Инсталляци урлагийн тухай мэдлэгээ зузаалъя

Инсталляци урлагийн сонирхолтой сод бүтээлүүд

Хүний нийгэм хувьсан өөрчлөгдөхийн хэрээр урлагийн төрөл зүйл ч, хамрах хүрээ нь ч өргөжин тэлсээр буй. Урьд өмнө “Урлаг гэж юу вэ?” гэдэг асуултыг ганц хоёр нэр үгээр (уран зураг, дуу хөгжим гэх мэт) товч тодорхой илэрхийлчихэд буруудах зүйлгүй байсан бол өдгөө хүмүүсийн урлагт хандах хандлага, үнэлэх үнэлэмж өөрчлөгдсөнөөр “Яг ийм л зүйлийг урлаг гэж нэрлэнэ” хэмээн томьёолоход нэн бэрх болжээ. 2019 онд Миами арал дээр болсон “Art Basel” үзэсгэлэнд скочоор хананд тогтоосон банана “Comedian” нэртэйгээр дэлгэгдэж, тэр даруйдаа 120,000 ам доллароор худалдаалагдсан нь дэлхий нийтийг шуугиулж байв. Тэгвэл уг бүтээл өнгөрсөн сард Солонгосын урлагийн музейд дэлгэгдсэн бөгөөд үзэсгэлэнг үзэж явсан нэгэн оюутны ходоод гэнэт хонхолзсоны улмаас скочийг хуулж хаяад өнөөх бананыг идэж орхисон нь бас л том сенсац тарив. Итали артист Маурицио Каттелан өөрийнх нь бүтээл “устсанд” төдийлөн санаа зоволгүй шинэ бананаар орлуулсан бол хэргийн эзэн “Урлагийн бүтээлийг идэх нь өөрөө бас урлаг шүү дээ” хэмээн хариулсан байдаг. Энэ бол урлаг гэх ойлголт хэрхэн хүрээгээ тэлж, нөлөөлөл нь өөрчлөгдөж байгаагийн тод жишээ юм. Үүний адил инсталляци урлаг ч мөн илүү содон, улам гайхалтай санаа, гүйцэтгэлээр бидний мэлмийг баясгаж, сэтгэхүйг тэлсээр байна.

Маурицио Каттелан “Comedian”

Юуны өмнө, инсталляци урлаг нь ямар нэг орон зай болон түүхий эд, материалд хязгаарлагдахгүйгээр юугаар ч, хаана ч бүтээж болох визуал урлагийн нэгэн төрөл зүйл юм. Түүний зорилго нь үзэгчдийн орон зай болон тухайн орчин нөхцөл дэх хэвшсэн ойлголт, тусгалыг өөрчлөхөд оршдог. Гэхдээ энэ урлаг нь үзэгчийн хариу үйлдэл, хүлээн авч буй өнцгөөс хамаарч мэдрэгдэх байдал нь өөрчлөгддөгөөрөө бусад гурван хэмжээст урлагийн бүтээлүүдээс ялгаатай юм. Өөрөөр хэлбэл, үзэгчид өөрсдийн биеэр энэхүү урлагийн нэг хэсэг болох боломжтойгоороо шилэн хоргон дахь уран зураг, сийлбэр, эсвэл уран баримал үзэхээс өөр билээ. Жишээ нь, Random International студийн “Rain Room” хэмээх бүтээл нь технологи болон урлагийг чадмаг хослуулж, үзэгчдийн оролцоотой өвөрмөц шийдлийг гаргаснаараа гайхагддаг. Үзэсгэлэнгийн танхимд бүтээсэн үзэсгэлэнт усан хүрхрээн дундуур явсан хүмүүс хув хуурай гарч ирэх бөгөөд энэ нь уг хиймэл хүрхрээний мэдрэгч хүний хөдөлгөөнийг мэдэрмэгцээ зогсох горимоос нь шалтгаалдаг аж. Уг бүтээлийн эзэд байгаль эх, хүрээлэн буй орчинд учруулах хүн ба технологийн сөрөг нөлөөллийг хүмүүст ойлгуулахын тулд ийн сэтгэжээ.

Орон зай, сэтгэхүйн цар хүрээнд баригддаггүй учраас инсталляци урлаг артистуудад үзэл санаагаа илэрхийлэх хязгааргүй эрх чөлөөг олгодог. Үүний жишээ бол Колумбын уран бүтээлч Дорис Салседогийн 2002 онд дэлгэн тавьсан “Noviembre 6y7” бүтээл юм. Асар том барилгын хананаас дээш доош харан дүүжлэгдсэн модон сандлуудыг харсан хэн ч сэртхийх агаад тэрээр 1985 онд тохиосон M-19 партизанууд болон засгийн газар хоорондын мөргөлдөөнд амь үрэгдэгсдийг дурсах, аливаа иргэний дайны хор уршгийн эсрэг дуу хоолойгоо өргөх зорилгоор уг бүтээлээ туурвисан билээ.

Харин инсталляци урлагийн нэрт төлөөлөгчдийн нэг Японы уран бүтээлч Яёи Кусамагийн алдарт толин өрөөнүүдийн нэг “Infinity Mirrored Room – The Souls of Millions of Light Years Away”-д зочлох төдийд хүүхэд насны гэгээн мөрөөдөл эсвэл зүүд нойрон дундах шидэт газарт очсон мэт мэдрэмжээр хөглөгдөх буй за. Цонхгүй өрөөг толин хавтангаар дээвэр туургагүй битүүлээд, өнгө өнгийн гэрлээр чимэглэж, зүүд зэрэглээ мэт уур амьсгал бүрдүүлэх гэрлийн эффектээр тоглолт хийдэг нь түүний сэтгэхүйн өвөрмөц арга барил юм. Ийм өрөөнд орсон хүн гараг огторгуй дунд хөвөх мэт мэдрэмж авахын сацуу толинд өөрийнхөө олон талт тусгалыг олж харснаар чимээ аниргүй гэрлийн ертөнцөд өөртэйгөө ярилцах завшаан тохиодог гэнэ. Энэ бол инсталляци урлаг хүмүүст мэдрэхүйгээ олон талаас нь хөгжүүлэх өргөн боломж олгодгийн жишээ юм.

Ихэнх тохиолдолд инсталляци урлагийн аливаа бүтээл тодорхой ганцхан зүйлийг л илэрхийлэхийн тулд бүтээгддэггүй бөгөөд хүн бүр тэрхүү бүтээлийг өөрийнхөөрөө мэдэрч, тодорхойлдог нь бас нэгэн онцлог нь юм. Энэ өнцгөөс Дани-Исланд гаралтай уран бүтээлч Олафур Элиассоны “Weather Project” бүтээлийг жишээ болгоё. Тэрээр 2003 онд Лондон хотын Tate Modern галерейн танхимыг асар том гал улаан нарны тусгал дор манан буданд автуулсан юм. Ингэхдээ таазанд толин хавтан байрлуулж, хагас дугуй гэрлийн тусгал үүсгэх замаар хиймэл нарыг бий болгосон бөгөөд танхимд байх хүмүүст шатаж буй нарны хажууханд, сансар огторгуйн заагт байгаа мэт мэдрэмжийг төрүүлэм уур амьсгалыг бүрдүүлжээ. Энэ орчин зарим хүнд ер бусын гэрэл гэгээг мэдрүүлдэг бол, заримд нь дэлхий сөнөх гэж буй мэт түгшүүрт мэдрэмжийг төрүүлдэг байна.

“Алиса гайхамшгийн оронд” киноны үзэгдэлд орчихсон мэт бодит мэдрэмжийг инсталляци урлаг л бидэнд мэдрүүлж чадна. Бельгийн уран бүтээлч Карстен Холлер “Mushroom Room” хэмээх бүтээлээ 2000 онд туурвиж, маш олон хүнийг хүүхэд насных нь шидэт ертөнцөд аваачсан билээ. Тэрээр цагаан, улаан өнгийн аварга том мөөгнүүд бүтээж, үзэсгэлэнгийн том цагаан танхимын таазнаас урвуу харуулан өлгөсөн нь хүмүүсийн бүтээлч сэтгэлгээ болон төсөөлөх чадварыг тэлэх гэсэн гайхамшигтай оролдлогын нэг байсан юм.

Энэ мэт инсталляци урлагийн олон шилмэл бүтээлүүдийг нэрлэж болно. 1960 оноос хойш хөгжлийн галт тэрэгт суун хурд аван давхисан эл урлаг өдгөө хиймэл оюун ухаан болон орчин үеийн техник технологийн тусламжтайгаар улам сонирхолтой, үзүүштэй болж, өөр өвөрмөц аргаар гүн гүнзгий утга санааг илэрхийлсээр байна. Хэдийгээр инсталляци урлаг Монголд төдийлөн танигдаагүй ч урлагийг таашаан мэдэрдэг хэн бүхэн энэ тухай тодорхой ойлголтыг авч, интернэт ертөнцөөр дамжин шинэ тутам төрөн гарч буй инсталляци уран бүтээлчдийн бүтээлүүдтэй ойр байх боломжтой юм. Мэдрэх мэлмий байх аваас амьдрал тэр чигтээ урлаг билээ...

Т.Номин-Эрдэнэ

2023-05-22, 10:38