Хайх

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт

Text: Ц. Усанболор


Жүжигчин, продюсер Шэрон Стоун нь 1990-ээд оны секс бэлгэ тэмдэг, сэхээтэн, нийгмийн идэвхтэн төдийгүй саяхнаас уран бүтээлч болоод байгаа билээ. Тэрээр өөрийн гадаад дүр төрхийг хэнээс ч айж, эмээлгүй зоригтойгоор өөрчилж чаддаг, өөрийн үзэл бодолдоо үнэнч онцгой нэгэн. Ингээд энэ сар түүний төрсөн өдөр болсныг тохиолдуулан амьдралынх нь хамгийн чухал мөчүүдийг арван гэрэл зургаар эргэн сануулъя.


Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 1)

Шэрон Стоун Deadly Blessing кинонд, 1981 он

Шэрон Вонн Стоун 1958 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Пенсильвани мужийн Мидвилл хотод мэндэлсэн. Тэрээр гоц ухаантай нэгэн байсан бөгөөд таван насандаа хоёрдугаар ангид элсэн суралцаж, 15 насандаа Сегертауны дунд сургуулийг дүүргэж, улмаар Эдинборо коллежийн тэтгэлгийг хүртэж суралцахаар болсон байна. Гэсэн хэдий ч удалгүй тэрээр сургуулиа орхиж, загвар өмсөгч болох хүсэлдээ хөтлөгдөн Нью-Йорк хотыг зорьжээ.

Нью-Йорк хотод тэрээр Ford Modeling Agency загварын агентлагтай гэрээ хийн ажиллах болсон ч удалгүй дахин шийдвэрээ өөрчилж Милан, Парис зэрэг хотуудад амьдрахаар шийдсэн юм. Хожим нь тэрээр загварын карьераа орхиж, жүжигчин болохоор эргэж буцалтгүй шийджээ. Шэрон Стоун анх 20 насандаа найруулагч Вуди Аллены Stardust Memories (1980) драмд туслах дүр бүтээж байсан бол жилийн дараа Deadly Blessing (1981) аймшгийн кинонд тогложээ. Дашрамд дурдахад хожим нь Стоун Хиллари Клинтоноос урам зориг авч сургуульдаа эргэн орж 2016 онд төгссөн байна.

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 2)

Total Recall киноны нээлтэд зориулсан зураг авалт, 1990 он

Шэрон Стоун хэдэн жилийн турш ихэнхдээ жижиг дүрүүд дээр ажиллажээ. Тухайлбал, найруулагч Клод Лелушийн Les uns Les Autres (1982), телевизийн Silver Spoons (1982), Bay City Blues (1983), Remington Steele (1983), Magnum, P.I. (1984), T.J.Hooker (1985) зэрэг цувралуудад тус тус тогложээ. Түүний карьерт хамгийн их амжилт авчирсан уран бүтээл бол найруулагч Пол Верховены Total Recall кино билээ. Үүний дараа жил нь тэрээр таван кинонд гол дүрийг бүтээж чаджээ.

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 3)

Basic Instinct киноны хэсэг, 1992 он

1992 онд тэрээр найруулагч Пол Верховены Basic Instinct гэх эротик триллер кинонд тоглосноор жинхэнэ алдар нэрийг хүртсэн. Тухайн үед уг дүрийг хэд хэдэн жүжигчинд санал болгосон ч тэд “нүцгэлэхээс” айж, сэтгэл татам цуврал алуурчны дүрээс татгалзсан юм. Цагдаагийн газарт авсан үзэгдэл хэсэгт бүсгүй нэг хөлөө нөгөө хөл дээрээ ачин суух үед үзэгч түүнийг дотуур хувцасгүй байгааг олж хардаг. Энэ бол 1990-ээд оны поп соёлын хамгийн их эрэлттэй зураг билээ.

Энэ дүрээр Стоун Алтан Бөмбөрцөг наадмаас “Уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртэж, MTV Movie Awards наадмын дөрвөн номинацид тус тус нэр дэвшжээ. Мөн уг кино нь дэлхий даяар 352.0 сая ам.долларын ашиг олж, 1990-ээд оны хамгийн амжилттай киноны нэг болсон билээ.

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 4)

Шэрон Стоун Холливүүдийн Алдрын гудаaмжинд өөрийн нэрэмжит одтой болов, 1995 он

Шэрон Стоун алдар нэрд хүрсний дараа туслах дүрийн жүжигчдийн эгнээнээс нэгдүгээр зэрэглэлийн жүжигчдийн эгнээ рүү шилжсэн юм. 1995 онд тэрээр The Quick and the Dead кинонд тоглохын зэрэгцээ киноны продюсероор давхар ажиллажээ. Sony студи уг кинонд Леонардо ДиКаприог тоглуулахаас татгалзсан хэдий ч Стоун эсрэг байр суурьтай байсан тул өөрөө түүнийг цалинжуулан ажиллуулсан юм. Улмаар тэрээр 1995 онд Casino кинонд тоглосон ба уг дүрээрээ Алтан Бөмбөрцөг хүртэхийн зэрэгцээ Оскарын шагналд нэр дэвшжээ. Мөн эл онд тэрээр 37 насандаа Холливүүдийн Алдрын гудамжинд өөрийн нэрэмжит одтой болсон юм.

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 5)

Оскарын улаан хивсний ёслолын үеэр нөхөр Фил Бронштейны хамтаар, 1998 он

Жүжигчин 1990-ээд оны дундуур хоёр удаа буюу 1996, 1998 онуудын Оскарын улаан хивсний ёслол дээр дизайнерын урласан хувцсыг энгийн өдөр тутмын хувцастай хослуулан өмсжээ. Шэрон Стоун "Vera Wang-ийн хувцас цагтаа ирээгүй учир ийм алдаа гарсан" хэмээн тайлбарлаж байсан. Тухайн үед тэрээр Valentino-гийн юбка, Armani-гийн хүрэм, Gaр-ийн хоолойтой цамцыг хослуулан өмссөн бол удалгүй хоёр жилийн дараа дахин Оскарын наадамд Vera Wang-ийн үдшийн юбкаг Gap-ийн цасан цагаан өнгийн цамцтай хослуулан өмсөн иржээ. Дашрамд дурдахад Стоуны энэ төрхийг Зендея 2022 онд Оскарын улаан хивсний ёслол дээр дуурайжээ.

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 6)

Эмми шагнал гардуулах ёслол, 2003 он

2001 оны есдүгээр сард Шэрон Стоун субарахноид цус алдалтын улмаас эмнэлэгт хүргэгдсэнээр кино урлагийн салбараасаа түр холдсон юм. Энэ үед тэрээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байхдаа мэргэжлийн асуудалтай нүүр тулгарчээ. Жүжигчин бүсгүй өөрийн Холливүүд дахь орон зайг алдаж буй мэт мэдрэмжийг авч байсан тухайгаа 2015 оны USA Today сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр “Яг над шиг өөрийн салбартаа хамгийн сүүлд байх үед хүн өөрөө өөрийгөө дахин ойлгох, олох хэрэг гардаг” хэмээн онцлон хэлж байсан юм.

Үүнээс хоёр жилийн дараа буюу 2003 онд тэрээр The Practice цувралын Шейла Карлайлын дүрээр дэлгэцнээ эргэн ирсэн бөгөөд энэ дүрээрээ тэрээр “Уянгын киноны шилдэг зочин жүжигчин” төрөлд Эмми шагнал хүртсэн билээ.

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 7)

Dior-ын сурталчилгааны ажил, 2012 он

2005 онд Шэрон Стоун Christian Dior-ын арьс арчилгааны Capture брэндийн нүүр царайгаар тодорсон. Parfums Christian Dior-ын ерөнхийлөгч, ерөнхий захирал Клод Мартинес тухайн үед “Шэрон Стоун үзэсгэлэнтэй, хүсэмжит хийгээд ухаантай ба хараат бус учир брэндийн нүүр царайгаар сонгогдсон” хэмээн хэлж байжээ. 2008 онд тус брэнд Хятадын зар сурталчилгаанаас жүжигчин бүсгүй хассан байна. Учир нь тэрээр Сычуаньд болсон газар хөдлөлтийн дараа "Энэ бол Бээжин хотын Түвдэд хийсэн үйлийн үр" гэж хэлсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад амжсан. Гэсэн ч брэнд түүнтэй хамтран ажиллахаа зогсоогоогүй юм.

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 8)

Шүтэн бишрэгчтэйгээ Израилд, 2013 он

Жүжигчин бүсгүйг нийгмийн идэвхтэн гэдгийг ихэнх хүмүүс мэддэг. 2006 оны гуравдугаар сард тэрээр Нобелийн шагналт, Израилын ерөнхий сайд асан Шимон Пересийн зохион байгуулж буй хэвлэлийн хурлаар дамжуулан Ойрхи Дорнодод энх тайвныг дэмжих зорилгоор Израил руу хамт явж байжээ. 2013 оны аравдугаар сарын 23-ны өдөр тэрээр Peace Summit Award шагналыг ХДХВ/ДОХ-той хүмүүсийн төлөө хийсэн сайн үйлсийн ажлын хүрээнд хүртжээ.

Харин 2015 онд Шэрон Стоун Миланд болсон Pilosio Building Peace Award наадамд хүндэт зочноор уригдсан юм. Арга хэмжээнд барилгын салбарын захирлууд болон нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байсан ба Стоун гэнэт тайзан дээр гарч төлөвлөгдөөгүй дуудлага худалдааг зохион байгуулав. Үүгээрээ тэрээр Африкт 28 сургууль барих хэмжээний хандив цуглуулж чадсан байна.

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 9)

Шэрон Стоун The Bikeriders киноны нээлт дээр, 2024 он

Карьерынхаа турш Шэрон Стоун best dressed буюу хамгийн загварлаг хувцасладаг алдартнуудын жагсаалтад багтсаар ирсэн. Гэхдээ хүмүүсийн хамгийн дуртай дүр төрх энэ байх болов уу гэж таамаглаж байна. Тэрээр The Bikeriders киноны нээлт дээр үчимбэрийн хээтэй хослол өмсөж, мотоцикл дээр сууж буй зураг даруулжээ. Энэ дүр төрхийг тэрээр арьсан, хар өнгийн, том алтан зүрхтэй цүнхээр чимсэн аж.

Тачаангуй, эрч хүчтэй, нууцлаг: Жүжигчин Шэрон Стоун 10 гэрэл зурагт (фото 10)

Шэрон Стоун C. Parker Gallery дахь бие даасан үзэсгэлэнгийн нээлтийн үеэр, 2023 он

Стоун 2020-иод оны эхээр дүрслэх урлагаар хичээллэж эхэлсэн бөгөөд цар тахлын үед кодоор будах иж бүрдлээр дамжуулан уран зураг зурах хүсэл тэмүүллээ дахин нээн илрүүлжээ. Тэрээр CNN-д өдөр бүр зурдаг дасгалынхаа талаар "Би зүгээр л трансд ордог гэж хэлж болно" хэмээжээ. Түүний уран бүтээлд Кандинский, Миро, Моне нарын бүтээлүүд нөлөө үзүүлсэн юм. Жүжигчин бүсгүйн абстракт зургууд нь хүрээлэн буй орчны ухамсар, нийгмийн асуудал, хувь хүний ​​тусгал зэрэг сэдвүүдийг хөнддөг. Тэрээр Лос Анжелес, Гринвич хотуудад бүтээлүүдээ дэлгэж байсан бол бие даасан үзэсгэлэнгээ C. Parker уран зургийн галерейд 2023 онд гаргажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх