Хамгийн гоёмсог хумс будалтын санаануудтай Instagram хуудсууд

Дараагийн удаа маникюр хийлгэхдээ гоо сайханчдаа эдгээр санаануудыг харуулаарай

nail_unistella

Сөүл хотод өөрийн гэсэн салон эзэмшдэг Парк Ёнкянг гэх Солонгос бүсгүйн нээсэн Unistella нь нейл-арт чиглэлээрээ Instagram сүлжээнд хамгийн алдартай, хамгийн гоёмсог санаануудтай хуудаснуудын нэг юм. Парк Ёнкянг полимер шавар, хуванцар, шил, шигтгээ, тугалган цаас, даавуу, LED гэрэл гээд байж болох бүхий л материалуудыг ашиглан өвөрмөц нейл-арт хийдэг. Ихэнх хумс будалтын трендүүд түүний санаануудаас эхэлдэг бөгөөд Julien Macdonald гэх зэргийн дэлхийн дизайнерууд хүртэл түүний санааг өөрсдийн загварын шоундаа ашигладаг билээ.

hounail

Энэхүү хумсны дизайнаар мэргэшсэн студийн Instagram хуудаст гурван мянга гаруй будалтын санаа бий. Уг студийн мэргэжилтнүүд төрөл бүрийн аргачлалуудыг хооронд нь гэнэтийн байдлаар хослуулж, ихэнхдээ цайвар эсвэл тунгалаг суурь будган дээр ажилладаг.

JINsoon

JINsonn хумсны будгийн брэндийн үүсгэн байгуулагч Жин Сун Чойн Instagram хуудаснаас тод өнгөтэй, график хэлбэр дүрстэй, орчин үеийн шийдэлтэй будалтын санаанууд олох боломжтой. Тэрээр Нью-Йорк хот руу нүүн шилжиж, олон жилийн турш загварын долоо хоногууд дээр туршлага хуримтлуулснаар өдгөө 3.1 Phillip Lim, Tibi, Marc Jacobs, Derek Lam гэх зэрэг том брэндүүдтэй хамтран ажилладаг болсон. Жин Сун Чой өөрийн бүтээлдээ Ази хэв маягийг голчилж, минимал дизайн эрхэмлэдэг байгаа.

Paintbox

Нью-Йоркд үйл ажиллагаагаа явуулдаг Paintbox хумсны студийн албан ёсны Instagram хуудаснаас color blocking аргачлалаар хийгдсэн тод өнгөтэй, анхаарал татам дизайнуудыг олж харна. Энэ хуудас нь мөн гялалзсан, эсвэл металл өнгө ашигласан будалт сонирхдог хүмүүст гарцаагүй таалагдана.

Olive & June

Калифорниягийн хумсны сүлжээ салоныг эзэмшдэг @olive & June хуудас нь өөрийн ургамал ба цэцэгсийн сэдэвтэй, романтик, эмэгтэйлэг хэв маягтай буудалтуудаараа алдартай. Дрю Бэрримор, Жессика Альба, Гвен Стефани ба Лена Данэм нар уг салоны байнгын үйлчлүүлэгчид билээ.

misspopnails

Энэ хуудсыг Miss Pop хочоороо алдартай хумсны мэргэжилтэн Симча Уайтхилл хөтөлдөг юм. Симча бараг бүхий л загварын долоо хоногууд дээр ажилладаг бөгөөд алдартнуудын зураг авалтад зориулан тогтмол маникюр хийдэг. Тэрээр мөн сүүлийн жилүүдэд дизайнер Жереми Скоттай хамтран ажиллаж байгаа бөгөөд Moschino ба Jeremy Scott брэндүүдийн загварын шоу дээрх өнгөлөг, өвөрмөц буудалтуудын санааг гаргасан байдаг.

aliciatnails

Холливүүдийн хумсны мастер Алиша Тореллогийн Instagram хуудас танд олон шинэлэг санаа өгнө гэдэгт итгэлтэй байж болно. Тэрээр төрөл бүрийн техникүүдийг хооронд нь маш зоригтойгоор хослуулж чаддаг. Алиша тухайлбал зөвхөн хумс гэлтгүй мөн хумсны махыг төрөл бүрийн байдлаар чимж, ирвэсний хээтэй нарийхан зураас зурах гэх мэт бусдаас өөр дизайн сэддэг байгаа. Тэрээр Christian Louboutin, Cushnie et Ochs, Oscar de la Renta ба Creatures of Comfort брэндүүдтэй хамтран ажилладаг.

mpnails

Sally Hansen маркийн элч, хумсны мастер Мадлен Пулын Instagram хуудсанд хамгийн сүүлийн үеийн будалтын чиг хандлагуудын зэрэгцээ хүмүүсийн тэр бүр мэддэггүй шинэлэг санаанууд байршсан байдаг. Тэрээр тухайлбал хумсны үзүүрийг дотор талаас нь шигтгээ, саагаар чимж, төрөл бүрийн логотой будалт хийх дуртай. Мадлен ихэвчлэн загварын сэтгүүлүүдийн зураг авалтууд дээр ажилладаг бөгөөд түүний үйлчлүүлэгчид дунд Наталья Водянова, Кристен Уиг, Ванесса Паради гэх зэрэг алдарт бүсгүйчүүд бий.

Buro.Mongolia

2018-03-21, 10:00