Дотроос нь харцгаая: Парис хотын анхны дижитал дүрслэх урлагийн музей

“Atelier des Lumieres”

Францын нийслэл Парис хотноо Ателье де Люмьер нэртэй, дүрслэх урлагт зориулсан анхны дижитал музей нээгджээ. Музейн үзмэрүүд дунд XX зууны хамгийн алдартай бүтээлүүд дэлгэгдэж байгаа бөгөөд тэдний дунд Густав Климт, Эгон Шиле нарын бүтээлүүд багтсан байна.

Хуучин цутгамлын үйлдвэрийн барилгад нээгдсэн Ателье де Люмьер музей нийт 3,300 м2 талбайг эзэлж байгаа аж. Харин урлагийн бүтээлүүдийг 10м өндөр хананууд дээр үзүүлж байна. Урлагийн ертөнцөд нэвтэрч буй технологийн дэвшлийн тусламжтай үзэгчдийг татах, илүү олон хүнд нээлттэй болох, тэр дундаа музей ба галерей төдийлөн сонирхдоггүй хүмүүсийн анхаарлыг татах зорилготойгоор энэхүү шинэ орон зайг бүтээжээ.

"Ийм төрлийн интерактив үзэсгэлэн нь дүрслэх урлагтай танилцах маш сонирхолтой арга барил болж байна. Харин Парис хотод ийм зүйл дутагдаж байсан юм" хэмээн Ателье де Люмьерийн захирал Майкл Кузигу ярилаа.

Энэхүү музейд нийт гурван танхим бий. Үүнээс хоёр танхим нь Густав Климт, Эгон Шиле, Фриденсрайх Хундертвассер зэрэг Австрийн алдарт уран бүтээлчдэд зориулагдсан бол үлдсэн нэг зааланд нь дижитал инсталляцууд ба хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн уран бүтээлүүдийг дэлгэж байгаа юм. 

Buro.Mongolia

2018-08-31, 17:00

  • Зураг: