Үдшийн нүүр будалтын 5 чиг хандлага

Y2K, ретро, тод ягаан будалт болон бусад


Y2K ЭРИН ҮЕИЙН БУДАЛТ

Белла Хадид, Лили Роуз Депп, Дуа Липа болон бусад Холливүүдийн алдартнуудын мейкап артист Марсело Гутьеррес шинэ жилийн баярын үдэшлэгтээ Z үеийнхний дурлаад буй Y2K хэв маягийн нүүр будалт хийхийг зөвлөж байна. Ерөнхийдөө Y2K буюу 1990-ээд оны сүүлээс эхлэн 2000-аад оны дунд хүртэлх үеийн загвар болон гоо сайхны чиг хандлагууд энэ жил маш эрэлттэй байлаа. Марсело Гутьеррес зөвлөхдөө гялалзсан металлик болон пастель өнгөнүүдийг зоригтой ашиглаж, гоёлын шигтгээнүүдээр мөн төрхөө чимэхийг уриалсан юм. Ингэхдээ нүд, эсвэл уруулаа заавал металлик эффекттэй будгаар тодруулж, арьсаа ямар ч өө сэвгүй харагдуулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн юм. Мөн хиймэл сормуус нүдэндээ нааснаар нүд илүү том, харц илүү тодрох болно.


К-ПОП ОДДЫН ЗӨӨЛӨН БУДАЛТ

К-поп охидын хамтлагийн гишүүдийн будалтыг хэзээ ч хэтрүүлэгтэй гэж нэрлэх боломжгүй аж. Тэд гялалзсан эрүүл арьсаараа гоёж, зөөлөн будалтууд хэрэгжүүлснээр байгалийн төрхийг улам л эрэлттэй болгосоор байна. Иймд к-поп хэв маягийн будалтад хамгийн гол нь чийглэг, гялалзсан арьс чухал тул арга хэмжээний өмнөх орой болон будалтынхаа өмнө арьсаа сайтар чийгшүүлж, тордоорой. Мөн нүдний доорх хөх туяаг арилгах зорилгоор доод зовхин дээрээ гелэн бүтэцтэй зовхины маск тавьж болно. Харин будалтын хувьд саатай ягаан тень, шингэн бүтэцтэй хацар өнгөлөгч, уруул өнгөлөгч, эсвэл матт уруулын будаг байхад л хангалттай. Түүнчлэн солонгос охидын дунд өнгө өнгийн нүдний линз маш эрэлттэй бөгөөд та өөрт таалагдсан өнгөө сонгон хэрэглээрэй.


МӨНГӨЛӨГ ГЯЛАЛЗСАН СААТАЙ НҮДНИЙ БУДАЛТ

Шинэ жилийн үдэшлэгийн гоо сайхны төрхөө гялтганасан саагүйгээр төсөөлөхгүй байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. Гял цал, хээнцэр хэв маяг бүрдүүлэхэд мэдээж гялалзсан саа болон шигтгээнүүд хэрэг болдог. Яг одоо TikTok дээр “snowy angel” гэх нэртэй нүдний мөнгөлөг саа давамгайлсан бичлэгүүд маш их үзэлттэй байна. Уг будалтыг хэрэгжүүлэхийн тулд дээд зовхин дээрээ нүдний праймер түрхэж, саарал тениэр будаж, хавтгай багсаар тараана. Дараа нь давхрааны дээд болон хөмсөгний доод хэсэгт саагаа түрхэнэ. Сүүлд нь нарийн цагаан контураар нүдний төгсгөл болон урд хэсгийг будах хэрэгтэй. Харин уруулаа тод ягаан, эсвэл улаан өнгөөр будвал зохимжтой.

Tory Burch 2023
@nikki_makeup
@jellybean_xxdd

VALENTINO ТОД ЯГААН НҮДНИЙ БУДАЛТ

Энэ онд загварын ертөнц тэр чигтээ Барби хүүхэлдэйг санагдуулам Valentino-гийн тод ягаан өнгөөр амьсгалсан гэхэд хилсдэхгүй. Тиймээс өнгөлөг будалт хийхийг хүсэж буй уншигчид маань энэхүү өнгийг ашиглан гоёлын будалт хийгээрэй. Санаа авахыг хүсвэл намар-өвөл 2023 улирлын загварын шоунууд дээр тайзнаа алхсан моделиудын будалтуудыг анхааралтай ажиглахыг зөвлөж байна. Неон ягаан контур, нүдний тень, харандаа гээд хүссэн бүтээгдэхүүнээ ашиглан хэн бүхний харцыг булаах будалт хэрэгжүүлээрэй.

@valentino.beauty
Lanvin 22/23
Valentino 2022/23

60-ААД ОНЫ РЕТРО БУДАЛТ

Алдарт Брижит Бардо, Твигги нарын нэрийн хуудас болсон өргөн хэлбэртэй контур, урт хиймэл сормуус, пастель өнгийн тень гээд 1960-аад онд зонхилж байсан трендүүдийг санаж байна уу? Тэгвэл үдэшлэгтээ зориулж ретро хэв маягийн будалт хэрэгжүүлэх цаг иржээ. Ингэхдээ хоёр зураас бүхий, эсвэл харандаа ашиглан дээд зовхин дээрээ маш урт, өргөн контур зурах хэрэгтэй. Илүү сүрлэг, тод будалт хийхийг хүсвэл шингэн, гелэн бүтэцтэй контур, эсвэл өргөн үзүүртэй харандаа ашиглахад тохиромжтой. Харин зөөлөн бүтэцтэй, нарийн үзүүртэй харандаагаар доод сормуусны дотор талыг тодруулж болно. Мөн дээд болон доод сормуусаа хар будгаар тодруулан будна.

Buro.Mongolia

2022-12-20, 12:01