Эко шошгуудын ялгаа
"Sustainable", "Green", "Vegan" зэрэг шошгуудыг харах төдийд л байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэмээн ойлгодог ч эдгээр нь тус тусын өөр утгыг илэрхийлдэг байна. Тухайлбал "clean" хэмээх шошготой бүтээгдэхүүн нь химийн орц найрлагыг агуулж болдог бол, "Sustainable" тодотгол нь бидний бодсоноос өргөн утгыг илэрхийлдэг байна. Тэгвэл тэдгээр эко шошгуудыг хэрхэн ялгах вэ?
Clean бүтээгдэхүүн
"Clean" хэмээх нэршил нь олон утгыг илэрхийлэх ч ерөнхийд нь байгаль ба хүний биед ээлтэй бүтээгдэхүүн хэмээн ойлгож болно. Ийм шошготой бүтээгдэхүүн нь найрлагадаа парабен, үнэртүүлэгч бодис, будаг оруулагч зэрэг хүний биед хортой, харшил үүсгэгч бодис агуулаагүй ба байгалийн болон химийн гаралтай орцын аль алиныг нь ашигладаг. Тухайлбал лабораторийн аргаар гарган авсан гиалуроны хүчил, ниацинамид зэрэг нь "clean" шошготой бүтээгдэхүүний найрлагад орж болно.
Natural буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүн
"Natural" буюу байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ургамлын гаралтай тос, байгалийн давс, ханд, охь зэрэг цэвэр байгалийн гаралтай орц найрлагууд ордог. Гэсэн хэдий ч байгалийн гаралтай бүх найрлага нь арьсанд аюулгүй гэсэн үг биш бөгөөд зөв, сайтар боловсруулаагүй байгалийн орц найрлага нь арьсыг эмзэгшүүлэх, хуурайшуулах зэрэг сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байдаг.
Green бүтээгдэхүүн
"Green" тодотголтой брэндүүд байгаль хамгаалах, байгальд ээлтэй хандах бодлого хэрэгжүүлэн ажилладаг байгаа. Тухайлбал бордоо болон хувирдаг алчуур зэрэг байгальд эерэг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэл, усгүй үйлдвэрлэл зэргийг хэрэгжүүлдэг юм.
Sustainable буюу байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүн
"Sustainable" шошготой үйлдвэрлэл явуулдаг брэндүүд нь "Clean" буюу байгаль болоод хүнд хор хөнөөлгүй, "Green" буюу байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулахаас гадна байгаль орчны тогтвортой байдалд анхаарал хандуулсан бодлогыг хэрэгжүүлдэг байгаа. Тухайлбал ахин боловсруулсан, байгальд задардаг материалыг сав, бөглөө, боодолдоо ашиглаж, хэрэглэгчдийн дунд хог хаягдлыг дахин боловсруулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг байна.
Organic буюу органик бүтээгдэхүүн
Пестицид, ионжуулагч цацраг туяа зэрэг химийн хортой бодис ашиглаагүй генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүн нь "organic" гэх шошготой байдаг. Органик шошгыг USDA Organic seal, ECOCERT зэрэг олон улсын байгууллагууд олгодог ба органик үйлдвэрлэл нь тухайн бүтээгдэхүүний найрлагын 95 хувь нь байгалийн гаралтай байх, сав баглаа боодол нь байгальд ээлтэй байх зэрэг өндөр стандартыг шаарддаг.
Non-toxic буюу хортой бодис агуулаагүй бүтээгдэхүүн
Ийм шошго нь хоргүй найрлагыг илэрхийлэх ч мэргэжилтнүүдийн зүгээс "Non-toxic" шошготой бүтээгдэхүүний орцыг сайтар нягтлан парабен, фталат, триклосан, формальдегид зэрэг хортой орцууд байгаа эсэхийг шалгах хэрэгтэй болохыг сануулсан юм.
Vegan буюу веган бүтээгдэхүүн
Амьтны гаралтай түүхий эд, орц найрлага ашиглаагүй бүтээгдэхүүн нь веган шошготой байдаг. Тухайлбал зөгийн бал, ланолин, гиалуроны хүчил, альфа-гидрокси хүчил, пантенол, ретинол нь амьтны гаралтай орц найрлагын тоонд ордог байгаа.
Cruelty-free буюу амьтан дээр туршилт хийгээгүй бүтээгдэхүүн
Амьтан дээр туршилт хийгээгүй бүтээгдэхүүнийг "Cruelty-free" хэмээн нэрлэдэг ба олон улсад "Leaping Bunny Certified" хэмээх туулайн дүрс бүхий шошгоороо ялгардаг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт