2020 оны хамгийн чухал 5 гоо сайхны тренд

Business of Fashion сэтгүүлийн мэргэжилтнүүд ойрын ирээдүйг зөгнөж байна

2020 онд дэлхийн гоо сайхны салбар ямар чиглэлээр хөгжиж, энэ салбарт юу тохиолдох вэ? Business of Fashion сэтгүүлийн мэргэжилтнүүдийн урьдчилан таамаглаж буйгаар энэ онд ухаалаг хэрэглээ, найрлагадаа ус агуулаагүй бүтээгдэхүүнүүд эрэлттэй байж, томоохон компаниуд "цэвэр найрлага" буюу парабен, сульфат, фталат болон өөр ямар нэгэн эрсдэлтэй орц агуулаагүй байгалийн найрлага руу шилжиж, олон нийтийн сүлжээний инфлюэнсерүүд тоолшгүй олон гоо сайхны брэнд үүсгэн байгуулж, брэндүүд харин шинэ үеийн олон нийтийн сүлжээнүүдийн тусламжтай хэрэглэгчидтэйгээ харилцахыг илүүд үздэг болох гэнэ.

Ерөнхийдөө энэ дундаас 2020 оны хамгийн гол бөгөөд чухал гоо сайхны тренд бол ухаалаг, тогтвортой хэрэглээ юм. Худалдан авагчид улам л байгаль орчиндоо санаа тавьдаг болж, авч буй бүтээгдэхүүнийхээ найрлага, цаашлаад байгаль дэлхийд үзүүлэх нөлөөг нь тооцолдог болсон. Иймээс олон брэндүүд бүтээгдэхүүнийхээ савлагааг дахин боловсруулсан материалаар үйлдвэрлэж, үүндээ ч онцгой ач холбогдол өгөн сурталчилдаг болсон билээ. Энэ чиг хандлага нь цаашид улам дэлгэрсээр байх болно.

Бүтээгдэхүүний найрлагын аюулгүй байдал бол бас нэгэн олны анхаарлын төвд байгаа чухал асуудал юм. Одооноос томоохон компаниуд болон брэндүүд хуучин найрлагуудаа өнгөрсөнд үлдээж, ямар нэгэн эргэлзээтэй бөгөөд эрсдэлтэй орц агуулаагүй clean beauty бүтээгдэхүүн гаргах нь олширч байгаа билээ.

Компаниуд мөн усаа хэмнэхийг уриалан найрлагадаа ус агуулаагүй бүтээгдэхүүн гаргаж эхлээд байгаа. Үүний улмаас нунтаг бүтэцтэй төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд улам л эрэлттэй болж, аль болох усны хэрэглээг багасгах маркетингийн бодлогууд хэрэгжиж байгаа.

Өнгөрөгч 2019 онд гоо сайхны салбарт алдартнуудын үүсгэн байгуулсан брэндүүдийн тоо дээд цэгтээ хүрэн тэсрэлт болсон гэж хэлж болно. Леди Гага, Роузи Хантингтон-Уайтли ба Трейси Эллис гээд олон алдартнууд өөрийн гэсэн бьюти брэнд гаргаад амжсан. Тэгвэл энэ 2020 онд олон нийтийн сүлжээн дэх инфлюэнсерүүдийн ээлж ирэх болно. Харин тэд шинэлэг, сонирхолтой, тустай брэнд үүсгэн байгуулж чадах эсэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Instagram ба Facebook нь одоо өнгөрсөн үеийн олон нийтийн сүлжээ хэмээн тооцогдох болсон. Харин яг одоо хамгийн их өсөлттэй байгаа тавцан бол TikTok. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар хэрвээ та худалдан авагчидтайгаа амжилттай холбоо тогтоохыг хүсэж байгаа бол TikTok зэрэг шинэ үеийн олон нийтийн сүлжээнүүдийг түлхүү ашиглах хэрэгтэй юм.

 

Buro.Mongolia

2020-01-07, 09:00