Дөнгөж угаагаад индүүдсэн даавуу, аянгын дараах цэвэр агаар мэт үнэртэй 8 сүрчиг

Цэвэр, ариун байдлыг илтгэх үнэр

Цэвэр цэмцгэр байдал, ариун чанар зэргийг илтгэх зөөлөн, нарийн орц найрлагатай сүрчигнүүд хэт анхаарал татсан хурц үнэртнүүдтэй харьцуулбал эзнийхээ байгалийн үнэрийг тодотгох дээр төвлөрөн, "цэвэр" нотууд нэмж өгдөг давуу талтай. Яг л савангаар угаасан гар, дөнгөж индүүдсэний дараа бүлээн хэвээр байгаа цэвэрхэн даавуу, аянгын дараах цэвэр агаар мэт үнэртэнэ. Мөн ийм үнэр нь гэртээ ганцаараа байхад ч тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Ингээд бид масс зах зээлд төдийлөн өргөн хүрээнд тархаагүй байгаа шилдэг 8 сүрчгийг танилцуулж байна.


Adr-ett, Nomenclature


Өглөө сэрээд бүлээн шүршүүрт орж, арьс чийгтэй байгаа дээр нь биеийн болон нүүрнийхээ тосыг хурдхан түрхэж, хэдхэн минут зузаан ванны халаат дотроо дулаацсаны эцэст хувцсаа өмсөн гэрээс гарахад бэлэн болно. Яг л ийм өглөө болгоны зан үйлийн дараа бидний биеэс үнэртдэг үл ялиг савангийн аястай, цэвэр цэмцгэр үнэр энэ сүрчигт агуулагджээ.

Blanche, Byredo


Дөнгөж индүүдсэн цэвэрхэн орны даавуу, тусгай шингэнээр цэвэрлэсэн шилэн цонх, эмчийн цагаан халаат зэрэг маш хөнгөн, цэвэрхэн, бараг ариутгасан гэж хэлж болмоор үнэр. Мөн сарнай, цээнэ ба нил цэцэгсийн аяс үл ялиг, маш тунгалаг байдлаар мэдрэгдэнэ.

Dovana, Sylvaine Delacourte


Нялх хүүхдийн үнэртэй зүйрлэж болно. Нунтаг тальк, булбарай зөөлөн арьс, дөнгөж усанд оруулсны дараах чийгтэй даавуу гээд хамгийн зөөлөн, сэтгэл уярам үнэрүүд. Найрлагад зандан мод, ваниль, цахилдаг, нероли, заар орсон байгаа.

Lazy Sunday Morning, Replica, Margiela


Амралтын өдрөө өглөөнөөс орой хүртэл орондоо хэвтэж өнгөрүүлж үзсэн л биз дээ? Унтаад сэрсний дараа бага зэрэг үрчийсэн шинэхэн орны даавуу, дэрэн дээр тусах нарны зөөлөн туяанууд, цэвэр агаар оруулахаар онгойлгосон цонх гээд яг л тэрхүү Ням гарагийн залхуу өглөөг мэдрүүлэх үнэртэн. Хөндийн сараана цэцэг, заар хоёр нэгдсэнээр ийм үр дүнд хүрсэн байгаа.

Paris Swim/SX, Pierre Guillaume


Номхон далайн замаг, Энэтхэгийн маалинга, иланг-иланг ургамал ба заарыг нэг найрлагад нэгтгэснээр далайд сэлээд гарч ирсний дараа нарны элчийг арьсандаа мэдрэн, буудлын цэмцгэр алчуур дээр хэвтэж буй мэт үнэрийг бий болгожээ.

Fresh Laundry, Clean


Энэ үнэртний тохиолдолд шинэхэн угаасан орны даавуугаа гадаа агаарт хатааж буй мэт мэдрэмж төрнө. Салхи зөөлөн үлээж, дэргэд цэцэгс ургамал анхилж, дээрээс нар ээнэ. Угаалгад ашигласан даавуу зөөлрүүлэгчийн зөөлөн үнэр, наранд бүлээн болсон даавууны мэдрэмж гээд бидний хүүхэд насыг санагдуулах дулаан дурсамжуудыг бий болгоно.

Sienne I'Hiver, Eau d'Italie


Хоёрдугаар сарын сүүлийн өдрүүдэд хаврын үнэр хүчтэй орж ирдэг. Нойтон мөчрүүд, хайлж эхэлсэн горхинууд, шинэхэн цэвэр агаар гээд л. Чийгтэй хөрснөөс ууршилт явагдаж, өдрүүд жавартай ч нарлаг болсон байдаг. Сүрчигний найрлагад хадсан өвс, трюфель, ойм, нил цэцэг оржээ.


Clean Skin, Demeter


Жимсний орцтой савангаар арьсаа цэвэрлэж, чихэрлэг скрабаар гуужуулж, дараа нь дахин хэд, хэдэн удаа сайтар усаар зайлсны дараа арьс хэтэрхий цэвэрхэн болсондоо бага зэрэг улайсан байна. Харин тэрхүү цэвэрхэн арьсаа алчуураар сайтар арчиж, хөнгөн бүтэцтэй тальк түрхэхэд яг л "Clean Skin" сүрчиг шиг үнэртэнэ. Найрлагад тоор, жүрж, ваниль орсон байгаа.

 

Buro.Mongolia

2020-04-16, 16:00

  • Зураг: Buro.Russia