Авангардаас эхлээд футуризм хүртэл: XX зууны алдарт уран бүтээлчдийн зурсан хөлбөмбөгийн тухай таван зураг

Хөлбөмбөгийн спорт алдарт уран бүтээлчдэд хэрхэн урам зориг өгч байсан бэ?

Хөлбөмбөгийг хайрлах бас нэгэн шалтгаан бол мэдээж энэхүү спортын гоо үзэсгэлэн. Бүр эртний Хятад, дундад зууны Европт бөмбөгтэй тоглож байгаа зургууд дүрслэгдэн үлдсэн байдаг. Харин XX зуунд уран бүтээлчид хөлбөмбөгийн спортын эрч хүч, гоо сайхан, тэсвэр тэвчээрээс урам зориг авч, энэ төрөлд бүр ч илүү анхаарал хандуулах болсон юм. Хөлбөмбөгийн спортыг XX зууны таван алдартай уран бүтээлч хэрхэн өөрсдийнхөөрөө харж байсныг Бюро 24/7 үзүүлж байна.

Анри Руссо. "The Football Players" (1908)

"Naïve" урлагийн хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг Анри Руссог бид түүний ширэнгэн ой дахь бартай зургаар ("Tiger in a Tropical Storm") нь маш сайн мэднэ. Тэгвэл түүний хөлбөмбөгийн тоглогчидтой зураг нь олонд төдийлөн танигдаагүй бүтээл юм. Францын уран бүтээлч Анри Руссо нь хэдийгээр ширэнгэн ойг өөрийн нүдээр хэзээ ч харж байгаагүй боловч хөлбөмбөгийн тоглолтыг төрөлх нутагтаа маш олон удаа амьдаар нь үзсэн гэдэгт бид итгэлтэй байна. "The Football Players" зураг нь түүний бусад бүтээлүүдийн адил тод өнгөөр нүд баясгана. Зургийн баатруудын судалтай, гимнастикийн хувцаснуудыг харахад тэд уран бүтээлчтэй ижил цаг үед амьдарч байсан нь тодорхой болно. Одоо энэхүү бүтээл нь Соломон Гуггенхаймын музейд хадгалагдаж байна.

Умберто Боччони. "Dynamism of a Soccer Player" (1913)

Толгой эргэм, биднийг тархиа ажиллуулахад хүргэх энэхүү бүтээлийг уран зургийн ертөнцөд футуризмын үндэс суурийг тавилцсан Умберто Боччони зурсан юм. Боччони Европын утга зохиолын салбар дахь футуризмын эцэг гэгддэг Филиппо Томазо Маринеттигээс санаа авч үүнийгээ уран зурагт тохируулан шинэчилсэн байдаг. Тэрээр "Manifesto of Futurist Painters", "Technical Manifesto of Futurist Painting" гэх зэрэг бүтээлүүдийг урласан юм. Умберто Боччонигийн "Dynamism" цуврал зургуудын нэг болох энэхүү хөлбөмбөгчний хөдөлгөөнийг харуулсан бүтээлийг ойлгохын тулд нэлээд хичээх хэрэг гарна. Уран бүтээлч уг зургаар дамжуулан футуризм ба кубизмын санааг нэгтгэхийг хүсчээ.

Казимир Малевич. "Painterly Realism of a Football Player-Color Masses in the 4th Dimension" (1915)

Европын уран зурагтай харьцуулахад хувьсгалын өмнөх Орос улсад хөлбөмбөгийн тухай тэр бүр зурдаггүй байсан учраас Малевичийн энэхүү бүтээл нь тухайн цаг үед бүтээгдсэн хөлбөмбөгийн сэдэвтэй цөөн зургуудын нэг болсон юм. Өнөө үед авангардист, алдарт "Хар квадрат"-ын зураачийн бүтээсэн тус зураг нь дизайнер Гоша Рубчинскийгийн анхааралд өртсөн байгаа. Тодруулбал Гоша Рубчинский 2017 оны эхээр adidas брэндтэй хамтарсан "Football" цуглуулгадаа "Painterly Realism of a Football Player-Color Masses in the 4th Dimension" зургийг ашигласан байдаг.

Харальд Герсинг "Football Players" (1917)

Модернист Харальд Герсинг нь XX зууны Данийн хамгийн алдартай уран зураачдын нэг юм. Герсинг балет ба хөлбөмбөгийн үйл явцыг зурах дуртай байсан бөгөөд бүжигчид ба тамирчдыг нүүр царайгүй хэрнээ маш тод өнгөөр дүрсэлдэг байв. "Football Players" гэх энэхүү зурагт тоглогчид өрсөлдөгчийнхөө хаалганд гоол хийхээр довтолж байгаа нь харагдана. Шар өнгийн футболкатай довтлогч толгойгоороо бөмбөг мөргөн гоол хийхийг завдаж байгаа бол улбар шар өнгийн хувцастай хаалгач бөмбөгийг гараараа барьж авахыг хичээж буйгаар дүрслэгджээ.

Эль Лисицкий. "Footballer" (1922)

Оросын авангард урсгалын нөлөө бүхий төлөөлөгчдийн нэг, уран зураач Эль Лисицкий, Малевичийн адил хөлбөмбөгийн сэдвийг хайхралгүй өнгөрч чадаагүй юм. Хэдийгээр хөлбөмбөгийн жинхэнэ тэсрэлт дайны дараа буюу 1940 ба 1950-аад онуудад өрнөж байсан ч энэхүү спорт нь СССР-д 1920-иод онд дэлгэрсэн байдаг. Хөлбөмбөг нь иргэдийг нэгтгэж, бие болоод сэтгэлзүйн хувьд өндөр хөгжилтэй зөвлөлтийн иргэдийн амьдралын нэг хэсэг болох зорилготой байв. Тийм ч учраас ийм төрлийн зургуудыг захиалгаар бүтээдэг байсан аж. Жишээ нь Лисицкийн энэ бүтээл Илья Эренбург ба Густав Клуцис нарын "Футбол. Спартакиада" номын иллюстраци болсон байдаг. "Footballer" зураг нь нарийн ба өргөн хэлбэр дүрс болон геометрийн элементүүдийг нэгтгэсэн өвөрмөц бүтээл болсон юм.

Buro.Mongolia

2018-06-29, 14:00

  • Зураг: