Үнэртэй усанд дурлагcдад зориулсан 12 зөвлөгөө

Үнэртнийг зуун хувь ашиглах нь

Хамгаас хайртай үнэртэй уснаасаа хэрхэн максимум таашаал авах, гар доорх бэлэн сүрчигнүүдээ ашиглан хэрхэн шинэ үнэр бий болгох, мөн сүрчигний хоосорсон савыг юунд ашиглаж болох талаар танд хэрэгтэй жижиг зөвлөгөөнүүдийг хүргэж байна

- 1 -

Унтахаасаа өмнө дэрэндээ лаванда цэцэг, гаа, ваниль гэх зэрэг зөөлөн, тайвшруулах увьдистай үнэртэн цацвал та хурдан гүн нойронд умбах болно.

- 2 -

Нэрийн хуудсандаа дуртай сүрчигээ шингээж, сайхан үнэр хүмүүст илгээгээрэй. Нэрийн хуудсыг тань хүлээж авах хүний сонирхлыг та тааж чадахгүй тул аль болох нийтлэг үнэртэй (жишээ нь модны үнэр) сүрчиг сонгох нь зохистой.

- 3 -

Таны хайртай сүрчиг дуусч байвал сэтгэлээр бүү унаарай. Үлдэгдэл сүрчгийг саармаг үнэртэй биеийн тос руу шилжүүлэхийг санал болгох байна. Ингэснээр хайртай үнэр тань таныг баярлуулсаар байх болно.

- 4 -

Хэрвээ та нэгэн зэрэг олон төрлийн сүрчиг хэрэглэж, өвөрмөц үнэр бий болгохыг зорьж байвал юуны түрүүнд хамгийн хүнд ба хурц үнэрийг өөртөө цацаарай. Дараа нь илүү хөнгөн, зөөлөн үнэр цацаж, үр дүнд нь олон давхар, онцгой аяс гаргаж аваарай.

- 5 -

Арьсандаа санаандгүй эсвэл санаатайгаар (шинэ үнэр гаргаж авах туршлага бүтэлгүйтсэн гэх мэт) таагүй үнэр цацчихсан бол будаг арилгадаг зориулалтын шингэнээр арилгаарай. Энгийн ус ба саван нь тэрхүү үнэрийг арилгаж дийлэхгүй байж мэднэ шүү.

- 6 -

Хэрвээ та хуурай ба гэмтэлтэй үстэй бол үсэндээ спирт агуулсан сүрчиг цацахаас зайлсхийгээрэй. Үүний оронд сүрчгээ самандаа цацаж, дараа нь түүгээр үсээ самнаарай.

- 7 -

Сүрчгээ шууд арьс руугаа биш, харин агаарт цацаж доор нь эргэлдэж өөртөө шингээх дуртай бол энэ үйлдлээ чийгтэй үстэйгээр хийгээд үзээрэй. Ингэснээр сүрчгийн үнэр илүү удаан тогтох болно.

- 8 -

Та үнэртнээ судасны цохилттой газар түрхэж хэрэглэдэг бол тэр цэгүүд дээрээ вазелин түрхээрэй. Сүрчгийн үнэр илүү тод ялгарч, удаан тогтоно.

- 9 -

Сүрчгийг ер нь шүршүүрт орсны дараахан хэрэглэх нь зүйтэй. Учир нь чийгтэй арьсанд үнэр илүү сайн шингэж, удаан тогтдог юм. Түүнээс гадна ингэснээр та хувцас болон гоёл чимэглэлээ спиртийн хорт нөлөөнөөс хамгаалах болно.

- 10 -

Үнэртэй лааны ачаар хувцсандаа сайхан үнэр шингээх боломжтой. Үүний тулд лаагаа хувцасны шүүгээ эсвэл өрөөндөө байршуулах хэрэгтэй. Хувцаснууд тань бүгд зөөлөн, шинэлэг сайхан үнэртэй болж хувирна.

- 11 -

Сүрчгийн хоосорсон савыг шууд хаялгүйгээр, торгон алчууртай шүүгээ рүүгээ хийгээрэй. Ингэвэл алчууруудад зөөлөн үнэр шингэнэ.

- 12 -

Сүрчигнүүдээ угаалгын өрөөндөө битгий хадгалж байгаарай. Тод гэрэлтэй, чийг өндөртэй, халуун хүйтний хэм тогтмол хэлбэлзэж байдаг газар үнэр хурдан мууддаг. Хэрвээ та нэлээд том сүрчгийн цуглуулгатай бол нарны туяа нэвтэрдэггүй, хуурай, харанхуй тусгай шүүгээтэй болох хэрэгтэй. Мөн танд боломж нь байвал дарсны хөргөгчид хадгалж бас болох юм.

 

Buro.Mongolia

2016-04-28, 09:00

  • Зураг: