Анна Винтур
- Улс:АНУ
- Салбар:Медиа
Америкийн Vogue сэтгүүлийн ээлжгүй ерөнхий редактор Анна Винтур 1949 онд Лондон хотноо төрсөн. Түүний аав нь London Evening Standard сонины эрхлэгч байжээ. Анна өсвөр наснаасаа загвар, сэтгүүл зүйг ойлгож ирсэн бөгөөд сонинг залууст хэрхэн сонирхолтой болгох талаар аавдаа зөвлөдөг байв. Сургуулийн дараа тэрээр Лондонгийн нэгэн дэгжин хувцасны бутикт ажиллаж эхэлсэн ч түүний сонирхол сэтгүүл зүйн салбар руу татагдаж байв. Түүний анхны гараа Harpers&Queen сэтгүүлийн загварын албаны туслахаар эхэлсэн бөгөөд ажлаа сайн хийж байсан тул карьерын шатаар хурдтай өгсчээ. Гурван жилийн дараа Винтур ерөнхий редакторын орлогчоор томилогдов. Гэвч шинэ редактортай зөрчилдсөн нь гэрээгээ цуцлах шалтгаан болсон юм. Үүний дараа Анна Винтур Нью-Йоркийг зорьлоо. Тэнд Harper's Bazaar, Savvy, New York сэтгүүлүүдтэй хамтарч байлаа. Ингээд Винтурын мөрөөдөл биелэн америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редакторын тушаалд 1988 онд томилогджээ. Тэр цагаас хойш сэтгүүлийн ээлжгүй ерөнхий редактор, дэлхийн загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүн болж чадлаа.
Олноос онцгойрох ер бусын мэдрэмжтэй, өөрийн санаагаа батлахын төлөө тууштай тэмцдэг чанар Анна Винтурыг тодорхойлох гол зүйлс юм. Эдгээр зан чанар нь түүнийг удирдлага болон хамтран зүтгэгч нартай нь нэг биш удаа сөргөлдүүлж байв. Эсрэгээрээ мөн тэр л зан чанар нь түүнийг асар их амжилтанд хүргэхэд хөтөлжээ. Загварын ертөнцөд Анна Винтур нэг хүний дарангуйллын арга барилтай ажилладаг. Хамтран ажилладаг хүмүүсээс тэр бүх хүчээ гаргахыг шаардаж, харин өөрөө бүгдийг хянадаг. Удирдлагын ийм хатуу технологи нь Аннад "Atomic Winter" буюу «Цөмийн өвөл» хочийг авчирчээ. Мөн тэрээр олон жил өөрчлөөгүй "Боб" стилийн үс засалт, байнга зүүдэг Chanel-ын том нарны шилээрээ алдартай.
Анна Винтурын туслах байсан эмэгтэйн бичсэн «Prada өмсдөг чөтгөр» ном 2003 онд хэвлэгдэн гарсны дараа Анна Винтур олонд илүү сайн танигдах болжээ. Хожим нь тэрхүү номоор нь кино хийгдэж, гол дүрийг нь Мерил Стрип бүтээсэн. Тоглоом шоглоом даадаг, өөрийгөө элэглэх мэдрэмжээ харуулан Анна Винтур уг киноны нээлтэнд ирэхдээ Prada брэндийн хувцсаар гоёсон байлаа. Тэгэхдээ Анна Винтурыг болон америкийн Vogue сэтгүүлийг "September Issue" баримтат кино илүү бодитойгоор харуулсан юм.
Анна Винтур сэтгэл зүйч Дэвид Шэффертэй 15 жилийн турш ханилж байгаад 1999 онд гэр бүлээсээ салснаасаа хойш хөрөнгө оруулагч Шелби Брайантай хамт амьдрах болжээ. Анна хоёр хүүхэдтэй бөгөөд хүүг нь Чарли, охиныг нь Шэффер гэдэг.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт