Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Youtube тавцан хэрэгтэй мэдээллийн эх сурвалж төдийгүй урам зориг, шинэ санаа авах орон зай болж байна
Урам зориг, шинэ сэдлийг өнөөдөр хүн бүхэн хайж байгаа бол Youtube тавцан үүнийг нь өгч чадах маш чухал эх сурвалж болоод байна. Харин саяхнаас уг видео тавцанд дэлхийн шилдэг урлагийн коллежуудад шинээр элсэгчид өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, портфолиогоо бусдад харуулан, ямар зарчмаар өөрсдийн бүтээлүүдээ боловсруулж, үүний цаана юу агуулагдаж байгааг тайлбарлаж өгдөг шинэ тренд дэлгэрч эхлээд байгаа юм. Эдгээр видеонуудаас бид дэлхийн тэргүүлэх урлагийн сургуулиуд ирээдүйн дизайнер, гэрэл зурагчид, уран зураачид, архитекторуудаас яг юуг хүсдэг болохыг олж мэдэх боломжтой. Бидний сонгон бүрдүүлсэн видеонууд танд уран бүтээл туурвих урам зориг өгч, өөрийн портфолиог бүрдүүлэхэд тусалж эсвэл урлагийн сургуульд элсэн орох хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Китти Нг саяхан Америкийн Род-Айлендын дизайны сургуульд элсэн орсон байгаа. Энэхүү сургууль нь урлаг ба дизайны хамгийн шилдэг сургуулиудын жагсаалтуудад тогтмол багтдаг бөгөөд энэ нь түүнийг уг сургуулийг сонгоход нь нөлөөлсөн байх магадлалтай. Угтаа бол Киттигийн портфолио Чикагогийн урлагийн их сургууль, Нью-Йоркийн алдарт Парсонс дизайны сургууль, Лондонгийн Central Saint Martins ба Эдинбургийн их сургуульд элсэн орох шалгалтанд тэнцүүлж чадсан билээ.
Стефан Теслиук ч мөн адил Род-Айлендын дизайны сургуульд элсэн орсон бөгөөд тэрээр мөн Парсонс, Пратт Институт, Чакогийн урлагийн их сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцсэн юм. Стефан загвар сонирхдог тул түүний портфолио өөрийнх нь зохион бүтээсэн хувцаснууд дээр илүү төвлөрсөн байгаа.
Обри Гринуолт өөрийн үндсэн мэргэжлээрээ шавар урлалыг сонгосон ч түүний портфолио дотор бусад салбарын бүтээлүүд ч багтжээ. Учир нь түүний сонгосон мэргэжлээр суралцахын тулд оюутнууд бусад төрөл бүрийн медиа чиглэлээр ажиллах чадвартай гэдгээ харуулах шаардлагатай байдаг гэнэ. Обри зөвхөн өөрийн бүтээлүүдээ харуулаад зогсохгүй түүний тэнцсэн сургуульд элсэн ороход ямар, ямар зүйлс хэрэгтэй тухай зааварчилгаа өгнө. Обригийн портфолио түүнийг Род-Айлендын дизайны сургууль, Парсонс, Пратт Институт болон бусад олон арван сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцэхэд тусалсан юм.
Фей Томас бол Род-Айлендын дизайны сургуулийн бас нэгэн оюутан. Түүний портфолиод график болон уран зургийн бүтээлүүд багтсан байгаа. Харин Фей Томас аниматор-зураач болох зорилготой. Тэр ч мөн адил өөрийн бүтээлүүдээ танилцуулаад зогсохгүй хэрхэн хүссэн сургуульдаа элсэн орох талаар үнэтэй зөвлөгөөнүүдийг өгөх болно.
Калифорнид төрж өссөн Аннабель гэх бүсгүй CatCreature гэх нэрээрээ олон нийтэд танигдсан блогер юм. Тэрээр одоо мөн л Род-Айлендын дизайны сургуульд суралцдаг ч түүнийг Парсонс элсүүлэн авахад бэлэн байжээ. Видеонд Аннабель өөрийн график болон уран зургийн бүтээлүүдээ дэлгэн харуулах болно.
Род-Айлендын дизайны сургуулийн бас нэгэн оюутан бол Вэнди Ву юм. Тэрээр өөрийн сувгаараа дамжуулж сургуулийнхаа хичээлийнхээ тухай танилцуулдаг. Мөн мэдээж хэрэг Вэнди түүнд тус сургуульд элсэн орох боломжийг олгосон портфолиогоо хамгийн түрүүнд бусадтай хуваалцсан байгаа. Вэндид Парсонс, Пратт, Лондонгийн их сургууль ба Чикагогийн урлагийн их сургууль тэтгэлэг олгоход бэлэн байсан билээ.
Элла Снайдер бол блогер, уран бүтээлч бас Парсонс их сургуулийн оюутан. Түүний портфолио ерөнхийдөө гэрэл зураг дээр төвлөрсөн байх бөгөөд энэ нь түүнийг Парсонсоос гадна Чикагогийн урлагийн их сургууль ба Лондонгийн урлагийн их сургуулиудад тэнцэх боломжийг бүрдүүлсэн юм.
Эйша Во өөрийн портфолиогийн тусламжтай Пратт эсвэл Нью-Йорк дахь дүрслэх урлагийн их сургуульд суралцах боломжтой байсан ч тэрээр Парсонс сургуулийн гэрэл зургийн ангийг сонгосон байна. Энэхүү видеонд тэрээр хэрхэн Парсонс сургуульд элсэн орох үйл явцын тухай хуваалцаж, өөрийн портфолиод багтсан GIF зургууд болон үүний цаана яг ямар санаанууд агуулагдаж байгаа тухай танилцуулах болно.
Харин Маришка өөрийн бүтээлч портфолиогийн тусламжтай Виржинийн Хамтын Нөхөрлөлийн их сургууль болон Мэрилэндийн урлагийн коллежид тэнцсэн байна. Түүний бүтээлүүд ихэвчлэн зүйрлэл ихтэй уран зургуудаас бүрджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт