Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Хүн ба байгалийн холбоо “Ургах Уй” керамик баримлын үзэсгэлэнд
Уран бүтээлч Б.Цэрэндэжидийн “Ургах Уй” нэртэй керамик баримлын үзэсгэлэн Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан Гэр” галерейд дэлгэгдэж байна. Б.Цэрэндэжид нь 2014 онд Дүрслэх Урлагийн Сургуулийн Монументал уран зургийн ангийг төгссөн бөгөөд энэхүү үзэсгэлэн нь түүний хувьд анхны керамик баримлын үзэсгэлэн нь болж байгаа юм. “Ургах Уй” үзэсгэлэндээ тэрээр сүүлийн гурван жил орчим туурвисан, нийт 14 орчим бүтээлээ дэлгэжээ.
Аливаа ургамал нахиалах, дэлбээлэх, мөхөх явцад буюу амьдралынхаа мөчлөгт хэнд ч, юунд ч тээр бололгүй өөрийнхөөрөө оршин тогтнодог. Үүний адилаар хүн ч мөн бие физиологи болон сэтгэл санааны хувьд уналт, өсөлттэй, аз жаргалтай, уйтгар гунигтай мөчүүдийг ээлжлэн амсдаг жамтай. Энэ санааг уран бүтээлч өөрийн “Ургах Уй” үзэсгэлэнгээрээ дамжуулан харуулахыг зорьсон байна. Дүрүүд нь харин амьдралын энэхүү үйл явцыг хүлээн зөвшөөрсөн, хүлцсэн байдлаар дүрслэгджээ.
Энэ тухайд тэрээр “Ерөнхийдөө ургамлын идэвхгүй төлөв байдлыг хүний биеэр илэрхийлэн, хүн бол байгалийн нэг хэсэг учир жам ёсондоо захирагдаж амьдардаг гэсэн утгыг агуулж байгаа” хэмээн хэллээ. Харин керамикаар бүтээлээ туурвих болсон шалтгаанаа тайлбарлахдаа мөн л байгальтай холбосон юм. Керамик нь хамгийн эко, байгалийн материал бөгөөд яг л хүний ухамсраас урган гарч буй ургамалтай адилтгаж болох тул бүтээлүүдийн дүрүүдийг илэрхийлэх хамгийн зохимжтой материал болсон байна. Мөн бүтээл бүртээ нэр, тайлбар өгөхийг хүсээгүй ба энэ нь үзэгчдэд өөрсдийнхөөрөө хүлээн авах, мэдрэмжээ сонсох орон зай үлдээх зорилготой шийдвэр байсан гэнэ.
“Ургах Уй” үзэсгэлэн 2024 оны гуравдугаар сарын 14 хүртэл “Улаан Гэр” галерейд дэлгэгдэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт