Дэлгүүрээр хийсэн аялал
Бид та бүхэнд энэ долоо хоногт гоо сайхны ертөнцөд гарсан хамгийн сонирхолтой мэдээнүүдийг хүргэж байна. Үүнд шинэ технологи бүхий шөнийн маск , Парисын Тюильри хүрээлэнгийн үнэр мөн Флорида мужийн олон өнгө багтсан байгаа
Үнэртэн Paris Premieres Roses, YSL
Нар мандахын өмнөх Тюильри цэцэрлэгт хүрээлэнг санагдуулам өнгө аястай Paris Premieres Roses үнэртний найрлагад нил цэцгийн нунтаг, жүржийн модны нероли тос болон нохойн хошуу оржээ. Эдгээр гол орцнуудаас гадна уг сүрчигт мөн сараана цэцэг, зандан мод ба цагаан заар багтаж, романтик мэдрэмж бий болгосон байна. Гэхдээ найрлагын хамгийн гол орц бол мэдээж хэрэг Дамаскийн сарнай юм. Парис хотын хаврын үнэрийг мэдрэхийг хүсвэл энэ сүрчгийг туршаад үзээрэй.
Царцмаг бүтэцтэй шөнийн маск ба ВВ-крем Hydra Life, Dior
Dior-ын Hydra Life цуглуулгад царцмаг бүтэцтэй шөнийн маск, ВВ-крем ба нэг удаагийн чийгшүүлэгч маск гэх гурван шинэ бүтээгдэхүүн нэмэгдлээ. Dior-ын хамт олон эдгээр бүтээгдэхүүнийг солонгос мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар боловсруулсан байна. Хамтын ажиллагааны үр дүнд солонгос технологиор бүтсэн, европ маягийн тансаг бүтээгдэхүүнүүд бий болжээ. Шөнийн маск нь маш хөнгөн бүтэцтэй тул арьсанд хүрмэгцээ ус болон хувирч, ямар нэгэн хүнд мэдрэмж төрүүлэлгүйгээр, гүн чийгшүүлэх болно. ВВ-крем нь мөн адил нэлээд хөнгөн бүтэцтэй бөгөөд хаврын дулаан өдрүүдэд хамгаас тохиромжтой юм. Энэ бүтээгдэхүүн нь арьсыг маш нимгэн бүрхэхийн зэрэгцээ тэжээл үзүүлэх үйлчилгээтэй гэнэ. Харин нэг удаагийн чийгшүүлэгч маскийг зун болтол хүлээх хэрэг гарах нь ээ. Dior уг маскийг аяллын цаг үетэй давхцуулах зорилгоор зуны улиралд худалдаанд гаргах төлөвлөгөөтэй байна.
Нүүр будалтын цуглуулга London with Love, Burberry
Burberry брэндийн, бүхэлдээ ягаан өнгөнөөс бүрдсэн шинэ цуглуулга Валентины өдөр, Мартын 8, эсвэл тавдугаар сарын 1-ний өдөрт тусгайлан зориулагдсан мэт сэтгэгдэл төрүүлж, "онцгой" харагдана. Гэхдээ энэ нь ердөө л хаврын дулаан улирлыг илтгэх романтик уур амьсгалтай, өдөр тутамд хэрэглэж болох энгийн цуглуулга юм. Брэндийн төлөөлөгчид ягаан зүрх бүхий дүрстэй хацар өнгөлөгчийг онцолж, Lip & Cheek Bloom гэх тосон бүтэцтэй бүтээгдэхүүний хамтаар ашиглахыг санал болгож байна. London with Love цуглуулгад түүнчлэн Kisses ба Lip Velvet нэртэй хоёр төрлийн бүтэцтэй уруулын будаг, мөн хоёр өнгийн хумсны будаг орсон байгаа. Одоогоор цуглуулга зөвхөн брэндийн албан ёсны вебсайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлийн өдрүүдээс эхлэн дэлгүүрүүдээр тавигдах гэнэ.
Зуны өнгөтэй хумсны будаг Lounge Lover, Essie
Зун цаг сайхан шүү. Бидний эргэн тойрон дахь байгаль орчин сэргэж, гудамжинд алхах бүсгүйчүүд ба залуус тод өнгөөр хувцаслаж эхэлдэг. Өвлийн хар бараан уйтгартай өдрүүдтэй харьцуулбал жинхэнэ солонгорсон диваажин л гэсэн үг. Essie брэндийн хамт олон энэхүү өөдрөг, өнгөлөг улирлыг эртнээс угтан авч, ягаан, улбар шар, цэнхэр ба ногоон өнгөнүүдээс бүрдсэн шинэ цуглуулга танилцууллаа. Тэд зөвхөн нэг өнгийг дангаар нь биш, харин хоёр гурван төрлийн туяаг хооронд нь хольж, "nail art" хийж, хумсаа чимэхийг санал болгож байна.
Матт эффекттэй суурь крем Velvet Matte Skin Tint, NARS
Арьсыг маш нимгэн бас хөнгөн бүрхэх хэрнээ өө сэвийг дарж, гадаргууг нь гөлгөр болгох ид шидийн үйлчилгээтэй Velvet Matte Skin Tint крем нь тослог арьстай хүмүүсийн мөрөөдлийн бүтээгдэхүүн болоод байна. Шинэ бүтээгдэхүүний найрлага дахь С ба Е амин дэм болон өндөр агууламжийн spf нь арьсыг нарны хорт туяанаас хамгаалж, тэжээл өгөх болно. Крем найман төрлийн өнгөний сонголттой гарсан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт