Урлаг Соёл | Дүрслэх Урлаг & Театр
Cantor Fine Art-аас гаргасан 160 ширхэг эможи
Cantor Fine Art галерей Мексикийн зураач Фрида Калогийн уран бүтээлээс сэдэвлэсэн 160 эможи гаргасан байна. Эдгээр эможиг Фрида Калогийн 55 хөргөөс үндэслэн бүтээжээ. Тэд өмнө нь Энди Уорхол, Жан-Мишель Баския, Яёи Кусама ба бусад орчин үеийн уран бүтээлчдээс сэдэвлэсэн эможи танилцуулж байсан юм. "Фрида энэ төсөлд гайхалтай тохирно. Тэр уран бүтээлээрээ дамжуулж өөрийн сэтгэл хөдлөлийг маш нээлттэй илэрхийлдэг байсан. Тиймээс бидний сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд ашигладаг эможи хэлэнд түүний уран бүтээлүүд хамгийн тохиромжтой байсан юм" гэж тус галерейн хамтран эзэмшигч Сэм Кантор ярьжээ.
Бид мөн Фрида Калогийн уран бүтээл яагаад төгс эможи болж байгааг өөрсдийн өнцгөөс тайлбарлаж байна.
"Сармагчинтай өөрийн хөрөг", 1943
Фрида Калод өөрийн хөргийг бүтээхэд түүний хувийн ертөнц дэх бэлгэ тэмдгүүд маш чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Жишээ нь сармагчин бол түүний бүтээлүүдэд маш түгээмэл үзэгддэг амьтан. Анх 1943 онд зурсан энэхүү хөрөг нь сармагчин оролцсон цорын ганц зураг биш юм. Баруун Европын соёлд сармагчин шунал тачаалын бэлгэдэл байсан бол Фридагийн хувьд тогтвортой анд нөхрийг дүрсэлдэг байжээ. Зарим нэг судлаачид сармагчинг Фрида Калод хэзээ ч байгаагүй хүүхдийг бэлгэддэг гэж үздэг.
"Тайрмал үстэй өөрийн хөрөг", 1940
Нью-Йорк хотын MoMA музейд оршиж байгаа энэхүү хөрөг нь Фрида Кало хайрт нөхөр Диего Риверагаас салсны дараах цөхрөлийг дүрсэлдэг. Хэдийгээр тэр жилийн дараа нөхөртэйгөө эргээд гэрлэдэг ч Диегогоос хөндийрсэн хугацаа нь зураач бүсгүйн хувьд даван туулшгүй хэцүү мөч байжээ. Фрида маш цөөн тохиолдолд цэцэгтэй даашинзаас өөр зүйл өмсөж байсан. Харин энэхүү болхи эсгүүртэй, эрэгтэй хослол нь түүний бие даасан байдал ба дотоод хүчийг илтгэжээ.
"Хоёр Фрида", 1939
"Хоёр Фрида" бол түүний салалтын сэдвийг хөндсөн бас нэгэн бүтээл юм. Зүүн гар талд сууж буй Фрида нь Виктория хатны үеийн даашинз өмссөн бол баруун талд байгаа Фрида зотон даавуун материалтай, үндэсний хувцсаар гоёжээ. Ривера баруун гар талд байгаа Фридаг илүү хайрладаг байсан гэж зураач бүсгүй үздэг. Хэрэв сайтар ажиглах юм бол түүний гарт Риверагийн зурагтай сахиус оршино. Энэхүү сахиус хоёр Фридаг судсаар нь холбож байгаа ч Европ Фрида цусны урсгалыг таслан зогсоох гэж хичээж байна. Гэвч түүний хичээл зүтгэл талаар болж байгааг зургаас харж болно.
"Би ба миний тотьнууд", 1941
Түүний салалтын адилаар гэрийн тэжээвэр амьтны сэдэв ч Фридаг тайван байлгадаггүй байжээ. Диего, Фрида нарын амьдарч байсан "Цэнхэр байшин" сармагчин, нохой, тоть гээд олон төрлийн амьтдаар дүүрэн байсан юм. Энэ хөргийг Фрида нөхөртэйгөө эргэн нийлсний дараа зуржээ. Тухайн үед Фрида зурагчин Николас Мюрейтэй нууц амрагийн холбоотой байжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт