Метрополитен музейн "Кэмп: Загварын тухай тэмдэглэл" үзэсгэлэн

Эгэл бус, хэтрүүлэгтэй зүйлс хувцас загварт хэрхэн нөлөөлсөн бэ?

Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт Нью-Йорк хотын Метрополитен урлагийн музейн Хувцасны институт Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтуртэй хамтран сэдэвчилсэн үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн үзэсгэлэн "Кэмп: Загварын тухай тэмдэглэл" гэх сэдвийн дор явагдаж байгаа бөгөөд зохион байгуулагчид энэхүү сэдвээр дамжуулан эгэл бус, хэтрүүлэгтэй зүйлс хувцас загварт хэрхэн нөлөөлж байсныг харуулахыг зорьжээ.

Дашрамд дурдахад энэ жилийн сэдвийг Америкийн сэтгүүлч Сьюзен Зонтагийн 1964 онд бичсэн "Кэмпийн тухай тэмдэглэл" гэх эссэнээс сэдэвлэсэн ба кэмп гэдэг нь 1960-аад оны үед дэлгэрч байсан гоо зүйн ойлголт юм. Үзэсгэлэнгийн куратор, Метрополитен музейн эрхлэгч Эндрю Болтон тайлбарлахдаа "Тодорхой сэдэвт баригдаагүй стиль, хэв маягийг кэмп хэмээнэ" гэсэн байдаг.

"Кэмп: Загварын тухай тэмдэглэл" үзэсгэлэнд 17-р зууны үеэс эхлээд өнөөг хүртэлх бүтээгдэж байсан 250 гаруй бүтээл дэлгэгджээ. Тодруулбал 1661-1715 онд Францын хаант улсыг удирдаж байсан XIV Луигийн өмсгөл, хөрөг зургаас эхлээд өнөө цагийн кэмп загварын гол төлөөлөгчид болох Жереми Скотт, Том Браун, Марк Жейкобс болон Chanel, Maison Margiela, Gucci, Balenciaga загварын орднуудын гаргасан кэмп загварууд тавигдсан байна.

"Кэмп: Загварын тухай тэмдэглэл" үзэсгэлэн тавдугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 8 хүртэл дэлгэгдэх ба үзэсгэлэнгийн тасалбар 25 ам.долларын үнэтэй ажээ.

 

Buro.Mongolia

2019-05-08, 10:55