Энэ зун зонхилох үс засалтын 6 чиг хандлага
Загварын орднуудын хавар-зун 2024 улирлын шоунууд болон улаан хивсний ёслол, томоохон арга хэмжээнд уригдан ирсэн алдартнуудын бүрдүүлсэн өнгө төрхийг ажвал энэ зун төрөл бүрийн боб тайралт, 1990-ээд оныг санагдуулам хөвсгөр, долгионтой үс засалт, зөгийн бал мэт шаргал өнгө тренд болох хандлагатай байна. Хэрвээ та дүр төрхөө өөрчилж, шинэ хэв маягийг туршихаар зэхэж байгаа бол анхаарлаа нааш хандуулан, бидний танилцуулах гэж буй үс засалтуудаас санаа аваарай.
Белла Хадид, Приянка Чопра, Адриана Лима, Эмма Робертс зэрэг алдартнуудтай ажилладаг үсний стилист Лаура Полкогийн харж буйгаар "2023 онд цэмцийтэл нь шуусан, гөлгөр үс эрчээ авч байсан бол энэ жил эсрэгээрээ хөвсгөр, том долгионтой, намирсан үс тренд байх болно" хэмээжээ.
Мөн энэхүү засалтыг хэрэгжүүлэхдээ индүүний оронд бөөрөнхий сам болон сэнс ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөжээ. Сэнсээр хэвд оруулсан үс илүү хөвсгөр, өтгөн, мөн гоёмсог харагддаг байна.
1960-аад онд зонхилж байсан пикси тайралт энэ зуны гол трендүүдийн нэгээр тодорчээ. Энэхүү тайралтыг хэрэгжүүлэхэд бага зэрэг зориг шаардагдах хэдий ч эргээд танд загварлаг, шинэлэг мэдрэмжийг өгнө гэдэгт эргэлзэхгүй байж болно. Түүнчлэн үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Флоренс Пьюгээс эхлээд Зои Кравиц, Кара Делевинь гээд олон алдартнууд тус үс засалтаар хэв маягаа бүрдүүлэх дуртай байдаг билээ.
Өнгөрсөн жилийн турш эрчээ алдаагүй боб тайралт хэсэгтээ л тренд байх бололтой. Харин энэ удаа илүү дундаж урттай, доод хэсгийг нь бөмбийлгөн ороосон миди боб, хойд хэсгээсээ эхлэн богиносгож тайрсан микро боб, бага зэрэг замбараагүй хэдий ч маш загварлаг харагдуулдаг долгионтой боб гээд уг засалтын бүх төрлүүд энэ зуныг ноёрхох болно.
Мөрнөөс доош урттай үсэнд тохирдог хамгийн сонгодог үс засалтуудын нэг бол шатлалттай тайралт билээ. Энэхүү үс засалт нь ямар ч царайны төрх, толгойны хэлбэртэй хүмүүст тохирдог гэдгээрээ алдартай хэдий ч түлхүү өтгөн, шулуун үстэй хүмүүст илүү тохиромжтой харагддаг. Мөн шаталсан үсийг загварчлахдаа сэнс, эсвэл үсний индүү ашиглан сул долгион оруулж өгвөл илүү дур булаам, эмэгтэйлэг харагдуулж өгдөг увдистай.
Энэ улиралд богино чёлка гол үс засалтуудын нэг болно гэдгийг Gucci , Bottega Veneta, Bevza загварын орднууд батлан харуулж чадлаа. Бага зэрэг арчилгаа шаардагддаг ч өхөөрдөм атлаа гэнэн хонгор мэдрэмжийг өгдөг тус чёлка нь ихэвчлэн өргөн духтай хүмүүст тохирдог аж. Хэрэв та жижигхэн духтай бол шанаа дагасан урттай, налуу чёлка тавихыг зөвлөж байна.
Саяхан жүжигчин Зендея Challengers киноныхоо нээлтэд зориулан зөгийн бал мэт гоёмсог шаргал өнгөөр үсээ будаж, нийгмийн сүлжээг тэр чигт нь донсолгоод амжсан. Ийнхүү тус өнгө нь энэ зуныг тэргүүлэх гол өнгөнүүдийн нэг болох нь тодорхой болсон юм. Харин үсний стилист Коди Ренегарын зөвлөж буйгаар "Энэ зун дулаан суурьтай, шаргал өнгөнүүд зонхилох болно. Юуны өмнө та үсээ цайруулахаар шийдсэн бол гэртээ дур мэдэж бус мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна" хэмээжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт