
Сry Me A River, Ayo Technology, Say It Right: Timbaland-ийн бүх цаг үеийн шилдэг хамтралууд
Гуравдугаар сарын 10-ны өдөр реппер, хөгжмийн продюсер, ая зохиогч, дөрвөн удаагийн Грэмми шагналт Timbaland 53 нас хүрсэнтэй холбогдуулан бид түүний шилдэг уран бүтээлүүдийг эргэн сануулж байна. Түүнтэй олон жил хамтран ажилласан Жастин Тимберлейкээс эхлээд Нелли Фуртадо, Мисси Эллиот, Бейонсе нарын хит хамтралуудын талаар тоймлон хүргэе.

TIMBALAND ГЭЖ ХЭН БЭ?
Тимоти Закари Мосли буюу олноо Timbaland нэрээр алдаршсан тэрээр 1971 онд Виржиниа мужийн Норфолк хотод мэндэлжээ. Тэрээр анх продюсер, дуучин, реппер Деванте Свингийн тусламжтайгаар хөгжмийн тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж сурсан ба тийнхүү хөгжмийн салбарт хөл тавьсан гэж хэлж болно. Харин уран бүтээлчийн нэрээ тэрээр Timberland гэх гутлын брэндийн нэрээс санаа авсан гэдэг. Брэндийн нэрийг алдаатай дуудах үед Timbaland гэж сонсогддог бөгөөд энэ алдаатай нэр нь түүнд таалагдсан учир өөрийн уран бүтээлчийн нэр болгожээ. Анх тэрээр уран бүтээлээ найз Мосли Мелвин Барклиффтай Timbaland & Magoo гэх реп дуэтээр эхлүүлж байсан хэдий ч цаашид дууны продюсероор ажиллахаар эргэлт буцалтгүй шийджээ.
Алдарт продюсер карьерынхаа турш маш олон уран бүтээлчдэд хит дуу бүтээхэд тус болсон. Тухайлбал Мисс Эллиот, Жастин Тимберлейк, Мадонна, Нелли Фуртадо, Jay-Z, Рианна, One Republic, Канье Уэст, Nas, Snoop Dogg, Ludacris, Бейонсе нарын хит уран бүтээлүүдийг хамтран бүтээсэн юм. Timbaland Грэмми наадамд 21 удаа нэр дэвшиж байсан бол үүнээс таван удаа “Шилдэг цомог” номинацид нэр дэвшсэнээс дөрвийг нь хүртэж байсан түүхтэй.
Aaliyah — IF YOUR GIRL ONLY KNEW, 1996 он

Timbaland анх 1990-ээд оны эхээр хөгжмийн салбарт хөл тавьжээ. Анхны уран бүтээлүүд нь хөгжмийн ертөнцөд хит болж амжсан хэдий ч (2Pac-ийн хэд хэдэн дуун дээр хамтарч ажилласан), дуучин Aaliyah — If your girl only knew гэх уран бүтээл түүнд хамгийн анхны олон улсын амжилтыг авчирсан. Уг уран бүтээл нь түүнийг дэлхийн дахинаа таниулсан One in a Million цомогт багтсан билээ. Үүний дараа уран бүтээлчид хамтралаа үргэлжлүүлж Aaliyah-ийн гурав дахь бие даасан Aaliyah цомгийг хийсэн юм. Энэ цомгийг олон шүүмжлэгч R&B түүхэн дэх хамгийн шилдэг цомог хэмээн үзсэн билээ.
ЖАСТИН ТИМБЕРЛЕЙК
— CRY ME A RIVER, 2002 он

Timbaland болон Жастин Тимберлейк нарын хамтрал нь продюсерт R&B салбарт алдар нэр авчрахын зэрэгцээ поп хөгжим сонирхогчдын дунд түүний байр суурийг бататгаж өгсөн юм. Тэдний хамгийн анхны хит бол Cry me a River юм. Тимберлейк уг дууг Бритни Спирст зориулан бүтээжээ. Тэрээр түүнтэй маргалдсаны дараа студи дээрээ очин дуугаар дамжуулан өөрийн мэдрэмжээ илэрхийлэхийг хүссэн. Эл дуу нь гайхалтай амжилтыг бүтээж, Грэммигийн "Шилдэг эрэгтэй уран бүтээлчийн үзүүлбэр" гэх номинацийг хүртэж, бүх цаг үеийн агуу дууны жагсаалтад төдийгүй Rolling Stone сэтгүүлийн шилдэг дууны жагсалтад тус тус багтжээ. Үүний дараагаар Timbaland, Тимберлейк нар дуучны хоёр дахь бие даасан FutureSex/LoveSounds соло цомгийн ажилд орсон юм. Энэ цомогт SexyBack, What Goes Around... Comes Around, Lovestoned зэрэг хит дуунууд багтсан.
MISSY ELLIOTT
— WORK IT, 2002 он

Timbaland-ийн карьерын хамгийн чухал мөч бол Missy Elliott-той хийсэн хамтрал юм. Учир нь тэрээр Missy Elliott-той өөрийн дасал болсон төрлөөр биш харин зөвхөн хип-поп урсгалаар ажилладаг байв. Work It уран бүтээл түүний дөрөв дэх бие даасан Under Construction цомогт багтсан билээ. Дууны ихэнх хэсэг нь 1980-аад оны эхэн үеийн олдскул репээс санаа авсан. Жишээлбэл Run-DMC-ийн Peter Piper болон Rock Master Scott & the Dynamic Three-ийн Request Line гэх уран бүтээлүүдийн сэмплийг ашиглажээ. Энэ дуу арван долоон хонгийн турш Billboard Hot 100 жагсаалтын хоёрдугаарт орж, Грэммигийн "Шилдэг реп-трек" номинацид нэр дэвшиж байжээ. Rolling Stone сэтгүүл Work It уран бүтээлийг 2000-аад оны шилдэг 100 дуу жагсаалтын 25, бүх цаг үеийн агуу 500 дууны 56-р байруудад тус тус багтаасан юм.
НЕЛЛИ ФУРТАДО — SAY IT RIGHT, 2006 он

Say It Right нь Канадын дуучин Нелли Фуртадогийн гурав дахь студийн Loose цомогт багтсан дуу юм. Timbaland болон Нелли нарын хэлснээр тэдний гол урам зориг авсан уран бүтээл бол Eurythmics хамтлагийн Here Comes the Rain Again гэнэ. "Яг энэ уран бүтээл намайг үргэлж өөр газар, өөр ертөнц рүү аваачдаг бөгөөд энэ нь надад таалагддаг" гэж Нелли хэлэв. Дуу бичлэгийн үеэр Фуртадо болон продюсер нар дөрвөн микрофон ашиглаж, "харь гарагийн дуу чимээ" үүсгэх санааг олсон. Энэ дуу нь Billboard Hot 100 жагсаалтад багтсан бөгөөд анх жагсаалтын 93-р байрт бичигдэж байжээ. Тэгвэл 13 долоо хоногийн дараа нэгдүгээр байранд орсон бөгөөд уг уран бүтээл нь Неллигийн хувьд Promiscuous дууны дараа орж буй хоёр дахь шилдэг сингл болсон гэдгээ илэрхийлсэн байна. Энэхүү дууны ачаар Loose цомгийн борлуулалт нэмэгдсэн гэж шүүмжлэгчид үздэг.
ONE REPUBLIC— APOLOGIZE, 2007 он

One Republic хамтлагийн Apologize дууны ремикс Timbaland-ийн хувьд хамгийн амжилттай хит ремикс болно гэж хэн ч төсөөлөөгүй билээ. Энэхүү дуу нь Timbaland-ийн Shock Value цомогт багтсан бөгөөд Billboard Hot 100 жагсаалтын нэгдүгээр байранд орж чадаагүй ч, 50 долоо хоногийн турш чартад багтаж, Австрали, Австри, Герман, Итали, Шинэ Зеланд, Швед, Египт, Турк, Нидерланд, Канад зэрэг улсуудын шилдэг дуугаар шалгарч байжээ. Ихэнх шүүмжлэгчдийн үзэж буйгаар дөнгөж шинээр гарч ирж буй хамтлагт алдар нэрд хүрэхэд тус болсон хүн бол яах аргагүй Timbaland гэж үздэг. One Republic хамтлагийн алдар нэр яг л энэ уран бүтээлээс эхтэй бөгөөд хамтлагийн гоцлол дуучин Райан Теддер авьяаслаг дуу зохиогч гэдгээрээ алдаршсан билээ.
50 CENT— AYO TECHNOLOGY, 2007 он

Ayo Technology нь 50 Cent-ийн гурав дахь студийн Curtis цомогт багтсан билээ. Дууны зохиол дээр Timbaland төдийгүй Жастин Тимберлейк хамтран ажилласан. Дууны нэр маш сонирхолтой бүтсэн түүхтэй. Анхны Ayo Pornography нэрийг радио станцууд хэтэрхий тохиромжгүй байна хэмээн үзсэн тул дууг She Wants It гэж өөрчилжээ. Гэсэн ч продюсерууд энэ нэрийг анхны нэр шигээ утга санааг нь тодорхой тусгахгүй байна хэмээн үзэж Ayo Technology гэж нэрийдсэн гэдэг. Уран бүтээл жинхэнэ хит болсон хэдий ч шүүмжлэгчид эхэндээ шууд хүлээн зөвшөөрсөнгүй. Зарим шүүмжлэгчид энэ дууг алдарт хип-хоп уран бүтээлчийн хувьд хэтэрхий поп гэж үзсэн бөгөөд 50 Cent зочин уран бүтээлчдээс бага анхаарал хүртсэн хэмээн тэмдэглэжээ.
BJÖRK— EARTH INTRUDERS, 2007 он
Хоёр ертөнцийн хамгийн гэнэтийн огтлолцол бол Timbaland болон Исландын дуучин Björk нарын хамтрал юм. Earth Intruders дуу нь Африк хэв маяг, үлээвэр хөгжмийн зэмсэг, аж үйлдвэрийн хөгжмийн элементүүдийг хослуулсан Volta гэх зургаа дахь студийн цомогт багтжээ. Шүүмжлэгчид Björk-ийн энэ цомгийг сурталчилгааны өнгө аястай болсон гэж үзсэн. Үүний дараа тэрээр илүү авангард урсгал руу шилжсэн бөгөөд түүний Innocence сингл нь мөн л Timbaland-ийн бүтээл билээ.

MADONNA, ЖАСТИН ТИМБЕРЛЕЙК
— 4 MINUTES, 2008 он

FutureSex/LoveSounds цомог амжилт олсны дараа Тимберлейк, Timbaland нар хөгжмийн шинэ чиглэлийг үргэлжлүүлэн эрэлхийлж, Мадоннатай хамтарсан бүтээлээ гаргасан нь түүний 11 дэх студийн Hard Candy цомогт багтсан юм. "Дууг хэт шууд утгаар нь хүлээн авч болохгүй, энэ нь ирээдүйн тухай тусгал, хүн төрөлхтөн дэлхийг хэрхэн сүйтгэж байгааг харуулж буй хэрэг" гэж дуучин тэмдэглэв. Энэ дуу нь 2009 оны Грэмми наадмын "Шилдэг поп дууны хамтрал" номинацийг хүртсэн. Мөн Timbaland цомгийн Miles Away, Dance 2Night, Devil Wouldn't Recognize You, Voices зэрэг хэд хэдэн дуун дээр ажилласан юм.
БЕЙОНСЕ JAY-Z, — DRUNK IN LOVE, 2013 он

2010-аад онд сонгодог поп болон R&B дууны нэр хүнд хурдацтай буурч эхэлсэн тул Timbaland шинэ шийдлүүдийг хайж, тод басс, бөмбөр, синтезатор бүхий чиглэл рүү хувьсаж эхлэв. Продюсер Дре Мун, Расул Диаз, Брайан Соко, J-Roc нартай хамтран Бейонсегийн тав дахь студийн Beyonce цомгийн ажилд оролцож, Partition, Blow, Rocket, Drunk in Love зэрэг дуунуудыг бүтээжээ. Drunk in Love уран бүтээл Rolling Stone сэтгүүлийн 2014 оны "Шилдэг дуу" болж, Америкийн Billboard чартын нэгдүгээр байрыг эзэлж байсан түүхтэй. Маш олон шүүмжлэгчид Бейонсе, Jay-Z нарын дуу хоолойны гайхалтай хослолыг онцолж, цомгийн хамгийн шилдэг уран бүтээл хэмээн тэмдэглэхийн зэрэгцээ уг дууг алдарт Crazy in Love-той жишиж байжээ.
JAY-Z, ЖАСТИН ТИМБЕРЛЕЙК
— HOLY GRAIL, 2013 он

Holy Grail дуу нь Jay-Z-ийн 12 дахь Magna Carta...Holy Grail цомгийн эхний уран бүтээл билээ. Жастин Тимберлейк, Timbaland нарын хамтран хийсэн эл дуу нь 56 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслолын "Шилдэг хамтарсан уран бүтээл" шагналыг хүртсэн юм. Жастины гайхалтай сайхан дуу хоолой, Шон Картерын (Jay-Z-ийн жинхэнэ нэр) хэмнэлтэй үглэлийн хослол дахин давтагдашгүй бүтээлийг бий болгосон. Уг бүтээл нэр алдрын бэрхшээл, дэлхийн хэмжээний амжилтад хүрээд өөрийн жинхэнэ дүр төрхийг хэрхэн алдахгүй байх талаар өгүүлдэг. Дууны хөгжмийн хэсэгт Nirvanа хамтлагийн алдарт Smells Like Teen Spirit дууны хэсэг багтжээ. Цомог худалдаанд гарсны дараа энэ дуу нь Billboard Hot 100 чартын 8-р байранд орж, долоо хоногийн дараа гэхэд 4-р байранд орж амжилтаа ахиулж байв.