Александр Ванг
- Улс:АНУ
- Салбар:Загвар зохион бүтээгч
Айлын гурван хүүхдийн бага нь болох Александр Ванг Сан-Франциско хотод төржээ. Түүнийг 10 настай байхад эцэг, эх нь Хятад руу буцсан ба тэр өөрөө АНУ-д үлдэн, Калифорнийн нэгэн сургуульд оржээ. Тэрээр 1999 онд Лондон хотын Гэгээн Мартины нэрэмжит Урлаг Дизайны Төв Коллежийн зуны курст суралцжээ. Дараа нь өөрийн анхны цуглуулгаа 35 загвартай гаргаж, түүнийгээ том ахынхаа хурим дээр үзүүлжээ.
Александр Ванг 2002 онд Нью-Йоркийн Парсоны дизайны сургуульд элсээд, хичээлийн бус цагаар Barneys их дэлгүүрийн гутлын тасагт ажиллах болов. Улмаар 2005 он гэхэд тэрээр Mark Jacobs, Derek Lam брэнд болон Teen Vogue, Vogue сэтгүүлүүдэд дадлага хийгээд амжсан байлаа. Ванг их сургуулиа хаяж, оронд нь дөрвөн загвараас бүтсэн ноолууран цамцны жижиг цуглуулга бүтээсэн нь Нью-Йоркийн наймаачдын дунд эрэлт ихтэй том хит болсон юм. Тэдгээр цамцнууд нь The New York Times, Vogue сэтгүүлүүдэд нийтлэгдэж, олны анхаарлыг түүн рүү татаж чаджээ.
Александр Ванг 2007 оны Нью-Йоркийн загварын долоо хоног дээр анхны гараагаа хийсэн юм. Дараагийн жилд нь тэр Uniqlo брэндийн "Invitation Project" хөтөлбөрт оролцов. Энэхүү хамтын ажиллагаагаар гарсан түүний хувцаснууд Токиод 30 минутын дотор зарагдаж дуусчээ. Тэр жилдээ Александр Ванг CFDA /Vogue Fashion Fund шагнал хүртсэн байдаг.
Түүний нэрийн "Alexander Wang" худалдааны тэмдэг нь 2009 онд илүү өргөжиж, спортын T by Alexander Wang, эрэгтэйчүүдийн хувцас ба аксессуарын хэд, хэдэн салбартай боллоо. Мөн түүнийг Америкийн Загварын Дизайнеруудын Зөвлөлөөс «Ажлын гараагаа эхэлж буй жилийн шилдэг дизайнер» хэмээн тодорхойлов. GQ сэтгүүл 2011 онд Вангийг "Эрэгтэй хувцасны шилдэг шинэ дизайнер" хэмээн өргөмжлөв. Дараа нь Александр Ванг арьсан эдлэлийн цуглуулга танилцуулсан ба тэдгээр загвараараа Америкийн Загварын Дизайнеруудын Зөвлөлийн гурван номинацид шилдэгээр тодорчээ. Balenciaga ордны бүтээлч захирал Николя Жескьер 2012 онд ажлаа орхисны дараа түүний суудалд Александр Ванг томилогдсон юм. Карл Лагерфельд, Альбер Эльбаз, Донателло Версаче, Изабель Маран зэрэг шилдэг дизайнеруудын араас тэрээр 2014 онд Шведийн H&M брэндэд зориулан цуглуулга бүтээсэн байгаа. Өнгөрсөн 2015 онд Александр Ванг Balenciaga брэндийн бүтээлч захирлын суудлаа Демна Гвасилияд шилжүүлж, өөрийн нэрийн брэнддээ төвлөрч ажиллахаар болсон. Товчхондоо түүний загварын ертөнцөд өнгөрүүлсэн эхний арван жил амжилт бүтээлээр дүүрэн өнгөрсөн юм.
Бусад
А-Я Бюро 24/7
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт