Хайх

Ч.Янжиндулам ба Ч.Нямханд

Ч.Янжиндулам ба Ч.Нямханд

  • Улс:Монгол
  • Салбар:Загвар

Монголын загварын ертөнцийн сэргэн мандалтанд Michel & Amazonka брэнд цоо шинэ өнгө төрх авчирсан юм. Үндэсний хэв маягтай хэрнээ орчин үеийн, романтик өнгө аястай тэдний загварууд хаанаас ч харсан танигдам болж, олны сэтгэлийг аль хэдийн булаажээ.

Michel & Amazonka брэндийн бүтээлч захирал болох эгч дүү дизайнерууд хоёулаа арслангийн ордонд төрсөн байдаг. Мишээл буюу Чойгаалаагийн Янжиндулам 1986 оны долоодугаар сарын 27-нд төрсөн бол дүү Нямханд нь 1988 оны долоодугаар сарын 31-нд төрсөн байна. Мишээл арван жилийн 75-р сургуулийг, Нямханд 18-р сургуулийг дүүргэсний дараа тэд хоёулаа Урлах Эрдэм дээд сургуульд загвар зохион бүтээгч мэргэжил эзэмшжээ. Мишээлийн хувьд анх Versace брэндийн загварын шоуг үзээд, Хүүхдийн ордны загвар зохион бүтээх дугуйланд суралцахаар шийдсэн бол Нямханд багаасаа ямар нэгэн юм шинээр хийж бүтээх дуртай хүүхэд байжээ. Тэгэхдээ Нямханд ээж, аавынхаа саналаар Хүмүүнлэгийн ухааны их сургуульд хэсэг хугацаанд герман хэл үзсэн боловч хүсэл мөрөөдлөө даган дизайнераар суралцахаар шийдсэн байна.

Эгч дүү дизайнерууд 2013 онд Michel & Amazonka брэндийг үүсгэн байгуулсан ба богино хугацаанд маш олон цуглуулгыг амжилттай танилцуулсан. Тэдний цуглуулга бүр тодорхой сэдэв, онцлох хэв маягтай байдаг бөгөөд "Unique", "Salvador Dali", "Made in Mongolia", "Paradise", "Evolution" зэрэг нэртэй гарсан нь уран бүтээлийнх нь амин сүнсийг илүү тодруулж өгдөг юм. Тэд мөн Монголын загварын ертөнцөд бүтээлч байдлыг дэлгэрүүлж, олонд таниулах зорилгоор өөрсдийгөө сорин 2018 онд сар бүр шинэ капсул цуглуулга гаргасаар байгаа. Michel & Amazonka брэндийн загваруудаас үргэлж гар урлал бүхий нарийн ажиллагаа мэдрэгддэг бөгөөд үндэсний хэв маягаа хэзээ ч орхигдуулдаггүй гэдгээрээ онцлог. Хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж ханддаг байдал нь тэдний амжилтын үндэс болж, хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн загваруудынх нь бүтээлч санааг өдөөдөг байна.

Мэдээж Michel & Amazonka шууд л амжилтанд хүрээгүй бөгөөд зарим нэгэн саад бэрхшээлтэй учирч байлаа. Өөрсдийн нэрийн брэндийг үүсгэн байгуулаад дөнгөж нэг жил болсны дараа тэд 2014 онд Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцохоор шийдэж, тайз засал, уран бүтээлчдийн зардлыг нь төлөх гэрээ хийжээ. Гэвч гадаадад загварын долоо хоногт оролцох зардал хэт өндөр гарна гэдгийг төсөөлөөгүй ба тухайн үед нь ивээн тэтгэгч олдоогүй тул тодорхой хэмжээний санхүүгийн хохирол хүлээжээ. Тэрхүү алдагдал нь бүхэл бүтэн цуглуулгын үнэ цэнээр төлөгдөж, дараагийн шинэ цуглуулга хийхдээ хөрөнгө оруулалтыг шинээр хайхад хүргэж байсан юм. Энэ сургамж нь тэдэнд "Том пирамидын оргил рүү шууд үсрэх биш доод сууринаас нь алхам алхмаар ойртож хүрэх хэрэгтэй гэдгийг ухааруулсан" гэж эгч дүүс ярьдаг.

Michel & Amazonkа брэндийн дизайнерууд цаашдаа уран бүтээлчдийнхээ хамтаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болохын төлөө тууштай ажиллаж байна. Тэдний энэ зорилгыг биелүүлэхэд монгол хувцасны баялаг өв уламжлал, шинийг бүтээх эрмэлзэлтэй залуу үе дэм болно гэж дизайнерууд үздэг юм. Нөгөө талаар загварын салбарт бусдын уран бүтээлийг хуулбарлах, ижил төстэй загварууд гаргах тохиолдол элбэг байдаг нь тэднийг цаашдаа улам бүр шинэ зүйл гаргах суурь болдог аж.

Michel & Amazonka брэнд Buro 24/7-гийн уншигчдынхаа дунд явуулсан санал асуулгын үр дүнд 2016 оны шилдэг дизайнераар нэрлэгдэж байсан билээ. Тэд одоо Mонголын Мэргэжлийн Дизайнеруудын Холбоонд харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

цааш үзэх