Хайх

Аяллын туршлагаасаа хуваалцъя: Хятад руу аялахад анхаарах чухал зүйлс

Аяллын туршлагаасаа хуваалцъя: Хятад руу аялахад анхаарах чухал зүйлс

Text: Т.Номин-Эрдэнэ


Аялал зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцээд оюутан, сурагчдын амралт, ээлжийн амралт давхцаж энэ зун хаашаа аялах вэ гэсэн бодолд дараастай явна уу? Сайн судалгаа, нарийн төлөвлөлт хийж чадвал аюулгүй, ая тухтай амрах дотоод, гадаадын олон маршрут бий. Гэвч тэдгээрээс Хятад руу аялах нь нийгэм, эдийн засаг, хууль дүрэм, соёлын хувьд дэлхийн бусад улс руу аялахаас нэлээд том ялгаатай билээ. Иймээс Монгол, Хятадын хилийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг нээснээс хойш хил давах хүсэлдээ хөтлөгдсөөр Хятадын долоон хотоор аялахдаа анзаарсан зарим нэг чухал зүйлсийг уншигчидтайгаа хуваалцъя. 2019 оноос хойш хатуу хөл хорионы дэглэмд удсан тус улсын нөхцөл байдал, аялал жуулчлалын салбарын зарим асуудлууд ковидын өмнөх үеэс эрс өөр болсныг Хятадад сурч ажилладаг Монголчууд хийгээд өөрсдөө ч онцлон хэлж байсныг дурдах нь зүйтэй.


Хууль нь хатуу улсад тавтай морил

Аяллын туршлагаасаа хуваалцъя: Хятад руу аялахад анхаарах чухал зүйлс (фото 1)

Хятад бол үүргэвчтэй цүнхээ үүрээд, ухаалаг утсаа атгаад хэнэггүйхэн, тааваараа аялчихдаг бусад улс шиг биш гэдгийг илтгэх хамгийн эхний дохио бол хууль дүрмийн чанга хатуу нөхцөл нь юм. Мэдээж дэлхийн бүх улс өөр өөрсдийн хуулийг чандлан сахидаг ч жуулчдыг метро, галт тэрэгний буудал бүрд шалгадаг улс цөөхөн шүү дээ. Тиймээс Хятадын зарим нэг том хотуудаар аялах гэж байгаа бол галт тэрэг, метроны буудлуудад байнга ачаа тээшээ шалгуулах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Онгоцны буудал, хурдны галт тэрэгний томоохон буудлуудад шаардлагатай гэж үзвэл ямар нэг шалтгаангүйгээр таны бичиг баримтыг шалгах эрх цагдаа нарт байдаг учраас биедээ паспортоо авч явахыг зөвлөе. Хэрвээ групп аялал хийж, олуулаа явж байгаа бол нэг дор буюу нэг буудалд хоноглохын тулд цагдаагийн бүртгэл хийлгүүлдэг дүрэм ганц нэг жижиг хотуудад байдгийг мэдэхэд илүүдэхгүй.


"Яст мэлхийн" хурдтай хурдны зам

Аяллын туршлагаасаа хуваалцъя: Хятад руу аялахад анхаарах чухал зүйлс (фото 2)

Хятадын хурдны замын дүрэм маш хатуу бөгөөд эгнээ бүр нь өөр өөр төрлийн автомашинуудад зориулсан цаг болон хурдны хязгаартай. Тухайлбал, жижиг суудлын автомашинууд цагийн хязгаарлалтгүйгээр нэгдүгээр эгнээгээр 120 км/цаг хүртэл хурдалж болдог бол жуулчдын ихээр зорчдог тээврийн автобус хоёрдугаар эгнээгээр өглөөний 5 цагаас оройн 22 цаг хүртэл 90 км/цаг хүртэл, 22 цагаас шөнийн 2 цагийн хооронд 70 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Харин шөнийн 2-5 цагийн хооронд зорчигч тээврийн автобус хурдны замаар давхих хориотой байдаг тул автобуснууд зам дагуух цэгүүдэд саатаж, үүр цайхыг хүлээдэг. Бүх ангиллын тээврийн хэрэгсэлд хяналтын GPS суулгасан байдаг учраас хурд хэтрүүлсэн тохиолдолд хамгийн багадаа 5000 юаниар торгож, жолоочийн онооноос хасаад зогсохгүй гурав дахь удаагаа дүрэм зөрчвөл жолоо барих эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг. Ийм учраас газар нутгийнхаа хэмжээгээр Азид нэгт, дэлхийд дөрөвт орох том улсыг хөндлөн гулд туулахаар зэхэж буй бол автобустай аялал тийм ч тохиромжтой биш юм. Ерөнхийдөө нэг мужийн 2-3 хотоор ойрхон аялах бол автобус сонгож болох ба бусад нөхцөлд хурдны галт тэрэг болон онгоцны билетээ эртхэн захиалж, мөнгө санхүү хийгээд цаг хугацаагаа хэмнэхийг зөвлөе.


Бэлэн мөнгө бол бараг л цаас

Аяллын туршлагаасаа хуваалцъя: Хятад руу аялахад анхаарах чухал зүйлс (фото 3)

Жинхэнэ утгаараа цахим үндэстэн гэж Хятадуудыг л хэлэх байх. Учир нь өндөр технологийн үйлдвэржилт, цахим үйлчилгээ болон төлбөрийн систем ковидын нөлөөгөөр эрчээ авч, улам хөгжсөөр буй. Үүний нэг жишээ нь, Хятадын голлох төлбөр тооцооны хэрэгсэл болох Wechat болон Alipay юм. Хэрвээ энэ хоёр платформыг хэрэглэж мэдэхгүй бол зүдрэх эхлэл тань тавигдах вий. Учир нь Хятадад томоохон их дэлгүүрүүдийг эс тооцвол карт зуруулах гэсэн ойлголт бараг л байхгүйн дээр бэлэн мөнгө хэрэглээнээс улам л холдож байгаа. Та амралт, үйлчилгээний газруудад бэлэн мөнгөөр тооцоо хийсэн ч задгай хариулт өгөх хүн ховор л байх болов уу. Бэлэн мөнгө хэрэглэх нь хариулт мөнгөнөөсөө эхлүүлээд тун төвөгтэй бас хоцрогдмол. Монголчуудын хувьд Хаан, Голомт зэрэг банкнуудын олон улсын карт, мөн олон улсын төлбөр тооцооны union pay картыг түлхүү хэрэглэдэг ч POS машин болон АТМ олох тийм ч амар биш. Бэлэн мөнгө тань дуусчихвал валют солих цэг олох бүр ч амаргүй. Тиймээс Хятад руу явахаасаа урьтаж гар утсандаа Alipay суулгаад, ашиглаж сураарай. Wechat-ын хувьд заавал хятад банкны данстай байхыг шаарддаг. Харин банканд данс нээлгэхийн тулд Хятадад оршин суух тусгай ангиллын эрхтэй байх ёстой учраас хэрэглэх боломж нь хязгаарлагдмал юм. 


Хятад аппликэйшн ба бусад

Дэлхий даяараа Facebook, Instagram-ыг хэрэглэдэг ч Хятадад бол “Wechat ба бусад...” гэсэн сонголт л байдгийг хэн хүнгүй гадарлах байх. Хятад руу аялахад хамгийн төвөгтэй байдаг зүйл бол интернэттэй холбоотой асуудлууд юм. Ганц гар утсанд амьдрал тэр чигтээ багтдаг эрин зуунд амьдарч байгаа учраас амин чухал энэ асуудлыг хялбар шийдэхэд тань тусалж, дараах хэдэн аппликэйшний тухай товч зөвлөмж хүргэе. 


VPN

Хэдий хятад дугаар авч интернэтэд холбогдсон ч гэлээ VPN буюу виртуал хувийн сүлжээ байхгүй бол та зөвхөн wechat болон бусад хятад аппликэйшнийг л ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл та сошиал сувгууддаа нэвтэрч чадахгүйн дээр бүр Google map, Google translation, App store, Google play store ч ашиглах боломжгүй гэсэн үг. Тиймээс Хятадын хил давахаас өмнө анхаарах ёстой гол зүйл бол найдвартай VPN утсандаа суулгах явдал юм. Ингэхдээ 5-10 долларын үнэтэй байдаг төлбөртэй VPN суулгах нь хурдан бөгөөд хугацаа нь урт байх болно. Star, Aox гэх мэт үнэгүй VPN-үүдийг давхар татчихад ч бас илүүдэхгүй.

Монголын үүрэн телефоны компаниудын санал болгодог олон улсад ашиглах дата багцуудаас авбал VPN ч гэхгүй амар боловч 3 ба 7 хоногийн хязгаартай бага датанд өндөр төлбөр төлөх шаардлага үүсдэг шүү.


Google map

Ингээд нэгэнт интернэтийн асуудлаа шийдсэн бол аль болох Google map хэрэглэхгүй байхыг зөвлөе. Учир нь ханз үсгээс шалтгаалж Хятадад Google map бага зэргийн алдаатай заадаг тул төөрөх эсвэл тойруу замаар явж цаг алдахыг хүсэхгүй байгаа бол Baidu map-ийг ашиглаарай. Энэ аппликэйшнийг ашиглаад сурчихвал хүссэн газраа төвөггүй олох боломжтойгоос гадна такси дуудах, автобусанд суух зэрэг нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх асуудлаа нэг зэрэг шийдчихнэ гэсэн үг.


Wechat ба Alipay

Wechat, Alipay бол хятадын гол төлбөрийн хэрэгслүүдээс гадна эдгээр аппликэйшнаар зочид буудал, галт тэрэг, онгоцны тасалбар захиалж, автобус болон метронд суухдаа төлбөрөө хийдэг. Гаднын жуулчдын хувьд Alipay дахь хувийн мэдээллээ баталгаажуулаад, апп дээрх цэсүүдийг хэрхэн ашиглах тухай Youtube хичээл үзчихэд хангалттай. Жишээ нь, хятадын хот бүр нийтийн тээврийн автобусанд ашиглах өөр өөр QR кодтой. Тэдгээрийг Alipay дээрээ татаад суулгах боломжтой байдаг. Alipay-ийг өөрийн гадаад валютын данстай холбож болохоос гадна Хятад дахь монголчууд болон өвөр монголчуудаас юань авч цэнэглүүлдэг арга бий. Мэдээж та хятад банкны данстай бол Wechat, Alipay ашиглах тун амархан.


Agoda, Booking.com ба Trip.com

Дүрмийн дагуу зочид буудал, галт тэрэг, онгоцны билетээ урьдчилж захиалахгүй бол дэлхийн хаана ч үнэтэй. Хятадад ихэнх жуулчид олон улсад өргөнөөр ашиглагддаг Agoda, Booking.com аппликэйшнаар зочид буудлаа захиалдаг боловч энэ нь бодит байдлаас нэлээд үнэтэй тусдаг бөгөөд сонголт ч муу. Тиймээс хятад аппликэйшн ашиглаж буудлаа захиалбал тав тухтай өрөөг хямд олох боломжтой юм. Тухайлбал, хятад аппликэйшнаар захиалсан 300 юанийн буудал ресейпшн дээрээ 500-600 юань байх жишээтэй, найман шаргын ханш шиг л хэлбэлздэг. Хэрвээ хэлний бэрхшээлээс болж хятад аппликэйшн хэрэглэхэд бэрх байгаа бол Trip.com ашиглахыг зөвлөе. Бусад олон улсын захиалгын платформуудыг бодвол Хятад дахь буудлын сонголт болон үнийн хувьд хямд байдаг. Мөн энэ платформоор дамжуулж галт тэрэг, онгоцны тасалбараа доллароор тооцоогоо хийн захиалах боломжтой. 

Хятадын зарим нэг хотууд, тухайлбал Бээжин дэх зочид буудлууд гадаад иргэдийг хүлээн авдаг ба авдаггүй гэсэн хоёр янз байдаг. Учир нь ихэнх зочид буудлууд хятад иргэний үнэмлэх уншуулж байж бүртгэл хийгддэг нэгдсэн автомат сүлжээнд холбогдсон байдаг юм. Тийм учраас дээрх гадаад сайтуудаас буудлаа сайтар харж сонгох, боломжтой бол утсаар холбогдож лавлахад илүүдэхгүй.  


Hello биш Ni Hao

Цар тахлын үеэс хойш Хятадыг зорих олон улсын жуулчдын тоо эрс нэмэгдэхийн сацуу дотоодын аялал жуулчлал түүхэн дээд үзүүлэлтийг тогтоогоод буй. 2018 онд Хятадууд олон улсын аялалд 288 тэрбум ам.доллар зарцуулсан нь дэлхийн аялал жуулчлалын нийт зардлын дөрөвний нэгийг эзэлж байсан бол үүнээс дутахгүй их мөнгөн урсгалыг гадаадын жуулчдаас татан төвлөрүүлсээр байна. Хэдий тийм ч Хятадад англи хэлтэй бол алзахгүй гэсэн дүрэм үйлчлэхгүй бөгөөд томоохон их дэлгүүрийн ажилтан, зочид буудлын ресейпшн, нисэх онгоцны буудлын тодорхой албан тушаалтнаас өөр англи болон бусад хэлээр ярьдаг хүнтэй ховор таарах өндөр магадлалтай. Хятадаар ойр зуур ярьдаггүй жуулчдын хувьд таксины жолооч тойруу замаар явахаас эхлээд ашиггүй худалдаа наймаа хийх, төөрч будилах гэх мэт наад захын асуудлууд тулгардгийг анхаарууштай. Гэвч “Хэлтэй бол хөлтэй” гэдэг ойлголтыг “Дататай бол хэлтэй” гэх шинэ хэлц орлох болжээ. VPN-ээ зохицуулчихсан байхад 5G сүлжээний өндөр хурдны дата ашиглаад орчуулгын программын тусламжтай хэлгүйн зовлонг мартах боломж бас бий.


Цаг агаар ба жижиг соёлын ялгаанууд

Хятадын хойд нутгууд цөлжилт ихтэй, уур амьсгалын хувьд Монгол шиг эрс тэс тул жихүүн салхитай, шороо тоос ихтэй, хүйтэвтэр цаг агаар ноёлох нь бий. Бээжингийн уур амьсгал арай эерүү боловч түүнээс цааш урагшлах тусам илүү ногоон, илүү дулаан, таатай уур амьсгал таныг угтана. Энэ ч утгаараа хятадын хотууд өөр хоорондоо хөгжлийн ялгаа ихтэй. Аль хотуудаар аялахаасаа хамаараад зузаан болон нимгэн хувцас аль алийг нь авч явахыг зөвлөе. Азийн хамгийн том улсын хувьд ази маягийн амьдралын хэв маяг, худалдаа наймааны хэв шинж, урлаг болон хоолны соёл давамгайлах учир тийм ч том хүндрэл үүсэхгүй болов уу. Харин зочид буудлын өрөө болон давхрууд, зоогийн газар гээд ер нь хаа л бол хаана тамхи татаж болдог нь Монголчуудын хувьд аль эрт мартагдсан зуршил байсныг онцолъё. Мөн миний л анзаарснаар ихэнх Хятадууд залгиур хоолойны асуудалтай мэт цэр ихтэй, хаа хамаагүй нус шүлсээ хаях нь адаглаад хоолны дуршил буурахад нөлөөлж байсан билээ. Харин залуус нь өндөр, цэвэрхэн, солонгосжуу стильтэй болсон мэт санагдсан шүү.


Хятадын долоон хотоор аялахдаа анзаарсан зарим нэг зүйлсээ цухасхан дурдахад ийм байна. Хятад бол манайхтай хамгийн ойр орших олон янзын үзэсгэлэнт байгальтай, хөгжлийнхөө хурдаар дэлхийд түүчээлж буй хүчирхэг гүрэн. Хятадын эртний кинон дээр гардаг шиг сүр хүчтэй уулсын үзэсгэлэнг мэдэрье гэвэл Жанжиажие, Гүйлин хотуудаар аялаарай. Дэлхийг тойрсон ч ховорхон үзэх гайхамшигт байгаль тэнд бий. Харин далайн эрэгт тухалъя гэвэл Хайнан, Шиамэн гэх мэт эргийн хотуудаас гадна Хятад улсын хөгжлийн сайхныг мэдэрье гэвэл Шанхай, Хонконг, Гуанжоу, Бээжинг зорих нь оновчтой билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх