Тод нүүрний будаг, хиймэл уруул, хэтрүүлэн борлуулсан арьс зэрэг нь одоо бүдүүлэг хэмээн тооцогдож байна
Орчин үеийн нийгэмд хувь хүний өвөрмөц байдал, дахин давтагдашгүй дүр төрх үнэлэгддэг хэдий ч загварын бизнест эмэгтэй хүний гадаад төрхийг хэд, хэдэн тодорхой төрлүүдэд хуваадаг нь нууц биш билээ. Тодруулбал Жижи Хадид шиг "нялх царай", Наташа Поли шиг "хүчирхэг царай", Ирина Шейк шиг "сурталчилгааны царай", жүжигчин Эмбер Херд шиг "сонгодог царай", модель Молли Бейр шиг "хачирхалтай царай" гэх үндсэн төрлүүд бий.
Сүүлийн хэдэн жилд загварын салбарт "хачирхалтай", тэр дундаа бүр үзэмжгүй гэж хэлж болом дүр төрх хамгийн өндрөөр үнэлэгддэг байсан. Тэгш бус хэмтэй, стандарт бус зүс царай нь high fashion ертөнц руу нэвтрэх баталгаатай тасалбар болж өгдөг байлаа. Гэсэн ч чиг хандлага өөрчлөгдөж, "хачирхалтай царай"-ны оронд noble face буюу "язгууртны царай" гэх нэгэн шинэ ангиллын моделиуд ноёрхож эхэллээ. Энэхүү өөрчлөлт нь Ази тивд хамгийн ихээр мэдрэгдэж байгаа бөгөөд өмнө нь Европ гоо сайхны стандартад нийцэхийг хүсдэг байсан ази бүсгүйчүүд одоо төрөлх, байгалийн гоо үзэсгэлэнгээрээ бахархах болжээ.
Гэхдээ "язгууртны царай" гэх ойлголтыг шууд утгаар нь хүлээж авч болохгүй. Энэ нь gaojilian гэх хятад үгнээс гаралтай бөгөөд тухайн хүний үндэс угсаанаас үл шалтгаалах, байгалиасаа ёс журамтай, эрхэмсэг дүр төрхийг хэлж байгаа юм. "Язгууртны" гэдэг бол дусал андрогин төрх агуулсан (эр ба эм хүйсийн шинж тэмдгүүдийг хослуулсан байдал), бага зэрэг бусдаас ангид мэдрэмж төрүүлсэн, дотогш чиглэсэн нууцлаг харцтай, ухаантай бөгөөд хамгийн гол нь ямарваа нэгэн бүдүүлэг шинж тэмдэггүй, байгалийн царай юм. Тод нүүрний будаг, хиймэл уруул ба хөх, хэтрүүлэн борлосон арьс зэрэг нь одоо бүдүүлэг хэмээн тооцогдох боллоо.
Хятад улсад "noble face"-ийн төгс жишээгээр модель Фей Фей Сун нэрлэгддэг. Тэр бол Австрали, Испани, Турк болон Итали улсын Vogue сэтгүүлүүдийн нүүр дээр гарч байсан, Францын Estée Lauder брэндийн нүүр царайгаар тодорсон, Prada, Chanel, Versace, Calvin Klein, Tommy Hilfiger зэрэг томоохон брэндүүдийн тайзнаа алхдаг, Азийн шинэ мянганыхны шүтээн болсон дэлхийн топ загвар өмсөгчдийн нэг юм.
Харин Европт ийм төрлийн царайтай моделиудыг Стелла Теннантаар төсөөлж болно. Өнөөдөр Стелла 48 настай хэдий ч, түүний язгууртны, ихэмсэг төрх одоо хэрэн загварынхныг бишрүүлсээр байна. Магадгүй Стеллагийн энэхүү үзэсгэлэнт төрх түүний хааны удамтай салшгүй холбоотой байх. Стелла Теннантийн эцэг, эх Девонширийн гүн ба гүнгийн авхай юм.
"Язгууртны царай" төрөлд мөн Эди Кэмпбелл, Суннива Ваатевик, Аризона Мьюз, Саския де Брау, Фредерикке Софи гэх зэрэг загвар өмсөгчдийг хамруулж болно.
Ингээд харахад Европ төдийгүй Ази тивд ч бас гоо сайхны мэс ажилбарууд аль хэдийнэ үнэ цэнээ алдаж, эсрэгээрээ нимгэн уруул, өндөр дух, бага зэрэг зангидсан хөмсөг бүхий байгалийн, ширүүн төрх нь гялгар сэтгүүлүүдийн хуудсыг дүүргэж, бусдад үлгэр дууриалал үзүүлэх дүр төрх болжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт