Skin Cycling буюу 4 үе шаттай арьс арчилгаа гэж юу вэ?

Сошиал ертөнцийг доргиож буй шинэ бьюти тренд

TikTok дээр олны анхаарлыг ихэд татаж буй шинэхэн арьс арчилгааны тренд дэлгэрээд байна. “Skin Cycling” буюу дөрвөн орой арьс арчилгаандаа гуужуулагч, ретинол, чийгшүүлэгч тос гээд өөр өөр үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг дараалан хэрэглэх техникийн талаар та магадгүй сонссон байх. Гэхдээ энэ нь чухам ямар үр дүнтэй болох, мөн арьсанд сөрөг нөлөөтэй эсэх гээд олон асуулт үүссээр байгаа тул бид энэхүү арьс арчилгааны техникийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхөөр шийдлээ.


Юуны өмнө Skin Cycling-ийг анх АНУ-ын арьсны эмч Уитни Боу хэрэгжүүлж эхэлсэн ба энэ нь хожим нь TikTok хэрэглэгчдийн дунд эрэлттэй болж эхэлсэн юм. Тус техникийг туршиж үзэхийг хүсвэл танд химийн гуужуулагч (AHA, BHA, PHA), ретинол болон гүн чийгшүүлэгч тос шаардлагатай билээ. Гэхдээ хэрэв өмнө нь химийн гуужуулагч хэрэглэж байгаагүй бол мэргэжлийн арьсны эмч, эсвэл гоо сайханчаас зөвлөгөө авсны дараа Skin Cycling арчилгааг туршиж үзэхийг зөвлөж байна.

Эхний өдөр: Гуужуулагч

Уитни Боу хүчил агуулсан химийн гаралтай гуужуулагчаас сонголтоо хийхийг зөвлөдөг. Учир нь хатуу ширхэгтэй физикийн гуужуулагч нь арьсны хамгаалалтын бүрхүүлийг гэмтээх эрсдэлтэй байдаг билээ. Ерөнхийдөө өөрийн арьсны төрлийг харгалзан салицилийн, сүүн, эсвэл азелийн хүчил агуулсан шингэн бүтэцтэй гуужуулагч тохиромжтой юм.

Хоёр дахь өдөр: Ретинол

Үрчлээс болон нөсөө толбыг арилгаж, тосны ялгаралтыг тэнцвэржүүлж, батганы эсрэг үр дүнгээрээ шилдэг найрлагуудын эгнээнд жагсдаг ретинолыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Энэхүү найрлага нь мөн арьсны коллагены нийлэгжилтийг дэмжиж, чөлөөт радикалуудаас хамгаалах үйлчилгээ үзүүлээд зогсохгүй хөгшрөлтийг удаашруулдаг. Skin Cycling-ийн үед ретинол агуулсан серум илүү тохиромжтой байдаг.

Гурав болон дөрөв дэх өдөр: Чийгшүүлэгч

Идэвхтэй орцууд арьс арчилгаанд зайлшгүй хэрэгцээтэй байдаг хэдий ч хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэдгийг анхаараарай. Мөн хүчиллэг бүтээгдэхүүнүүд ашигласны дараа заавал арьсаа нөхөн сэргээж, гүн чийгшүүлэх шаардлагатай билээ. Тиймээс сүүлийн хоёр өдөр нь хүчтэй орц найрлагатай бүтээгдэхүүн ашиглахаас татгалзаж, оронд нь ниацинамид, эсвэл бусад чийгшүүлэх үйлчилгээтэй амин дэмүүд агуулсан тос хэрэглээрэй.

Уитни Боу эхний дөрвөн өдөр өнгөрсний дараа тав дахь өдрөөс нь Skin Cycling техникийг эхнээс нь ахин давтахыг зөвлөж байна. Нөсөө толбо, үрэвсэл, үрчлээс зэрэг арьсны асуудлууд мэдэгдэхүйц багасаж, хүссэн үр дүндээ хүртлээ тус арга барилыг хэрэгжүүлэх боломжтой байна. Гэхдээ энэ нь арьсанд сөрөг нөлөөгүй юу гэж ихэнх нь асуудаг. Ерөнхийдөө арьсны төрөл болон гуужуулагчийн найрлагаас хамаарч химийн гуужуулагчийг долоо хоногт 1-3 удаа хэрэглэдэг. Арьсыг хэт их гуужуулснаар арьс чийгшлээ алдах, улайх, загатнах шинж тэмдэг илрэх ба энэ үед арьсаа сайтар чийгшүүлэх хэрэгтэй юм. Харин арьс хэвийн болсон үед химийн гуужуулагчийг ахин хэрэглэж болно. Мөн ретинолыг арьс арчилгаандаа тогтмол хэрэглэж хэвшсэн хүмүүс долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд ямар ч асуудалгүй байна. Тиймээс зааврыг сайтар мөрдсөн тохиолдолд Skin Cycling нь арьсыг гэмтээж, сөрөг нөлөө үзүүлэхгүй юм.


Buro.Mongolia

2022-10-05, 11:49