Гэрэлтсэн, эрүүл арьсны нууц: Зөөлөн пилинг ба С витаминтай серум

Бодит үр дүн

Гоо сайхны ертөнцөд аль эртнээс л байгалийн төрхийг эрхэмлэж, будаг их хэрэглэсэн, эсвэл мэс заслын ачаар хэт хиймэл болсон гэхээс илүү үрчлээ суусан ч хамаагүй гол нь эрүүл, гадаргуу нь гөлгөр, гэрэлтсэн арьс хүнийг хамгаас үзэсгэлэнтэй харагдуулдгийг онцолсоор ирсэн билээ. Хуурайшиж, үхэжсэн эд эсүүдийг гуужуулан гүн цэвэрлэсэн, сайтар чийгшүүлсэн арьсан дээр байгалийн гялбаа үүсэж, яг л дотроосоо гэрэлтэж буй мэт харагддаг юм.

Тэгвэл ийм үр дүнд хэрхэн хүрэх вэ гэж үү? Юуны түрүүнд зөөлөн үйлчилгээтэй пилингүүд, С витаминтай серумууд болон чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүд хэрэг болно. Хуурайшиж, тэжээлээ алдсан арьс эрүүл харагддаггүй гэдгийг сайтар санаарай.

Өөрийн арьсанд тохирсон гуужуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн олж, түүнийгээ тогтмол бөгөөд зөв хэрэглэж занших нь их чухал. Үүнд найрлагадаа хүчил агуулсан бүтээгдэхүүнүүд, жимсний болон бактерийн ферменттэй бүтээгдэхүүнүүд, эсвэл зөөлөн үйлчилгээтэй скрабууд багтах юм. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсыг өнгөө алдсан харагдуулдаг хуурайшиж, эвэршсэн эсүүдийг арилгаж өгдөг байгаа. Гэрийн нөхцөлд хэрэглэж болох пилингүүд эмийн сангийн, тансаг зэрэглэлийн, масс зах зээлийн, салоны гээд бүх брэндэд бий.

Арьсыг гэрэлтэхэд тусалдаг өөр нэгэн чухал орц бол С витамин юм. Энэхүү хүчтэй антиоксидант нь арьсан дахь коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлж, үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны гадаргууг жигд болгодог давуу талтай. Мэргэжилтнүүд ихэвчлэн С витамины 5% дээш концентрацтай бүтээгдэхүүнийг үр дүнтэй гэж үздэг бөгөөд ихэнх бүтээгдэхүүний савлагаан дээр хэдэн хувийн агууламжтай болох нь заагдсан байдаг.

Эцэст нь арьсаа сайтар чийгшүүлэхээ мартаж болохгүй. Тэжээлээ алдсан арьсанд байгалийн орц найрлагатай, гиалуроны хүчил, глицерин, амино хүчил болон гликозаминогликан агуулсан бүтээгдэхүүн хэрэг болно. Харин хуурайшсан арьсанд дээр дурдсан орцнуудаас гадна эфирийн тос, керамид, силикон болон эрдэс тос ач тустай байна.

Buro.Mongolia

2020-04-30, 10:00

  • Зураг: