Хайх

М.Цолмандах

М.Цолмандах

  • Улс:Монгол
  • Салбар:Загвар
Tsolo Munkh брэндийн үүсгэн байгуулагч ба бүтээлч захирал Мөнхийн Цолмандах нь Монголын орчин үеийн загварын салбарт олон зүйлсээрээ анхдагч болж чадсан дотоодын чадварлаг дизайнеруудын нэг юм. Гар ажиллагааны "муляж" аргачлалаар загваруудаа урладаг тэрээр өөрийн хар бараан өнгийн, авангард хэв маягаараа алдартай. Гэхдээ түүний загваруудыг хаанаас нь ч харсан монгол уур амьсгал илэрч байдаг нь дизайнерыг бусдаас онцгой болгодог гол хүчин зүйлсийн нэг билээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Д.Мөнхийн охин тэрээр анх биеийн тамирын багш ээжээсээ үлгэр дуурайлал авч, циркчин болох эсвэл аавынхаа гишгэсэн мөрөөр замнаж, дүрслэх урлагийн чиглэлээр сурах хоёрдмол байдалтай тулгарч байсан. Гэвч эцэст нь Цоло Мөнх Парисын хувцас загварын ертөнц рүү цойлон гарч ирсэн, амжилт амталсан зүрх болсон юм.

Францын хувцас загварын сургуулиуд дотроо сор нь болсон L'Atelier Chardon Savard их сургуулийг 2009 онд төгссөн М.Цолмандах тун удалгүй Tsolo Munkh брэндээ үүсгэн байгуулсан. Эртний монгол эмэгтэйн хувцас, буддын лам нарын өмсгөл болон бөө, цамын манжлага гэх зэрэг үндэсний хив шинжийг орчин үеийн авангард загварт оруулах шийдэл Цоло Мөнхийн нэрийн хуудас болсон гэж хэлж болно. Дизайнер брэндийнхээ үүд хаалгыг нээснээс хойш Парисын загварын долоо хоногт оролцсон, Encens, Jalouse, Schon! ба Marie Claire сэтгүүлүүд дээр өөрийнхөө загваруудаар онцлогдсон томоохон амжилтууд гаргаад амжсан. 2013 оноос эхлэн улирлын цуглуулгуудаа тасралтгүй гаргаж эхэлсэн М.Цолмандахын загварууд одоогоор Америк, Европ, Ази ба Ойрх-Дорнодын 24 дэлгүүрт борлуулагдаж байгаа.

цааш үзэх