Хайх

О.Наранбилэг

О.Наранбилэг

  • Улс:Монгол
  • Салбар:Гоо сайхан / Загвар

Anara's Make Up студийн үүсгэн байгуулагч Отгонбаатарын Наранбилэг 1979 онд Улаанбаатар хотод төржээ. Наранбилэг 77-р дунд сургууль, СУИС-ын харъяа Дизайн Урлагийн Дээд Сургуулийг хувцасны зураач, загвар зохион бүтээгч мэргэжлээр дүүргэсэн ч өдгөө загварын салбарын хамгийн гол нүүр хувиргагчаар ажиллаж байна. Дунд сургуульд байхдаа дэвтрийнхээ араар дүүрэн хөрөг зураг зурах дуртай байсан тэрээр багадаа урлагт, тэр дундаа загварын салбарт ажиллаж, загвар зохион бүтээгч юм уу стилист, эсвэл нүүр хувиргагчаар ажиллана гэсэн мөрөөдөлтэй байжээ.

О.Наранбилэгийг анх өвөрмөц ба идеал дүр төрх гэсэн сэдэв хөглөж, нүүр будалтын чиглэлээр суралцахад хүргэсэн байна. Гоо сайхны компанид 2002 оноос ажлын гараагаа эхлүүлсэн О.Наранбилэг ОХУ дахь Beauty Academy-д дөрвөн удаа мэргэжил дээшлүүлж суралцсан нь түүнд нүүр будалт, арьс арчилгааны талаарх үндсэн туршлага нь болжээ. Энэ туршлагадаа үндэслэн олон нийтийг хамруулсан сургалт явуулдаг байсан тэрээр 2009 оноос эхлэн загварын чиглэлээр ажилласан юм. Эхэн үедээ гэрэл зургийн төрлийг түлхүү сонирхож, March Nine Media студитэй хамтарснаар Наранбилэгийн бүтээлч ажлууд олон нийтийн хүртээл болж эхэлсэн билээ.

Өнөөдөр О.Наранбилэгийн бүтээлч ажлуудыг жагсаавал Говь, Yamá, ГОЁО брэнд, Торго, Michel & Amazonka зэрэг маркуудын загварын шоуны нүүр хувиргалт болон Monalun, ARIUNA SURI, Muse Art House, KiDULT/93 гэх мэт Монголд хувцас загварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олонх уран бүтээлчдийн сурталчилгааны зураг авалтыг хариуцан ажилласан арвин түүх бий.

Цаашдаа О.Наранбилэг Монголдоо төдийгүй гадаадад загварын чиглэлээр ажиллах чадвартай багийг бүрдүүлэх мөрөөдлөө бодит болгохоор ажиллаж байна.

цааш үзэх