэхүү AR контакт линзийг зүүсэн үед үл үзэгдэх тооцооллын тусламжтайгаар мэдээллүүд хэрэглэгчдэд хүрэх ба орчин тойрон буюу бодит ертөнцөд анхаарлаа хандуулахыг хүссэн мөчид уг мэдээллүүд алга болно" хэмээн Mojo Vision компанийн гүйцэтгэх захирал Дрю Перкинс Designboom сэтгүүлд ярьсан байна.
Түүнчлэн одоогийн байдлаар Mojo Vision компани AR контакт линзний загварыг илүү боловсронгуй болгох тал дээр ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын Хоол хүнс, эмийн захиргааны газраас зөвшөөрөл авах шаардлагатай байгааг онцолсон юм.