Сансар, од эрхэсийн ордонд тавтай морил
Өдрийн цагаар бүх одыг үзнэ
Огторгуйн уудам дахь оддыг харахад ямар билээ? Дуран авайгаар жишээ нь Вега од руу хараалбал тэр яг л очир алмаз шиг сацарсан, гүн цэнхэр өнгөтэй гялалзаж байгаа. Тэнгэрт бидний хувь заяаг ивээн тэтгэн оршиж, гэрэл туяагаараа гийгүүлсээр буй сая сая оддоос 5000 гаруйг нь бид дэлхийгээс харах боломжтой. Энэ бүхний талаарх үнэн зөв, шинжлэх ухааны баталгаат мэдээллийг олгох албан ёсны хоёр газар Монголд бий. Эхнийх нь шөнийн цагаар очих, Богд хан уулан дахь Хүрэл тогоот одон орны оргил ба од, сарыг дурандах хүсэлтэй хүмүүсийн зорих газар юм. Удаах нь өдрийн цагаар зочлох Сансар, од эрхэсийн ордон. Энд хүүхэд, залуучуудад зориулсан гурван танхимд ертөнцийн хамгийн аугаа гайхамшгууд хийгээд Монгол хүн сансарт ниссэн түүхийн үнэт дурсгалууд бий.
Сансар танхим
Хүн төрөлхтөн хамгийн том мөрөөдлөө гүйцээхийн төлөө 2014 он хүртэл 300 гаруй экипаж хөөргөжээ. Тэдэн дотроос Монголын анхны, Ази тивийн хоёр дах, дэлхийн 76 дах сансарын нисгэгч Ж.Гүррагчаа Союз 39 хөлгөөр эрдэм шинжилгээ, сорил туршилтыг амжилттай гүйцэтгэсэн түүх бидний нэгэн бахархал болдог. Сансар танхимын нийт үзмэрийн 60-70 хувийг энэхүү түүхэн нислэгийн жинхэнэ буугч аппарат, сансарын нислэгт бэлтгэж байх үед өмсөж байсан хувцас, хэрэглэл бүрдүүлдэг. Ер нь л Монгол хүн яаж сансарт ниссэн бэ гэдгийг энд ирэхэд л бүтнээр нь ойлгох боломжтой ажээ.
Танхимын баруун ханыг сансарт ниссэн бүх экипажийн, 540 гаруй сансарын нисгэгчдийн мэдээлэл эзлэнэ. Тэдэн дотор нийт 44 эмэгтэй сансарын нисгэгч байх ба БНСУ-ын анхны бас эхний эмэгтэй нисгэгч Соионы түүх хамгийн сонирхолтой. Солонгос улс сансарын гүрэн болох зорилт дэвшүүлэхдээ эхлээд хоёр нисгэгч бэлдээд байжээ. Гэтэл нэгдүгээр нисгэгч эрэгтэй нь ОХУ-ын өндөр зэрэглэлийн нууц материалыг эх орондоо дамжуулах гэж байгаад баригдсан тул Соионд алдар хүнд шилжжээ.
Ж.Гүррагчаа баатар 1977 онд Жуковскийн Агаарын цэргийн академийг төгсөж ирээд 137-р ангид жил гаруй хугацаанд инженерээр ажиллаж байхдаа энэхүү өмсгөлийг өмсөж байжээ. Цагт 2000 км хурдлах, дуунаас хурдан онгоцоор хүн их өндөрт, удаан нисэхэд судасны хана нь өргөсч, хүчил төрөгч нь багасдаг тул түүнээс сэргийлэхийн тулд нисгэгчид ийм бариу хэмжээтэй, тусгай дуулгаар хүчилтөрөгчөөр хангадаг хувцас өмсдөг.
Сонирхуулж хэлэхэд та өөртөө болон хүүхэддээ сансарын нисгэгчийн загвартай хувцас худалдан авахыг хүсвэл АНУ, БНХАУ-д хамгийн олон төрөл, загвараараа худалдаалагддаг байна.
3D кино цаг
Сансар танхим хүмүүс хэрхэн дэлхийгээс гарч, огторгуйн уудамтай танилцсан түүхийг үзүүлэх бол огторгуй ертөнц гэж чухамдаа юу юм бэ гэдгийг 3D кино театрт үзүүлэх найман минутын богино хэмжээний кино бүрэн үзүүлнэ. Кино эхлэхэд Пинк Флоёдын аялгуу эгшиглэж, дэлгэцэн дээр олон мянган од хөвж эхлэх ба хүүхдүүд дуу алдан шагширцгааж, зарим нь өмнүүр нь нисэх мэт одыг гараараа барьж авахыг оролдоно. Товчхондоо их тэсрэлтээс хэрхэн сансар огторгуй үүсч, од, оддын ай яаж бий болсон талаарх шинжлэх ухааны онолуудыг энд энгийн бас ойлгомжтойгоор үзүүлнэ.
Оддын театр