Феминизмийн бэлгэ тэмдэг: “Wonder Woman” киноны эргэн тойронд дэгдсэн шуугианууд

Галь Гадот үлгэр дууриалал болж чадах уу?

Өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын кино театруудаар "Wonder Women" адал явдалт кино нээлтээ хийсэн байгаа. Киноны үйл явдалд Дайана нэртэй Амазоны гүнж Дэлхийн нэгдүгээр дайныг зогсоохоор хүн төрөлхтний ертөнцөд ирдэг. "Wonder Woman" бол DC Comics-ийн "Man of Steel", "Batman v Superman: Dawn of Justice", "Suicide Squad" нарын дараа гарсан дөрөв дэх кино юм. Эдгээр бүх кинонуудаараа дамжуулан DC Comics-ийн толгой Warner Bros. кино компани өөрсдийн үндсэн өрсөлдөгч Marvel Studios-ын бүтээлүүдийг ямар нэгэн байдлаар даван гарахаар зорьж ирсэн билээ. Тэд жишээ нь Superman-ыг алуурчин болгож, хамгийн алдартай хоёр баатраа хооронд нь тулалдуулж эсвэл бүр гэмт хэрэгтнүүдийн бүлгээр дэлхийг авруулах гэх зэрэг төрөл бүрийн, гэнэтийн аргууд хэрэглэж үзсэн юм. Гэхдээ энэ удаад тэд анх удаа эмэгтэй гол баатартай комикс зохиолыг блокбастер кино болгосноор үнэхээр өрсөлдөгчдөө гүйцэн түрүүлж чадлаа. Ингээд Бюро 24/7 тэдний энэхүү оролдлого ямар үр дүнд хүрсэн тухай дэлгэрүүлж байна.

Хэрхэн сексист болохгүйгээр "Wonder Woman"-ыг шүүмжлэх вэ?

Сүүлийн жилүүдэд феминист үзэл баримтлал кино шүүмжлэгчдийн уран бүтээлийг үнэн зөв, бодитой дүгнэх чадварт улам бүр садаа болж байна. Үүний хамгийн тод жишээ бол бүх гол дүрүүдийг нь эмэгтэй жүжигчдээр сольж, шинэчлэгдэн гарсан "Ghostbusters" кино юм. Уг киноны зохиолчид шинэ хувилбартаа илүү ширүүн дүр төрх нэмэх зорилгоор эмэгтэй сүнсний ангуучдын зэрэгцээ булчинлаг хэрнээ бага зэрэг тэнэгдүү Крис Хемсвортыг тоглуулсан байдаг.
Мэдээж хэрэг энэ кино нь шинэлэг байж чадсан. Эрчүүдийн бодолд байдаг эмэгтэйчүүдийн тухай хэвшмэл ойлголтуудыг уг кино шоолж, хошин байдлаар харуулсан. Гэвч хэрэв хэн нэгэн энэхүү киног анх 1984 онд гарсан "Ghostbusters"-ын чанартай үргэлжлэл болж чадаагүй гэж хэлбэл тэр шууд л сексист (хүйсийн үндсэн дээр ялгаварлан гадуурхах үзэлтэн) үзэлтнүүдийн эгнээнд шилжих аюултай. Америкийн кино шүүмжлэгчдийн дунд ингэж хэлсэн хүн ч цөөхөн байлаа. Дийлэнх шүүмжлэгчид шинэ "Ghostbusters" киног маш ихээр магтсаны үр дүнд Rotten Tomatoes вебсайт уг бүтээлд бүр 73%-ийн нэлээд өндөр үнэлгээ өгсөн. Гэхдээ үзэгчид сексист болохоосоо айгаагүй тул тус бүтээл нь кино театруудаас бараг л ашиг ололгүй, бүтэлгүйтсэн юм. Үүнээс гадна, "Ghosbusters"-ын нээлтээ хийхээсээ өмнө олонд цацсан анхны трейлер нь Youtube дээр нэг сая гаруй dislike авч анти рекорд тогтоожээ.

Үүнээс харахад "Wonder Woman"-тай ч бас дээр дурдсан ижил зүйлс тохиож болох байлаа. Дайана бол феминизмийн хамгийн тод бэлгэ тэмдэг юм. Тиймээс түүнийг шүүмжлэхдээ үзэгчид ба шүүмжлэгчид "Ghostbusters"-аас дутахааргүй болгоомжтой хандлага гаргах шаардлагатай болсон. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ нөхцөлд киноны хамгийн том шүүмжлэгчид нь феминистүүд өөрсдөө байлаа.

Бюро 24/7-гийн тайлбар. "Wonder Woman" баатрыг хамгийн анх сэтгэл зүйч Уильям Марстон (мөн полиграф төхөөрөмж зохион бүтээгчдийн нэг) ба түүний эхнэр Элизабет нар сэдэж олсон байдаг. Марстон хүйсийн тэнцвэртэй байдлын идэвхтэй дэмжигч (мөн эмэгтэйчүүдийн ноёрхлыг хүлээн зөвшөөрөгч) байсан ба феминист онолыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм. Гэсэн хэдий ч түүний сэдсэн баатрыг DC Comics хэвлэлийн газар тухайн үед өөрсдийнхөөрөө чиглүүлж, түүнд зориулсан өөр төлөвлөгөө бэлдсэн байлаа. "Wonder Woman" өөрөө тухайн үед маш дэвшилтэт үзэгдэл байсан ч хэвлэлийн газар түүнийг анхандаа жирийн нэгэн эмэгтэйн дүрд хувиргадаг байжээ. Тэд жишээ нь "Wonder Woman"-ыг карьерынх нь эхэн үед "Justice League" багийн нарийн бичгээр ажиллуулдаг байлаа.  

"Wonder Woman"-ыг шүүмжлэх бас нэгэн бие даасан сэдэв бол түүний өмсгөл юм. Өөрөөр хэлбэл хэт богино юбка ба цээжээ ил гаргасан хуяг өмсдөг түүнийг феминистүүд эрт дээр үеэс эхлэн хэт задгай хувцасласан хэмээн шүүмжилж ирсэн байдаг. 2010 онд DC Comics энэ асуудлыг анхааралдаа авч, эмэгтэй баатрын өмсгөлийг арай "даруухан" болгож байсан түүхтэй юм. Гэсэн ч эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн хувьд энэ нь хангалтгүй алхам байсан бололтой. Учир нь 2017 онд "Wonder Woman"-ыг НҮБ-ийн хүндэт элчээр сонгоход феминистүүд түүнийг энэ бэлгэдлийн чанартай албан тушаалаас буулгахыг шаардаж, өргөдөл гаргасан юм. Өргөдөл гаргасан хүмүүсийн үзэж буйгаар бол ийм задгай хувцасладаг киноны дүр феминизмийг төлөөлж, үлгэр дууриалал болох ёсгүй аж. Хамгийн гол нь НҮБ-ээс өргөмжилдөг энэ албан тушаал нь бодит бус, зохиомол гэдгийг хэн ч тоосонгүй. НҮБ үе, үе зохиомол дүрүүдийг хүндэт элчээр сонгож, хэдэн сарын дараа өөр нэг зохиомол дүрийг энэхүү албан тушаалд томилдог уламжлалтай юм шүү дээ. Гэвч хүмүүс үүнийг тоолгүй эсэргүүцэл үзүүлсэн. Харин бид энэхүү эсэргүүцлийн ачаар зохиомол баатруудын хувцаслалтын асуудлаар яг хэдэн хүн санаагаа чилээдгийг олж мэдсэн юм. Хэрэв бүр тодруулбал уг эсэргүүцэлд ойролцоогоор 45,000 хүн нэгджээ.

"Wonder Woman" киноны анхны трейлер цацагдахад дээрх маргааны шинэ давлагаа үүссэн юм. Хэдийгээр орчин үеийн "Wonder Woman" эрт дээр үе шиг ээ задгай энгэртэй хувцас өмсөөгүй ч феминистүүдийн хувьд түүний хувцаслалт бас л дэндүү ил задгай санагдсан. Харин үүний хариуд тус киноны найруулагч Патти Женкинс саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа феминистүүдийн эсрэг өөрсдийнх нь "зэвсгийг" ашиглаж, тэдний дайралтыг сексизм хэмээн нэрлэсэн юм. "Wonder Woman"-ы дүрийг бүтээсэн жүжигчин Галь Гадот ч бас энэ талаар "феминист байх нь өөрт таалагдсан хувцсаа өмсөхийг хэлнэ" хэмээн хэлсэн байна.

Энэ бүх жижиг маргааныг үл ойшоон дүгнэж хэлэхэд энэ удаад кино шүүмжлэгчид "Wonder Woman"-ыг үнэнчээр бөгөөд бодитойгоор шүүмжилж, киног амжилттай болсон гэж үзжээ. Одоогийн байдлаар "Wonder Woman" кино Rotten Tomatoes вебсайт дээр 93%-ийн үнэлгээтэй явж байна. 

Үндэсний асуудал бас дахиад л сексизм

Олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийг бухимдуулсан бас нэгэн асуудал бол супер баатар бүсгүйн хэт цайруулсан суга юм. Киноны трейлер дээр үзэгдсэн "Wonder Woman"-ы цайруулсан суга цахим ертөнцөд амазон бүсгүйчүүдийн гоо сайхны стандартын тухай маргаан үүсгэж, трейлерээс авсан уг зураг хошигнол болон хувирсан. Харин Warner Bros. студи энэхүү шуугианаас болж трейлерээ солиход хүрч, энэ удаад супер баатрын сугыг арай бараан, биеийн бусад хэсгийн арьстай нэгэн жигд өнгөнд оруулсан юм.

The most CGI part of the Wonder Woman trailer is how clean her armpits are pic.twitter.com/ZuasoEVPD7

— Sarah Sosland (@imrebranding) March 13, 2017

Ингээд ч зогсолгүй феминистүүдийн зүгээс уг киног чиглэсэн бас нэгэн бухимдал ирсэн юм. Тэд "Wonder Woman" кино сурталчилгааны хүрээнд гарсан "ThinkThin" гэх жин барьдаг амттаныг хараад дургүйцлээ барьж дийлж чадсангүй. Феминистүүдийн бодлоор ийм төрлийн сурталчилгаа нь "Wonder Woman"-ы мөн чанарт нийцэхгүй, тэр ч бүү хэл хэн нэгний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулах аюултай аж.

.@thinkthin has partnered with the Warner Bros. Pictures Wonder Woman.https://t.co/lnEL4zHCdQ pic.twitter.com/AMLwoNxiQE

— Grocery Headquarters (@Grocery_HQ) April 24, 2017

Бюро 24/7-гийн тайлбар. Тэгвэл "Wonder Woman"-ы мөн чанарт яг юу нийцнэ гэж? Америкийн сэтгэл мэдрэлийн эмч Фредерик Вертамын үзэж буйгаар Дайанагийн дүр төрх ижил хүйстэн ба "BDSM" сексийн чиг хандлагыг ухуулан сурталчилдаг гэнэ. Тэрбээр 1954 онд "Seduction of the Innocent" гэх нэртэй материал нийтэлсэн бөгөөд уг нийтлэлдээ комикс зохиол нь өсвөр насны хүүхдүүдийн дунд хүчирхийллийг сурталчилж, гэмт хэрэг нэмэгдэж буйгийн гол шалтгаан гэж онцолжээ. Сэтгэл мэдрэлийн эмч мөн супер баатруудын тухай юу гэж боддогоо ч илэрхийлээд авсан. Тэрбээр Superman-ыг фашизмд буруутгаж, Batman ба Робин нарыг ижил хүйстний харилцаатай хэмээн мэдэгдэж байсан юм. Түүнчлэн Фредерик Вертманы энэхүү ном хэвлэгдсэний дараагаар "Комиксийн кодекс" гэх маш хатуу чанга хяналттай дүрэм бий болсон байдаг.

Эцэст нь "Wonder Woman"-ы эргэн тойрон дахь хамгийн сүүлийн шуугиан киноны нээлтийн өмнө дэгдсэн юм. Тодруулбал Ливан улс Галь Гадотын үндэс угсаанаас хамааран тус киног улсдаа гаргахыг хоригложээ. Ливаны эдийн засгийн яамны ерөнхий захирал Али Аббас хэлэхдээ Ливан ба Израиль улсууд дайны нөхцөлд оршиж байгаа учир ийнхүү шийдвэр гаргасан байна. Харин Галь Гадот "Израилийн мисс" цолтой бүсгүй төдийгүй, өмнө нь тус улсын цэргийн алба хашиж байсан иргэн учир энэ нь зөрчилдөөн үүсэх гол шалтгаан болжээ.

Тэгэхээр эцэст нь уг кино үнэхээр сайн бүтээл болж чадсан уу?

Үнэн хэрэгтээ "Wonder Woman" сайн кино болсон. Киноны зохиолчид төрөл бүрийн ээдрээтэй сэдвийг маш нарийн бөгөөд болгоомжтой байдлаар тойрон гарч чадсан. Феминистүүдэд Дайанагийн Кайзерын дайчидтай зоригтойгоор тэмцэж, Их Британийн тагнуулч Стив Треворыг янз бүрийн асуудлаас аварч байгаа нь гарцаагүй таалагдана. Гэхдээ бид уг киноноос зөвхөн залуухан, зоригтой бөгөөд ухаалаг гэлтгүй мөн хамгийн гол нь маш гэнэн Дайанаг олж харсан. "Wonder Woman" киноны гол санаа нь үүнд л оршиж байгаа юм. Дэлхийг сэлэм биш харин хайр аварна.

Buro.Mongolia

2017-06-05, 16:00

  • Зураг: