Гранж, рок-н-ролл ба дэггүйтэл: Кейт Мосс 10 гэрэл зурагт
Энэ сард 51 нас хүрсэн Их Британийн супермодель Кейт Мосс өнөөдөр ч загварын ертөнцийн нөлөө бүхий хүн хэвээр байгаа билээ. Үүнийг тохиолдуулан түүний дөнгөж 14 настай байх үеийн мэргэжлийн түвшний гэрэл зургаас эхлээд хамгийн сүүлийн үеийн сурталчилгаанууд хүртэлх арван зурагт Кейт Моссын карьерыг өгүүлье.
Кейт Мосс Дэвид Россын дуранд, 1988 он
Кейт Мосс загвар өмсөгчийн карьераа маш эрт буюу дөнгөж 14 насандаа эхлүүлсэн. Бидний өмнө түүний анхны мэргэжлийн зураг авалт харагдаж байна. Энэ зургийн дарсан Дэвид Росс 1988 онд найз Сара Дукасын Storm загварын агентлагийн захиалгаар Кейтийн зургийг дарж байжээ. "Кейт энгийн нэг охин байсан хэдий ч түүнд өсвөр насны гайхалтай аура байсан. Тэрээр тухайн цаг үеийн нэг ч дүр төрхөд хамрагдахгүй байсан бөгөөд түүнийг цаашид юу хүлээж байгааг би төсөөлөөгүй. Гэхдээ түүнд ямар нэгэн онцгой зүйл байсан" хэмээн Росс хэлжээ.
Кейт Мосс Коринн Дэйний дуранд буюу The Face сэтгүүлийн нүүрэнд, 1990 он
Кейт Моссын анхны зураг авалтаас хоёрхон жилийн дараа тэрээр жинхэнэ алдар нэрд хүрсэн. Тэрээр 1990 онд The Face сэтгүүлийн долоодугаар сарын дугаарын нүүрэнд зургаа авхуулжээ. Гэрэл зурагчнаар Коринн Дэй ажилласан бөгөөд тэрээр Моссыг дэлхий дахинд алдаршуулсан юм. Дөнгөж 16 настай, биеэ халхлаагүй Кейт Моссын хэл ам дагуулсан зургууд (энэ зурагт зөвхөн тал нүцгэлсэн байгаа бол өөр нэгэн зурагт бүтэн нүцгэлсэн байдаг) тухайн үед Calvin Klein брэндийн бүтээлч захирлаар ажиллаж байсан Фабиан Бороны анхааралд өртсөн юм.
Марк Уолбергтай хамт Херб Ритцийн дуранд, Calvin Klein брэндийн сурталчилгааны ажил, 1992 он
"Түүнд хүүхэд шиг гэнэн томоогүй, мөн эмэгтэйлэг шинж чанар байдаг. Миний бодлоор энэ бол сэтгэл татам тачаангуй зүйл гэж хэлж болно" хэмээн Кельвин Кляйн 1992 онд People сэтгүүлийн ярилцлагад дурджээ. Calvin Klein-ы сурталчилгааны зураг авалтад Кейт рэппер Marky Mark буюу Марк Уолбергтай хагас нүцгэн зураг авхуулжээ. Хожим 2022 онд энэхүү зураг авалтын тухайд Кейт "Тэд миний эмзэг байдал дээр ажилласан гэж боддог. Би тэр үед залуухан, гэнэн томоогүй байсан нь Кельвинд таалагдсан" хэмээн ярьсан юм.
Elite загварын агентлагийн үдэшлэг дээр Ричард Янгийн дуранд, 1993 он
1993 онд Кейт Лиза Брюсийн урласан металлик хувцас өмсөн гарч иржээ. Тэрээр "Нүцгэн даашинз" дотуур хар өнгийн дотуур хувцас өмсөж, тамхи барин зогссон байдаг. Vogue сэтгүүлийн ярилцлагад Кейт “Тухайн үед Жими Би, Коринн Дэй нартай Elitе-ийн үдэшлэгт очсон. Яагаад тийшээ явснаа мэдэхгүй, учир нь тэр бол миний харьяалагддаг агентлаг байгаагүй. Гэхдээ энэ бол олон нийтийн арга хэмжээнд миний зургийг анх удаа дарсан мөч болсон юм. Хүмүүс ямар учраас сандралдаж байсныг ойлгоогүй. Дотор танхимд харанхуй байсан учраас миний даашинз нэвт гэрэлтэж харагдаагүй" гэжээ.
Жонни Депптэй хамт Энни Лейбовицын дуранд, Vanity Fair-ийн зураг авалтын үеэр, 1994 он
1970-аад оны нөлөө бүхий хосод Сид Вишес, Нэнси Спанжен нар тооцогддог байсан бол 1990-ээд онд нийгэм тэр чигтээ зөвхөн Жонни Дэпп, Кейт Мосс нарын тухай ярьж байсан. Тэдний харилцаа богино хугацаанд үргэлжилсэн ч хүн бүхний анхаарлыг татаж чадсан юм. Гэрэл зурагчин Энни Лейбовицын зураг авалт Vanity Fair сэтгүүлд тусгайлан зориулагдсан бөгөөд 1994 онд тэднийг өнгөрсөн арван жилийн шилдэг хосоор нэрлэж байжээ.
Кристи Тарлингтон, Наоми Кэмпбелл, Кейт Мосс нар Кевин Мазурын дуранд, Met Gala 1995 он
1990-ээд онд супер моделиудын оргил үе тохиосон бөгөөд тухайн үед дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, эрэлттэй эмэгтэйчүүдээр Синди Кроуфорд, Наоми Кэмпбелл, Кристи Тарлингтон, Линда Эвангелиста, Татьяна Патиц, Клаудиа Шиффер нар нэрлэгддэг байсан. Тэдний эгнээнд мэдээж Кейт Мосс ч багтаж байлаа. Таны харж буй уг зурагт Кейт Мосс өөрийн сайн найзууд болох Кристи Тарлингтон, Наоми Кэмпбелл нарын хамтаар Calvin Klein брэндийн даашинзтай Met Gala арга хэмжээнд оролцож байна.
“Kate: The Kate Moss Book” гэрэл зургийн номын нээлт дээр Аллан Танненбаумын дуранд, 1995 он
Кейт Мосс 1995 оны есдүгээр сард "Kate: The Kate Moss Book" нэртэй номоо гаргасан. Энэ намтарчилсан бүтээл нь түүнийг хэрхэн дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг болсныг харуулсан юм. Мөн энэхүү бүтээл нь бол түүний оролцсон гайхалтай зургуудыг багтаасан ширээний ном болсон.
Анхны Alexander McQueen-ы шоуны үеэр Кэтрин МакГэнны дуранд, 1996 он
Кейт Мосс Alexander McQueen брэндийн шоунд нэг бус удаа оролцсон ч, 1996 оны гуравдугаар сард Нью-Йорк хотод зохион байгуулагдсан британийн загвар зохион бүтээгчийн анхны ready-to-wear шоуг харцгаая. Мосс принттэй богино футболк, нам суудалтай өмд, үсээ шуусан төрхтэйгөөр тайзан дээр гарсан. Энэ бол түүний загвар өмсөгчийн карьерын хувьд хамгийн чухал мөч байсан төдийгүй Александр Маккуинтай нөхөрлөх эхлэл байсан юм. Кейт Моссын 2000-аад оны хар тамхины дуулианы үеэр Маккуин түүнийг дэмжсэн цөөн хүмүүсийн нэг байв. 2006 оны Alexander McQueen намар-өвөл шоуны үеэр алдарт дизайнер Мосс голограммыг загварын тайзнаа гаргасан бөгөөд шоуны төгсгөлд “Бид чамд хайртай Кейт” гэсэн бичигтэй цамц өмсөн гарч иржээ.
Кейт Мосс Виктория ба Альбертын музейд болсон "Загварын алтан үе" гала үдэшлэг дээр, 2007 он
Кейт үдэшлэгт дуртай байсныг дурдахгүй байхын аргагүй. Түүний хамгийн дурсамжтай үдэшлэгүүдийн нэг бол Лондонд байрлах Виктория ба Альбертын музейд зохиогдсон, дэлхийн загварын ертөнцийн нэгэн чухал арван жилийн ойд зориулсан арга хэмжээ байсан юм. Энэ бол Кристиан Диорийн 1947 оны анхны цуглуулгаас 1957 онд мастерыг нас барах хүртэлх арван жилийг хамарсан үдэшлэг юм. Кейт Мосс Christian Dior-ын 1940-өөд оны түүхэн даашинзтай хүрэлцэн ирсэн хэдий ч үдэшлэгээс гарахдаа илүү сонирхолтой төрх бүрдүүлсэн байв. Үдэшлэгийн оргил үед түүний даашинзны хормой урагдаж, гараа хөнгөн хөдөлгөх төдийд шал шүргэж байсан даашинз нь гэнэт бантиктай, мини даашинз болж хувирчээ.
Кейт Мосс Донна Тропын дуранд, Skims сурталчилгааны ажлын үеэр, 2021 он
Кейт Моссыг одоо хүртэл брэндүүдийн сурталчилгааны ажлуудад загвар өмсөгчийн хувиар харах боломжтой. Тухайлбал галбиржуулагч дотуур хувцасны брэнд болох Skims-ийн сурталчилгаанд Кейт оролцсон. Уг брэндийг Ким Кардашьян үүсгэн байгуулсан бөгөөд тэрээр энэ хамтын ажиллагааны тухайд "Кейт бол загварын ертөнцийн бэлгэ тэмдэг. Түүний нөлөө цаг хугацаанд захирагдахгүй. Тэрээр үеэс үед соёлын болон загварын чиг хандлагыг тодорхойлсон хэвээр байна" хэмээн хэлжээ.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт