Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
"CONNECT, BTS"
Өмнөд Солонгосын алдарт BTS хамтлаг дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж чадсан бол одоо дүрслэх урлаг, тэр дундаа орчин үеийн урлагийн салбарт хүч түрэн орж ирлээ. K-Pop шүтээнүүд саяхан "CONNECT, BTS" нэртэй олон улсын арт төсөл санаачилжээ.
Энэхүү төсөл нь Лондон, Нью-Йорк, Буэнос-Айрес, Берлин, Сөүл гэсэн таван хотод зохиогдох нийт 22 уран бүтээлчийг хамарсан томоохон үзэсгэлэнгүүдээс бүрдэж байгаа юм. Уран бүтээлчид дунд Энтони Гормли, Томас Сарацено, Энн Вероника Янссенс нар багтсан байна. Түүнчлэн төслийн зохион байгуулалтад Ханс Ульрих Обрист, Стефани Розенталь, Ли Дехён зэрэг нэр хүндтэй кураторууд оролцох болно. Үүнээс гадна BTS хамтлаг төсөлд тусгайлан зориулж хэд, хэдэн богино хэмжээний кино бүтээн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд танилцуулахаар болжээ.
Төслийн куратор Ли Дэхёны хэлснээр энэхүү төсөл нь хүмүүсийг холбож, бие, биенээ хайрлан, байгаагаар нь хүлээн авч дэмжих зорилготой гэжээ. Ингээд дэлхийн томоохон хотуудад дэлгэгдэх үзэсгэлэнгүүдийг харцгаая.
Лондон
Нэгдүгээр сарын 14 - Гуравдугаар сарын 15
Данийн уран бүтээлч Якоб Кудск Стеенсен Лондон хотын Серпентайн галерейд "Catharsis" нэртэй, ой модыг дүрсэлсэн дижитал инсталляцаа танилцуулж эхлээд байна. Энэхүү урлагийн бүтээлийг та онлайнаар шууд үзэх боломжтой.
Берлин
Нэгдүгээр сарын 15 - Хоёрдугаар сарын 2
Берлиний Gropius Bau музейд дэлхийн 17 уран бүтээлчийн бэлдсэн "Rituals of Care" нэртэй перформанс урлаг дэлгэгдэх болно. Уг хөтөлбөр нь бүжгийн урлаг (experimental), дууны инсталляци зэргээс бүрдэх юм.
Буэнос-Айрес
Нэгдүгээр сарын 21 - Гуравдугаар сарын 22
Аргентин улсын уран бүтээлч Томас Сарацено шинжлэх ухаан, эко хөдөлгөөн, урлагийг нэгтгэсэн "Fly with Aerocene Pacha" нэртэй төсөл танилцуулах гэж байна. Тэрээр Салинас-Грандес цагаан цөлийн ойролцоо амьдардаг, лити олборлолтын улмаас мөхөлд хүрэхэд ойрхон байгаа нутгийн иргэдийг дэмжин уран бүтээлээ туурвидаг юм. Түүний шинэ уран бүтээл хүн ямар нэгэн технологийн тусламжгүйгээр салхи ба нарны хүчээр хэрхэн агаарт хөвж байгааг баримтжуулжээ.
Сөүл
Нэгдүгээр сарын 28 - Гуравдугаар сарын 20
Заха Хадидын төслөөр бүтээгдсэн Dongdaemun Design Plaza футуристик барилга дотор орчин үеийн дизайны музей байрладаг. "CONNECT, BTS" төслийн хүрээнд энэхүү музейд хоёр уран бүтээл дэлгэгдэх болно. Үүний нэг нь Их Британийн уран бүтээлч Энн Вероника Янссенсын бүтээсэн хүний мэдрэмжид нөлөөлөх инсталляци бол хоёр дах бүтээл нь Өмнөд Солонгосын уран бүтээлч Июн Каны бүтээсэн, BTS хамтлагийн алдарт бүжгийн хөдөлгөөнүүдийг гэрлийн тусгалаар дүрсэлсэн төсөл юм.
Нью-Йорк
Хоёрдугаар сарын 4 - Гуравдугаар сарын 27
Их Британийн уран барималч Энтони Гормли "орон зай дахь зураг" ("New York Clearing" нэртэй) бүтээлээ танилцуулах гэж байна. Тэрээр нийт 17,7 км урттай хөнгөн цагаан хоолойгоор бүтээсэн уран баримал урлаж, тун удахгүй олон нийтэд танилцуулах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт