Энэ намар биднийг хүлээж буй 15 кино

Ойрын гурван сарын төлөвлөгөө

Жеймс Бондын эргэн ирэлт, Роберт Де Нирогийн адал явдал, Шекспирийн Макбетын ээлжит тайлал зэрэг олон сайн кино биднийг хүлээж байна

Trainwreck

Эмигийн (Эми Шумер) хувийн амьдралын тухай уг кино наймдугаар сард гарах байсан ч есдүгээр сар хүртэл хойшлогджээ. Гол дүр нь нэг шөнийн харилцааг илүүд үздэг ч гэнэт урт хугацааны харилцааг хүсэх бүсгүй нэгэн мэс засалчтай таарснаар бүх зүйл нь өөрчлөгддөг тухай гарна. Үр дүнд нь их хотын "цэцэн ухаант" оршин суугчдын үнэн дүр төрх болон эхнэр, нөхөртэй байх дүрэм байдаггүй ертөнцөд хэрхэн хань ижлээ хайх тухай дэлгэрэнгүй өгүүлнэ.

Tale of Tales

Gomorrah киноны зохиолч Маттео Гарроне энгийн Итали ард түмний харгис сонирхлын талаар (Каннын кино наадмаас Гран-при хүртсэн) өгүүлдэг хэцүү, илэн далангүй зураглалаараа алдартай билээ. Тэгвэл саяхан түүний анхны англи хэл дээрх үлгэр гарчээ. Tale of Tales кинонд Сальма Хайек, Венсан Кассель болон Стэйси Мартин нар үлгэрийн баатруудын дүрд тоглоно.

Amy

Ойрын үед хамгийн их шуугиан тарьж байгаа баримтат кино.  Эми Уайнхаусын дөрвөн жилийн өмнө хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болж нас барсан сүүлийн жилүүдийн талаар энд дэлгэрэнгүй үзүүлнэ. Гэвч Эмигийн хувийн амьдралыг илэн далангүй гаргасан нь түүний гэр бүлийнхэнд таалагдаагүй юм.

The Intern

The Devil Wears Prada шиг боловч оппортунист үзлийг арай бага оруулсан гэмээр кино болжээ. Роберт Де Ниро дүрийг нь бүтээсэн 70 настай бэлэвсэн эр, загварын сайтны залуухан хэрнээ өндөр шаардлагатай захирлын (Энн Хэтэуэй) доор дадлага хийх болно. Эхлээд хөгшин эр бүгдийг хуучинсаг үзлээрээ инээлгэж, дараа нь харин даргатайгаа учир ургуулдаг. Сурталчилгаанаас харахад мэдээж нөхөрсөг харилцаа байх бол киноны үйл явдлаас Хэтэуэй хэзээ нэгэн цагт тэр эрийн дүрд өөрөө тоглож байсан эсрэгцэл харагдлаа. 

Mia Madre (My Mother)

Дөрвөн жилийн өмнө гарсан Италийн сонгодог найруулагч Нанни Мореттигийн "We Have a Pope" кино нь итгэл үнэмшлийн талаар гардаг хамгийн сонирхолтой кино гэмээр байсан ч энэ удаад тэрээр найруулагч эмэгтэйн хувийн амьдралд анхаарал хандуулжээ. Шинэ киноны зураг авалтаа хийх явцдаа (урьсан Америк од нь байнга гомдоллоно) санасанаас илүү их адал явдалтай учирсан, бас ээжийнхээ үхлийг давж гарах гэж хичээж буй бүсгүйн талаар энд гарна.

Legend

Legend кинонд хоёр Том Харди байгаа нь эхлээд харахад итгэхэд бэрх байж болох юм. Кино зохиолд хагас зууны өмнө Лондонд айлган сүрдүүлэгдсэн ихэр ах дүүс Крэйний талаар гардаг. Тэдний нэг нь хий солиотой, бисексуал, бүр ахынхаа найз бүсгүйг хөнөөсөн ч тэднийг хамт байхад нөлөөлсөнгүй. Эцэст нь юу болох нь маш сонирхолтой аж. Том Хардигаас гадна, 1960-аад оны Лондон болон гэмт хэргийн үйл явдлууд гээд бидэнд үзэх зүйл их байна.

Love

Энэ оны хамгийн өдөөн хатгасан кино. Сүүлд Каннын кино наадмын үеэр уг кино гарахад нь эхлэл хэсгээс нь үзэгчдийн хагас нь гарч явж байлаа. Кинонд залуухан интерсексуал гурван хосын урам зоригт, яруу найргийн түүхийг маш энгийнээр гаргажээ. Кино 3D-гээр гарч байгаа бөгөөд зарим илэн далангүй хэсгүүд нь бараг л үзэгчдэд хүрэх мэт гэнэ. Киног найруулагч Гаспар Ноэ хийсэн нь үзэгчдэд нэгийг бодогдуулж байгаа биз.

The Martian

Ридли Скотт төрөл бүрийн амжилтаасаа гадна жил тутам кино гаргадаг билээ. Сүүлд хийсэн тийм ч сайн биш кинонууд нь The Martian-ыг үзэх хүлээлтийг багасгасан гэж хэлж болно. Гэхдээ Энди Уирийн бэстселлерээс сэдэвлэсэн, үйл явдалд нь Марс гараг дээрх судалгааны үеэр сансрын нисгэгчийг (Мэтт Дэймон) санамсаргүй орхиж, түүний араас дахин нэг аврагчийг илгээж буй тухай гардаг тул сайн кино болсон байх магадлалтай.

Crimson Peak

Гильермо дель Торогийн Pacific Rim болон Hellboy гэх дэлгэцийн аймшгийн бүтээлүүдийг эс тооцвол юу ч Pens Labyrinth-ийн цагнаас хороогоогүй. Crimson Peak гэх готик төрлийн аймшгийн кинонд энгийн нэг охин (Миа Васиковска), чинээлэг байрны эзэнтэй (Том Хиддлстон) гэрлэж, нөхрийх нь эгчийн (Жессика Честейн) сүнс хорогдсон байшинд нүүж очдог тухай гарна. Удалгүй гол дүрийн охины ухаан санаа балартаж, бодит байдал болон хий юмсыг ялгаж салгахаа больдог. Салбартаа хамгийн сонирхол татах мэдрэмжтэй гэгддэг найруулагч Дель Торо бүтээсэн учраас гоё болсон нь тодорхой биз.

The Walk

Филиппа Петигийн (Жозеф Гордон-Левитт) бодит түүх, 1970-аад онд тэнгэр баганадсан хоёр барилгын дундуур нисэх аймшигт оролдлогийн тухай кино. Тус бүтээл iMAX-аар гарах тул өндрөөс айх айдсыг өөрийн биеэр мэдэрч болох биз ээ.

Black Mass

Хоёр гурван амжилтгүй уран бүтээлийн дараа (Mortdecai тэдний нэг байсан) Жонни Депп өөрийн авьясдаа тохирсон зүйлийг олжээ. Америкийн домогт гангстер Уайт Балжерийн түүх, дээрэм болон олон хүнийг хороосон гэмт хэргийн хажуугаар FBI-д мэдээллэгчээр ажилладаг байна. Жүжигчинд халзарсан, өвдсөн мэт (бие сэтгэлийн хувьд), маш муухай шүдтэй нүүр хувиргалт хийжээ.

Spectre 007

Энэ намрын хамгийн хүлээлттэй бүтээл. Гурван жилийн завсарлагааны дараах Жеймс Бондын эргэн ирэлт болох киноны жүжигчид болон бусад зүйлсийн талаар тодорхой болоод байгаа. Хагас зуунаас ч илүү түүхтэй  уг цувралд Дaниeл Крэйгээс бид юу хүлээхээ мэдэх учир, Кристоф Вальцын жүжиглэлтийг харах үлдлээ.

Steve Jobs

Apple-ийн үүсгэн байгуулагчийн амьдралыг сайн кинонд хувиргах хоёр дах оролдлого. Эштон Катчер тоглосон өмнөх бүтээл нь тийм ч  сайн болоогүй билээ. Шинэ кино зохиолыг The Newsroom, The Social Network-ийн Аарон Соркин бичиж, харин гол дүрд нь Бэйл болон ДиКаприо нар татгалзсаны дараа Майкл Фассбендерыг сонгожээ. Кино гурван хэсгээс бүрдэх ба хэсэг бүр нь Apple-ийн бүтээгдэхүүний танилцуулгаар дуусах аж. Хачирхалтай сонсогдож байгаа ч ямар болсныг нь үзэх л үлдлээ.

The Hunger Games: Mockingjay. Part 2

Женнифер Лоуренсыг дэлхийн хэмжээний од болгосон кино зохиолын сүүлийн анги. Катнисс Дональд Сазерланд дүрийг нь бүтээж буй Сноу ерөнхийлөгчийг ялж, эцэст нь захирангуй удирдлагыг авч хаях болно. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд Жулианна Мур болон Вуди Харрельсон нар багтсан байна. 

Macbeth

Эрх мэдлээр цангасан байдал болон түүнээс хагацахгүй байх хүслийг харуулсан Шекспирийн жүжиг ээлжит дэлгэцийн бүтээл болж буй кино. Энэ удаад Майкл Фассбендер болон Марион Котийяр нар гол дүрд нь тогложээ. Бараг хүн бүр зохиолын үйл явдлыг мэдэх ч Каннын кино наадмын уралдаанд үзүүлэх үед хүлээлт үүсгэсэн гол бүтээлүүдийн нэг байсан нь том амжилт юм. Сурталчилгаанаас нь харахад, зүгээр ч нэг камерын драма биш, харин жинхэнэ нүд баясгам хэсгүүдтэй болж, хүмүүсийн дуртай ухаалаг кино болжээ. 

Б.Амина

2015-09-10, 13:00

  • Зураг: