Ч.Чадраабал: Надад ажиллаж үзээгүй дэлхийн нэг ч улс, ямар ч арал байхгүй
Радио спортын од: JT1CO
Монголчууд их сонин хүмүүс. Цөөхүүлээ, улс орны хөгжлийн хувьд тийм ч цойлсон зүйлгүй. Гэвч манайд дэлхийн хэмжээний амжилт гаргасан хүн олон бий. Жудо, боксын тамирчид Олимпийн аваргад өрсөлдөж байхад радио спортоор дэлхийн 340 аралд очиж, олон сая хүнтэй холбоо тогтоосон тамирчин бас байна. Ингэхдээ бидний интернэт холбоо шиг хэдхэн үйлдэл хийгээд хүнтэй холбогдох биш харин олон авдар тоног төхөөрөмжөө таван тивээр зөөж, хамгийн эзгүй зэлүүд газраас дэлхийн өнцөг булан бүрт суугаа радио спортын тамирчидтай холбоо тогтоодог. Хэрэв нэг л өдөр интернэт тасарвал тэд л морзын хэлээр дэлхийн харилцаа холбоог залгуулах хамгийн чухал хүмүүс байх юм. Радио спортоор дөчин жил хичээллэсэн Ч.Чадраабал Зүүн хойд Ази дэх хамгийн том сонирхогчийн радио станцыг өөрийн фермдээ байгуулжээ. Сэлэнгэ мөрний хөвөө дагасан Зүүнбүрэн сумын тэр нутагт усны шувууд хийгээд загас баялаг ба хаа сайгүй алтан тариа халиурч, гурвалжин будааны талбайд олон зуун бүл зөгий бэлчээрлэн байдаг. Тэгсэн хэрнээ Ч.Чадраабалын фермд 20 Gb хурдтай интернэт байх нь гайхалтай.
Анхны радио холбоогоо 1973 онд Хавай аралтай тогтоож, далаад оны сүүлээр янз бүрээр сэрдэгдэж явсан энэ хүн ардчилал ирэхэд аль хэдийнэ олон улсад дотны найз нөхөдтэй болсон байлаа. 1990 онд капитализм Монголд ирж, бүх хүнийг "Аз жаргалаа өөрөө ол" гээд нэг гараанаас суллан тавихад Ч.Чадраабал бизнес болоод орчин үеийн амьдралын чиг хандлагын талаар тэр л найз нөхөдтэйгээ ярилцаж, өөрийн үйл хэргээ эхлүүлжээ. Удалгүй 1995 онд Монголын анхны хэт богино долгионы радио фм 102,5-ыг Ч.Чадраабал байгуулж, Улаанбаатарт цоо шинэ амьдралын хэв маягийг бий болголоо. Хүмүүс шугамын радио биш хөгжим дээр суурилсан чөлөөт ертөнцийн мэдээллийг хүлээн авч, хамтлаг дуучид сонсогчидтойгоо тэр л радио долгионоор холбогдож байлаа. Өнөөдөр Ч.Чадраабал хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж байгаа. Гэхдээ бид энэ удаа түүнтэй зөвхөн радио спортын талаар ярилцах болно.
Та радио спортоор дөчин жил хичээллэж, олон удаа дэлхийн аварга болсон. Энэ бүхний гараа анх яаж эхэлснийг бидэнд ярьж өгөхгүй юу?
Энэ их тохиолдлын шинжтэй. Спортын төв ордны нэг хаалга нээтэл морзын түлхүүр барьчихсан хүүхдүүд сууж байлаа. Хүүхэд байхад их содон санагдсан зүйлээ л сонирхсон байхдаа. Тэгээд л Туул багшийн шавь болж, морз сурч эхэлсэн. Энэ радио спорт дотроо олон төрөлтэй. Жишээ нь дайны үеийн кинон дээр бөөрөнхий антентай машинуудыг тагнуулууд илрүүлдэг шиг тийм төрөл бий. Өөр нэг нь морзоор хэн хурдан, түргэн мэдээлэл хүргэж, минутанд хэдэн тэмдэгт нэвтрүүлэх вэ гэж өрсөлддөг. Дээр нь радио хийж бүтээх тэмцээнд хэн чанартай тоног төхөөрөмж хийж, хурдан угсрахаа шалгаруулдаг. Миний чиглэл бол богино долгионы төрөл. Энэ бол яг л утсаар ярьж байгаа юм шигээр дэлхийн аль ч өнцөгт байгаа хүмүүстэй холбоо тогтоож болдог. Радио спортын амжилтаараа одоо бид Ази тивд маш дээгүүр ордог. Хятадын тамирчдыг урдаа гаргахгүй л гэж үзнэ. Зүүн өмнөд Азийн ямар ч тамирчид энэ богино долгионы төрөлд бидний гаргасан амжилтуудыг үзүүлж байгаагүй. Монголын тамирчид дандаа л нэг, хоёрдугаар байранд ордог. Нэлээн чадварлаг тамирчид Монголд бий болоход дасгалжуулагч Туул багшийн маань хичээл зүтгэл жинтэй хувь нэмэр оруулсан даа. Тиймээс ч олон улсын хэмжээний мастерууд зөндөө төрөн гарсан.
Хүмүүстэй ярих долгионоо хэрхэн сонгодог юм бэ?
Радио сонирхогчдод зөвшөөрсөн хэт богино долгион болон богино долгионууд дээр ажилладаг. Жишээ нь радио спорт сонирхогчдын олон хиймэл дагуул бий. Дэлхийн 20 гаруй улс радио сонирхогчдын хиймэл дагуулыг бага орбитод байрлуулан ажиллуулж байна. Монгол улсад гэхэд нэг ч хиймэл дагуул байхгүй шүү дээ. Би одоо энэ гадаа байгаа антеннаа сар руу харуулж байгаад, саран дээр долгионоо ойлгоод дэлхийн өнцөг булан бүртэй холбогдох боломжтой. Сарыг хиймэл дагуул болгож ашиглаж байна гэсэн үг. Эдгээр богино долгионы антеннууд дэлхийн аль ч өнцөг булан бүртэй холбоо тогтоох боломжоор хангагдсан.
Таных шиг ийм антеннтай хүмүүс олон уу?
Ерөнхийдөө ховор шүү.
Миний хувьд дэлхий дээр ажиллаж үзээгүй ямар ч арал, улс байхгүй. Ганцхан НҮБ-ийн барилгад байгаа тэр нэг станц дээр л ажиллаж үзээгүй байна.
Радио спортын өрсөлдөөний зарчим нь яаж явагддаг юм бэ?
Заримдаа энэ спортыг чинээлэг хүмүүсийн спорт ч гэж нэрлэдэг. Учир нь өрсөлдөөний зарчим нь их сонирхолтой. Дэлхийн арал болон газруудыг радио спортод нэг улс гэж авч үздэг. Жишээ нь АНУ гэхэд Хавай арал болон бусад арлуудтайгаа олон улс болж тоологддог. Тиймээс огт хүнгүй шахуу, цахилгаан, хүнсний нөөцгүй экстрим газар хамгийн ховорт тооцогддог. Марк, зоос цуглуулагчид "Одоо надад ганцхан зүйл дутуу байна" гэдэг шиг 10 сая радио спортын тамирчид тэр бүх онцгой газруудтай холбоо тогтоохыг, мөн өөрөө очихыг хүсдэг. Миний хувьд дэлхий дээр ажиллаж үзээгүй ямар ч арал, улс байхгүй. Ганцхан НҮБ-ийн барилгад байгаа тэр нэг станц дээр л ажиллаж үзээгүй байна. Энэ хүч тамирын спорт биш. Техник спорт. Тиймээс тоног төхөөрөмжүүд асар их үнэтэй. Миний энэ байгуулсан тэмцээний зориулалттай станцыг байгуулах зардал нь олон зуун мянган доллар болдог. Иймээс хүн бүр байгуулах боломж муутай. Харин жирийн богино долгионы станц ажиллуулж радио сонирхогч болох зардал 1000 долларт багтдаг. Хүүхэд, залуус энэ спортоор хичээллэбэл ямар ч мэргэжил эзэмшсэн бай техник сэтгэлгээг хөгжүүлэх чухал ач холбогдолтой. Тийм ч учраас энэ спортыг хөгжингүй орнууд бодлогоор дэмжиж хөгжүүлдэг. Дээр нь бүх насны хүмүүс хичээллэдэг сайхан спорт доо.
Эзгүй арал дээр оччихлоо. Дараа нь яах вэ?
Энэ жилийн арваннэгдүгээр сард би Канарын арал руу дэлхийн аварга шалгаруулах CQWW тэмцээнд оролцохоор явна. Монголоос нэг хүн, АНУ-с гурав, ОХУ-с дөрөв, Румын-с хоёр хүн бүрдээд нэг баг болж явах юм. Дараа нь нэгдүгээр сард Антрактидын Сэндвич аралд очно. Ийм аялалыг DXPEDITION гэж нэрлэдэг бөгөөд долоо хоногоос сарын хугацаатай болдог. Аяллын зардал нь нэлээд өндөр гардаг. Цахилгаан хангамж, тоног төхөөрөмж, ус хүнсээ бүгдийг нь аваад олон удаа дамжин нисч, бас усан онгоцоор аялаж байж ертөнцийн "хязгаар"-т ирдэг. Тэгээд ажиллах хугацаандаа хэдэн тивийн, хэдэн улсын, хэдэн мянган хүнтэй холбоо тогтоосон бэ гэдгээрээ амжилт хэмжигдэнэ. Дэлхийн хэмжээний амжилт үзүүлэхийн тулд тамирчид техникийн маш өндөр ур чадвартай, асар сайн сонсголтой байх хэрэгтэй.
Та 40 гаруй жилд, амьдралынхаа талыг энэ радио станцын өрөөндөө өнгөрөөсөн гэхээр таны хамгийн гол амжилтууд юу, юу байх вэ?
Давхардсан тоогоор бол би хэдэн сая хүнтэй холбоо барьсан. Арлыг улс гэж тоолоод үзвэл 340 улстай холбоо тогтоожээ. Дунд долгион буюу 160 метрийн долгион дээр холбоо барих хэцүү төрлөөр дэлхийн бүх радио сонирхогчдын бүстэй харилцсан байгаа. 2012 онд бид багаараа Коста Рикагаас Дэлхийн аварга болсон. Японоос зохион байгуулдаг дэлхийн чанартай тэмцээнүүдэд тэргүүн байруудад тогтмол орж байна. Жил бүрийн арга хэмжээнүүдийг технологийн гол алдартай компаниуд болох Америкийн Elcraft, Японы ICOM, YAESU, KENWOOD зэрэг компаниуд ивээн тэтгэж, хамгийн шилдэг тамирчдыг олон арлуудад очих тэр үнэтэй экспедицүүдэд явуулдаг. Чадварлаг тамирчдыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулахад Монголын тамирчин багтдаг гэхэд л би их бахархалтай байдаг юм.
Очсон орнуудаас хамгийн хол нь, бас онцлох сэтгэлд үлдсэн газруудаасаа дурдахгүй юу?
Карибын тэнгисийн, Куба, Гайти, Доминикан улс руу явахад хол байдаг. Хойд мөсөн далайг давж Канад, тэгээд Америкийн баруун эргээс нь зүүн эрэг хүрнэ. Тэндээсээ урагшаа дахин нисээд нийт зургаа дамжиж очдог. Би Номхон далайн улсуудад очих их дуртай. Тэнд л хүн хүнээрээ үлдсэн байх. Баруун Самау гэж улс миний сэтгэлд хамгийн онцгой санагдсан. Нэг найз маань намайг гэртээ урихад нь би их сайхан газар очих юм байхдаа гээд очтол ердөө л дээвэр угтаж авсан. Ямар ч хана туургагүй бүх юм нь ил харагдана. Хүмүүс нь ердөөсөө мөнгөнд дурладаггүй. "Баярлалаа" гээд тавин доллар өгөхөд авах ч үгүй. Монголд хүн сэтгэл гэж байлаа. Яг түүнийг санагдуулам сэтгэгдэл төрүүлдэг газар. Нөгөө талаар гэвэл энэ тийм ч амарч, зугаалаад явдаг тэмцээн биш. Арабын улсуудад болсон экспедицийн үеэр тамирчид барьцаалагдаж байсан түүх ч бий. Би Сванс арал дээр 20 хонохдоо мах идэхгүй, загас ногоогоор хооллоод 24 кг турсан удаатай. Йемен улсад бид анх удаа албан ёсны эрхийг нь авч очоод багаараа 120 мянган хүнтэй холбоо тогтоож байлаа. Энэ аялал бусад аяллаас хүнд хэцүү, аюултай, эрсдэл өндөртэй байсан. Тиймээс дэлхийн радио сонирхогчдын анхаарлыг татсан даа.
Интернет эсвэл үүрэн холбоонд хамгийн гол мэдээллийг даатгах ёс байхгүй.
Радио холбоо одоо хэр ач холбогдолтой вэ?
Радио спорт анх шүхэр, буудлагын спортын адил цэрэг армийн зориулалттай бий болсон. Монголын арми байгаа цагт радио спортын тамирчид үргэлж байх болно. Учир нь одоо хүртэл цэргийн холбоонд морз ашиглан мэдээгээ дамжуулдаг. Интернет эсвэл үүрэн холбоонд хамгийн гол мэдээллийг даатгах ёс байхгүй. Жишээ нь Оросоос орж ирж байгаа шилэн кабель тасрахад л Монгол улс тэр чигээрээ интернетгүй болно. Тэгэхээр энэ богино долгион гэдэг бол ямар ч үед найдвартай холбоо барих хэрэгсэл юм. Мөн залуусыг техник сэтгэлгээтэй болгох, технологийн дэвшлийг Монгол Улсад нутагшуулах зэрэг ач холбогдол өгөх байх гэж бодож байна. Техник спортыг зөвхөн хөгжингүй орнууд тэргүүлэхгүй гэдгийг монголын радио спортын тамирчдын амжилт харуулсан.
Залуучууд үүгээр суралцаж, сонирхохын давуу тал хэрхэн илэрдэг бол?
Энэ чинь бол ерөөсөө л компьютерын техник. Тийм ч учраас орчин үеийн интернэт, мэдээллийн эрин зуунд маш хэрэгтэй спорт. Өмнө нь Залуу техникчдийн ордонд өсвөр үеийн техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор улсаас их анхаарал тавьдаг байлаа. Одоо энэ Мобиком, Скайтелд ажиллаж байгаа инженер техникийн бүх ажилчдын 90 гаруй хувь нь яг тэр үед Залуу техникчдийн ордон, Пионерийн ордноос бий болсон мэргэжилтнүүд шүү. Хүүхэд байхаас нь техник сэтгэлгээ, сонирхлыг нь бий болгосны учраас тэд одоо мэргэшсэн инженер болсон.
Та дэлхий тойрон явахдаа буух буудлаа хэрхэн сонгодог вэ?
Экспедиц болдог арлууд дээр буудал битгий хэл хүн ч байхгүй л дээ. Тэгэхдээ би бас өөртөө санаа тавьж сайхан буудалд буух сонирхолтой. Сая би Сишель гэдэг улс явахдаа Туркийн Станбул хотын Сарай гэх Кэмпински зочид буудлын нэг салбарт буухад үнэхээр хааны ордонд ирсэн юм шиг санагдсан.
Дэлхийн өвөрмөц газар бүхэнд очсон хүнээс хамгийн амттай хоол хаана байв гэж асуухгүй өнгөрч болохгүй байх.
Хоккайдогийн хар үхрийн маханд би үнэхээр дуртай. Биед нь массаж хийж, Саппоро шар айргаар тэжээсэн тэр үхэр өөх, мах нь алаглан тэнцсэн байдаг болохоор аманд орохдоо шоколад шиг хайлдаг. Амт нь ч гэсэн яг л шоколадтай зүйрлэм.
Хамгийн сүүлд сонирхоход одоо таны хамгийн хайртай зүйл юу вэ?
Хүний хөлд салхи орно гэж ярьдаг шүү дээ. Үргэлж явсаар байгаад л жар хүрлээ. Дэлхийн 120 орноос гадна би монголын бүх сүм, бригадаар явжээ. Өөрийгөө ингэж их явсны буянд амьдарч байна гэж боддог. Өнөөдөр би хөдөө аж ахуйн бизнес эрхэлж байна. Хотод өөр салбарууд бий л дээ. Тэгэхдээ энд юу нь сонихолтой вэ гэхээр хүнтэй харилцах шаардлагагүй, байгальтайгаа л харьцана. Газартайгаа ярилцана, тэрнээс гуйна. Ёстой л хөх тэнгэрээсээ гуйж байж амьдарч байгаа салбар шүү дээ. Тийм болохоор би хөдөө аж ахуйн салбартаа хайртай.