Б.Ялгуун
- Улс:Монгол
- Салбар:Загвар
Биеийн өндөр: 177 см Биеийн харьцаа: 84/60/88
Олон улсад багагүй туршлага хуримтлуулж чадсан Монголын шилдэг моделиудын нэг Баярхүүгийн Ялгуун нь 1996 оны гуравдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн юм. Тэрээр таван настайгаасаа жүжигчин болох мөрөөдөлтэй байсан ч ахлах ангидаа найзынхаа санаачилгаар загварын агентлагт нэг күрс дүүргэснээр анх энэ салбарт хөл тавьжээ. Гэхдээ тухайн үед загварт төдийлөн сонирхолгүй байсан Б.Ялгуун удалгүй Токио хотын Mercedes Benz Fashion Week-ийн хүрээнд дизайнер Ариунаа Сүригийн шоунд оролцох мөчид энэ салбарт дурласан аж. Тэр цагаас хойш тэрээр Тайланд, Өмнөд Солонгос, Сингапур, Хонг Конг, Индонези, Турк, Грек, Итали улсуудад амьдарч, ажиллаж үзсэн бөгөөд анх 19 насандаа Хонг Конгдоо нэр хүндтэй Jessica сэтгүүлийн нүүрэнд гарч олон улс дахь амжилтын гараагаа эхлүүлсэн юм. Ингээд 2017 онд Б.Ялгуун Италийн Marco de Vincenzo брэндийн pre-fall 2017 цуглуулгын каталогийн зураг авалтад оролцож, тус жилийн гуравдугаар сард Миланы загварын долоо хоногийн хүрээнд Италийн Stella Jean, Гүржийн Situationist брэндүүдийн тайзнаа алхсан билээ.
Үүнээс гадна Б.Ялгуун Индонезийн Elle, Harper`s Bazaar, Cosmopolitan зэрэг сэтгүүлүүдийн зураг авалтад оролцож, Сингапурт зохиогдсон Chanel-ын тайзнаа гарсан туршлагатай. Харин Монголд модель бүсгүйн оролцоогүй томоохон загварын шоу, төлөөлөөгүй дотоодын брэнд гэж бараг л үгүй билээ.
Загвараас гадна Б.Ялгуун Монгол орноороо аялах, усан спортоор хичээллэх, ном унших, deep house жанрын дуу сонсох дуртай бөгөөд ирээдүйд явган аялал хийхийг хүсдэг. Тэрээр хоолны дэглэм баримталдаггүй ч, биед шаардлагатай шингэний хэмжээг алдагдуулахгүйн тулд үргэлж ус уухаа мартдаггүй. Хувцаслалт болоод арьс арчилгааны хувьд ч мөн энгийн байдлыг эрхэмлэж, нүүр цэвэрлэгээ ба чийгшүүлэлтэнд түлхүү анхаардаг байна.
Б.Ялгуун одоогоор Сингапурын 3mmodels ба IMG Models Worldwide агентлагуудад харьяалагдан ажиллаж байна.
Бусад
А-Я Бюро 24/7
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт