1990-ээд оны хөвсгөр үсний засалт эргэн ирлээ: Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Сүүлийн үед загвар, гоо сайхны салбар 1990-ээд оныг ихэд санагдуулах болжээ. Тухайлбал, 90-ээд онд Келвин Клайн, Анн Демельмистер, Хелмут Лан зэрэг деконструктивист дизайнеруудын дэлгэрүүлж байсан минимал хэв маяг орчин үед сэргэн мандаад байгаа юм. Энэ нь өө сэвгүй цэмцгэр хувцаслалтаар тодорхойлогдох “quiet luxury” стиль сая сая хүмүүсийн анхааралд өртөж тренд болоход нэг талаас нөлөөлсөн байх ч өндөр магадлалтай. Тэгвэл загвараа дагаад тухайн үед хүмүүсийн хэрэгжүүлдэг байсан гоо сайхны төрхүүд ч мөн айлчлан иржээ. Үүний нэг нь үл ялиг долгионтой, хөвсгөр болгон загварчилсан үсний засалт юм.

“Супермодель” хэмээх үзэгдэл оргил цэгтээ хүрсэн 1990-ээд онд алдар цуутай загвар өмсөгчдийн тоонд ордог байсан Синди Кроуфордын үс бол энэхүү засалтын төгс жишээ билээ. Түүн шиг угаасаа эхлэн хөвсийсөн, долгионтой намирсан үстэй болоход туслах хэд хэдэн арга байдгийг дэлгэрэнгүй танилцуулъя.


Алхам 1: Үсээ шатлах

Тэгшхэн тайралтаас илүү шаталсан засалттай үсэн дээр энэхүү стиль нь илүү тодорч харагддаг. Тэгш тайрсан үсний угийг босгох боломжтой ч үл ялиг хайхрамжгүй, замбараагүй шик харагдах ёстой энэхүү засалтын мөн чанар ийм засалт дээр ялгарч ирэхгүй байх боломжтой. Тиймээс та юун түрүүнд үсчин дээрээ очин хагас дугуй, аль эсвэл нүүрний хэлбэрийг зөв харагдуулдаг ач холбогдолтой face framing шатлалаас сонгон хэрэгжүүлэх боломжтой.


Алхам 2: Сууриа бэлдэх

Юуны өмнө үсний индүү, хайч, сэнс зэргийг ашиглахаасаа өмнө бэлтгэл ажлаа хийх хэрэгтэй. Алдартнуудын үсний стилист Санни Брук угаасан үсэндээ хөвсийлгөгч хөөс, цацлага гэхчлэн өөрт тохирсон стайлинг бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөжээ. Мөн хөвсийлгөгч шампунь болон ангижруулагч давхар хэрэглэх боломжтой. Хүмүүс ихэвчлэн энэхүү үе шатыг алгасаж үс хэвээ удаан барихгүй байх, анхнаасаа хэвд орохгүй байх гэсэн асуудалтай тулгардаг билээ.


Алхам 3:

  • Сэнс болон бөөрөнхий сам

Бигуди, бөөрөнхий сам, сэнс ашиглах нь хамгийн сонгодог, түгээмэл хэрэглэгддэг аргуудын нэг юм. Та нойтон үсээ хоёр хажуу тал, орой гэсэн гурван хэсэгт хуваагаад багц багцаар нь бөөрөнхий самныхаа тусламжтай сэнсээр үлээлгэн хатаах хэрэгтэй. Ингэхдээ үснийхээ үзүүр хэсгийг дотогш эргүүлж хэлбэржүүлээрэй. Үүний дараа хэлбэржүүлсэн багц үсээ бигудиэрээ ороож хавчаараар тогтооно. Өөрөөр хэлбэл, хамгийн эхэнд нойтон үсээ сэнсдэхэд эвтэйхэн болгон хувааж, дараа нь бөөрөнхий сам, сэнснийхээ тусламжтай нэг багц үснийхээ үзүүрийг хэлбэржүүлэн хатааж, эцэс сүүлд нь бигудиэрээ ороон тогтоох дараалалтай гэсэн үг. Энэ жишгээр үлдсэн үснүүдээ стайл хийгээрэй.

  • Үсний индүүний арга

Хэрэв бөөрөнхий сам ашиглах ярвигтай санагдаж байгаа бол үсний индүүгээр орлуулах боломжтой. Үүний тулд нойтон үсээ юун түрүүнд сэнсээр хатаана. Улмаар индүүнийхээ тусламжтай багц үснийхээ үзүүрийг дотогш татаж хэлбэржүүлнэ. Сүүлд нь мөн л бигудиэ ашиглаж үсээ тогтоох хэрэгтэй. Хэлбэрээ удаан хадгалахыг хүсэж байгаа бол зориулалтын спрей, лак хэрэглээрэй.

Санаад авахад илүүдэхгүй багахан зөвлөмж

  • Сэнс ашиглахдаа толгойгоо доош чиглүүлснээр үс илүү хөвсгөр болдог.
  • Бигудиэ ашиглахын өмнө сэнсээр халааснаар үс хурдан хэлбэржихэд тусалдаг.
  • Хуурай шампунь нэмэлтээр хэрэглэх нь богино хугацаанд үс тослогдохоос сэргийлж, хэлбэрээ удаан хадгалахад тусалдаг.

Б.Энххүслэн

2023-06-14, 18:01