Дуучин SZA нүүр будалтын нууцаасаа хуваалцлаа

Мөн Not Beauty брэндээ танилцуулжээ

Дуучин SZA өнгөрсөн хоёрдугаар сард Super Bowl тэмцээний халфтайм шоу дээр рэппер Кендрик Ламарын хамтаар үзүүлбэр үзүүлсэн билээ. Тэдний үзүүлбэрээс гадна, SZA-ийн хувцаслалт, нүүр будалт олны анхаарлыг багагүй татаж чадсан юм. Тэр дундаа түүний уруулын будалт SZA-гийн гоо сайхныг илүү тодотгож, гоёмсог харагдуулж байна гэх сэтгэгдлүүдийг олон нийт үлдээсээр байсан билээ.

Тэгвэл саяхан SZA Super Bowl-ийн үеэрх уруулын будалтдаа яг ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн талаараа хуваалцахын зэрэгцээ гоо сайхны салбарт хүч түрэн орж ирж буйгаа зарласан байна. Тодруулбал тэрээр Not Beauty нэртэй гоо сайхны брэндээ өөрийн Instagram хуудсаар дамжуулан танилцуулсан ба тус брэндийн нээлтийн цуглуулгад In the Flesh,Strawberry Jelly, Quartz нэртэй гурван төрлийн уруул өнгөлөгч багтжээ. Энэхүү бүтээгдэхүүнүүд нь уруулыг чийгшүүлж, зөөлрүүлэн хормын дотор булцгар эффекттэй харагдуулах үүрэгтэй ба наалдамхай биш хөнгөн, гялалзсан бүтэцтэй гэдгээрээ онцлог аж. Not Beauty брэндийн шинэхэн бүтээгдэхүүнүүд нь SZA болон Кендрик Ламарын хамтарсан Grand National Tour аялан тоглолтын үеэр худалдаалагдах ба 23 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Харин SZA-гийн уруулын будалт хэрхэн бүтдэг талаар түүний мейкап артист Дина Пэйли хуваалцсан байна. Ингэхдээ MAC брэндийн Chestnut өнгийн уруул хүрээлэгч болон Make Up Forever брэндийн Rouge Artist Lipstick цуглуулгын Guava нэртэй уруулын будгийг хослуулан SZA-гийн гоёмсог уруулын будалтыг бүтээдэг аж. Мэдээж нэмэлтээр SZA-гийн тун удахгүй худалдаанд гарах Not Beauty брэндийн уруул өнгөлөгчийг ашиглан будалтыг илүү гялалзсан, зөөлөн болгож өгдөг байна. 

Э.Цовоо

2025-04-17, 16:42