Гендри болон "Саарал Өт"-ийн дүрийг бүтээсэн жүжигчид цувралын шинэ улирлын тухай, зураг авалтын сүүлчийн өдөр хэрхэн өнгөрсөн талаар Buro.-д ярилаа
Хоёр хоногийн өмнө HBO сувгаар "Game of Thrones" буюу "Хаан ширээний тоглоом" цувралын сүүлчийн улирлын эхний анги цацагдсан билээ. Цувралын нээлтийг тохиолдуулан Buro. "Саарал Өт"-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Жейкоб Андерсон ба Гендригийн дүрд тоглосон жүжигчин Жо Демпси нартай ярилцлаа. Гэхдээ та ярилцлагаас шинэ ангиудын үйл явдлын талаарх "спойлер" олохгүй. Харин үүний оронд зураг авалтын үйл явцын сонин хачин, хэрхэн "Game of Thrones" зүгээр ч нэг сайн цуврал бус харин орчин үеийн соёлын нэг хэсэг болж байгаа тухай унших болно.
- Жейкоб Андерсон (Саарал Өт) ба Жо Демпси (Гендри)
"Game of Thrones" цувралын ангиуд үзэгчдийг цочирдуулдгаараа алдартай. Танд ямар анги хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ?
Жо: Гендри бүхэл бүтэн гурван улирал алгассан нь миний хувьд давуу тал болсон. Учир нь надад энэ хугацаанд нэг алхам ухарч, цувралд эхнээс нь оролцсон жүжигчин хүний хувиар бус харин шүтэн бишрэгчийн нүдээр хөндлөнгөөс харах боломж олдсон юм. Надад кино зохиолыг уншихыг хэн ч зөвшөөрөхгүй нь ойлгомжтой байсан. Би ч жүжигчдийг сандалд хүлж, үйл явдлын талаар шалгааж зовоохгүй байхаар шийдсэн юм. Бас миний нүүр царай дэлгэцэд гэнэт гараад ирнэ гэж эмээх хэрэггүй болсон.
Жейкоб: За боль доо, яах гэж ингэж байдаг юм.
Жо: Гэхдээ дэлгэцээр дүүрэн өөрийнхөө царайг харах үргэлж эвгүй байдаг шүү. Харин надад чиний царай таалагддаг, харахад асуудалгүй байдаг.
Жейкоб: Надад ч гэсэн.
Жо: Ямартаа ч би өөрөө тоглоогүй хэсгүүд миний сэтгэлд хамгийн тод үлдсэн юм байна. Тэдгээрээс хамгийн чухал нь Ширин Баратеоны үхэл байсан. Сүүлийн жилүүдэд бид дэлгэцэн дээрх хүчирхийллийг хараад эмзэглэхээ больж байх шиг байна. Би үүнд "Game of Thrones" гол үүргийг гүйцэтгэж байгаа гэж боддог. Магадгүй үүнийг жинхэнэ биш гэдгийг мэддэг учраас бидний сэтгэл хөдлөл бага зэрэг мохдог байх л даа. Би цувралын зураг авалт хэрхэн хийгддэгийг мэддэг учраас "гайхамшигт" итгэхээ больсон гэх үү дээ. Гэсэн хэдий ч энэ хэсэг намайг жинхэнэ цочролд оруулсан. Энэ хэсэгт нэг тийм аймшигтай, сэтгэл хоосолсон зүйл байдаг.
Жейкоб: Тэгвэл би одоо хүртэл Нед Старкаас болж тэднийг уучилж чадахгүй байгаа.
Жо: Залуу минь одоо мартаад, цааш алхах хэрэгтэй шүү дээ. Хичнээн ч жил өнгөрөв (Инээв).
Жейкоб: Хэзээ ч үгүй! Энэ хэсэг миний зүрх сэтгэлд хоногшин үлдсэн. Түүний гэнэтийн бөгөөд эмгэнэлт үхэл цувралын уур амьсгалыг бүхэлд нь тодорхойлдог. Гол дүрийн баатрын толгойг таслах мөчид цаашид кино зохиолчдод итгэж болохгүй гэдэг нь ойлгомжтой болдог.
Жо: Тухайн үед би хүмүүс ухамсрын түвшинд тодорхой нэг тогтсон үйл явдал хүлээж байдгийг ойлгосон. Жишээ нь сайн талын баатар ялахыг хүлээдэг. Сайн залуус үргэлж амьд үлддэг гэж боддог. Гэтэл гэнэт л ийм зүйл огт болохгүйг ухааруулж, хэвшмэл ойлголтыг тасдаж хаядаг. Яг энэ мөчид үзэгчдийн тархинд богино хугацаанд гацалт үүсдэг. Бидний зарим нэг нь одоог хүртэл итгэж чадахгүй л байх шиг байна.
Жейкоб: Би итгэсэн. Гэхдээ хэзээ ч уучилж чадахгүй! Бас Жоффриг шангаа хүртээгүй гэж бодож байна. Түүний үхэл хангалттай аймшигтай байгаагүй. Тэр хэтэрхий амархан мултарсан.
Жо: За боль доо, хор уусны дараа түүний царай ямар байсныг харсан биз дээ? Тэр золтой л дэлбэрч, хэдэн хэсэг цацагдчихаагүй шүү дээ!
Жейкоб: Хэрэв тэр дэлбэрч, хэдэн хэсэг тарсан бол ямар догь байх байсныг төсөөлж байна уу?
Жо: Миний бодлоор түүнд яг тэр үхэл нь үнэхээр тохирсон санагдсан. Ямар ч хүч тэнхээгүй, өрөвдөлтэй, чимээгүйхэн үхсэн. Огт баатрын үхэл биш. Хэрэв тэр зоригт баатруудын адилаар тулаанд үхсэн бол үнэхээр харамсалтай байх байлаа.
Жейкоб: За тийм дээ, чиний зөв. Гол нь Жоффригийн үхлийг хайхралгүй өнгөрөөсөн хүн байгаагүй. Бүгд баярлаж, алгаа ташиж байсан.
Жо: Тэгвэл "Улаан хурим" чамайг цочирдуулсан уу?
Жейкоб: Бүр санахыг ч хүсэхгүй байна.
Жо: Тухайн үед Twitter "Би энэ цувралыг дахиж хэзээ ч үзэхгүй. Миний хувьд хангалттай!" гэсэн постуудаар дүүрсэн байсан.
Жейкоб: Хэрэв би өмнө нь номыг нь уншсан байсан бол яасан ч энэ цувралд тоглохгүй байсан. "Аан, нөгөө бүх гол баатруудаа хөнөөдөг цуврал мөн үү? Ёстой үгүй шүү! Баяртай. Би тэртээ тэргүй зориг зүрх муутай" гэж хэлэх байлаа.
Цуврал өөрөө хэвшмэл ойлголт, тогтсон загварыг өөрчилдөг шинэ стандарт бий болгосон нь сайн хэрэг шүү дээ.
Жо: Тийм ээ, тухайн баатар чамд хэр их таалагдаж байна, төдий чинээ тэр хурдан үгүй болох болно! Тирион, Сэр Давос нар яаж бүхэл бүтэн найман улирал тэссэнийг гайхаж байна. Бид өөрсдийнхөө үхэл дээр бооцоо тавих ёстой байсан юм.
Жейкоб: Өөрсдийнхөө үхэл дээр бооцоо тавих нь ямар ч тохиолдолд ашиггүй шүү дээ. Хэрэв чи амьд үлдчихвэл мөнгөө алдана. Харин үхчихвэл ажилгүй хоцорно.
Жо: Нөгөөтээгүүр хожвол бага ч гэсэн гэгээлэг зүйл хийнэ. Ажилгүй болсноо тэмдэглэж "Нандос" (Их Британийн алдартай түргэн хоолны сүлжээ) орж болох л юм.
Хэрэв та бүгд наймдугаар улирлын эхэнд өөрсдийн дүрүүдэд зөвлөгөө өгөх боломжтой байсан бол яг юу гэж хэлэх вэ?
Жейкоб: Зугт!
Жо: Тийм ээ, би ч гэсэн тэгж хэлэх гэж байсан (Инээв). Ялангуяа Гендри маш сайн гүйдгээ баталсан шүү дээ.
Жейкоб: Бас тэр маш сайн сэлүүрддэг. Бүтэн гурван улирлын турш сэлүүрдсэн.
Жо: Гэхдээ би энэ удаад түүнд "сэлүүрд!" гэж хэлэхгүй. Яагаад гэвэл тэр маш удаан сэлүүрддэг гэдгийг бид ойлгосон. Бүхэл бүтэн гурван жил сэлүүрдэж байж товлосон газраа ирсэн.
Жейкоб: Түүнд дөрөөтэй завь өгөх байсан юм.
Жо: Долоодугаар улиралд Гендри хөлдсөн нуурын эргээс хамаг хүчээрээ Хана руу гүйдэг хэсгийн зураг авалтыг бид Исландад хийсэн. Өдөр гэгээтэй үед харилцан ярианы хэсгийн зургийг авч байсан юм. Гэхдээ өвөл Исландад өдөр нь маш богино хугацаанд үргэлжилдэг. Гэгээ тасрах үед надаас бусад бүх жүжигчид амрахаар явдаг байлаа. Харин би гүйж эхэлдэг байсан. Тэр хүнд костюм, гутлыг өмсөөд бүрэнхийд цаснаар гүйдэг байж билээ. Үнэнийг хэлэхэд гурван улирлын турш завь сэлүүрдсэн нь хамаагүй дээр шүү!
Та цувралд эргэж ирэх үгүйгээ ч мэдэхгүй байсан шүү дээ. Таны дүрийг хөнөөгөөгүй ч түүнээс нэг ёсондоо хагацсан байсан.
Жо: Хэрэв би биеэ сайн авч явбал миний дүрийг цувралд эргэн авчрах арга байгаа гэдгийг кино зохиолчид битүү сануулсан. Гэхдээ би хэзээ бас хэрхэн ийм зүйл болохыг мэдэхгүй байсан тул зүгээр л суугаад хүлээж байсан даа. Энэ үе надад цувралыг энгийн үзэгчийн нүдээр үзэж, бүр ч гүн нэвтрэхэд тусалсан юм. Намайг гурван жилийн амралт аваад явах үед "Game of Thrones" чанартай бас алдартай цуврал байсан бол намайг эргээд ирэхэд орчин үеийн соёлын жинхэнэ гоц үзэгдэл болсон байлаа. Мөн би хором мөч бүрийг нь үнэлж, таашаана хэмээн өөртөө амласан байгаа. "Game of Thrones" бол маш агуу том төсөл. Энэ төслийн багахан ч хамаагүй нэг хэсэг болох нь чиний өмнө маш гайхалтай боломжуудыг нээж өгдөг. Заримдаа нөхцөл байдал гэнэтийн байдлаар эргэх нь бий. Жишээ нь бид долоодугаар улирлын нээлтийг тохиолдуулан Лос-Анжелест очиход Манчестер Юнайтед багийнхантай нэг зочид буудалд бууж байсан. Би тэдний хөгжөөн дэмжигч биш ч гэсэн хөлбөмбөгт хайртай. Бид зочид буудалд санамсаргүй тааралдаж, улмаар тэд бэлтгэлдээ биднийг урьсан юм. Ингээд бид багийн бүх одуудтай танилцаж, хүссэнээрээ зургаа даруулцгаасан. Жон Брэдли (Сэм Тарлигийн дүрийг бүтээсэн жүжигчин) Манчестер Юнайтед багийн хамгийн том хөгжөөн дэмшигч. Тэр өөрөө Манчестерт төрж өссөн. Тэр ч бүү хэл цонхоор нь "Олд Траффорд" (Манчестер Юнайтед багийн цэнгэлдэх хүрээлэн) харагддаг учраас одоо амьдарч байгаа байраа худалдаж авсан байдаг. Түүний шүтээнүүд "Game of Thrones"-ын шүтэн бишрэгчид байсан учраас хөлд нь сөгдөж байхыг би өөрийн нүдээр харах завшаан надад тохиосон. Поль Погба Жон Брэдлиг хараад баярласнаасаа болоод золтой л өмдөндөө дусаачихаагүй шүү. Энэ үнэхээр гайхалтай байсан.
Хэрэв танд одоо "Game of Thrones"-той ижил төстэй уран зөгнөлт төсөлд оролцох санал тавьбал та зөвшөөрөх үү? Танд ер нь ямар төрлийн саналууд ирж байна вэ?
Жейкоб: Надад ямар нэгэн санал ирж байгаа нь үнэхээр гайхалтай. Учир нь би сонгон шалгаруулалтад оролцох үедээ дүрийнхээ төлөө тэмцэх хэрэг гардаг байсан. Харин одоо надад бүр кино зохиолоо илгээдэг болсон гээд бод доо! Энэ маш сонин мэдрэмж. Гэхдээ хамгийн хөгжилтэй нь энэ бүх кино зохиолд надад "тэсвэртэй дайчин" эсвэл "сэтгэл хөдлөлгүй роботын" дүр оногдсон байдаг. Гэхдээ яагаад? Тэд намайг бодит амьдрал дээр ийм гэж боддог хэрэг үү? Ядаж л надад тайган хүний дүр санал болгодоггүй нь сайн хэрэг юм даа!
Жо: Тайган хүний дүр тийм ч их байдаггүй гэж бодож байна. Тэглээ ч ирээдүйд бүх тайганы дүр Конлет Хиллд очих болно (Варисын дүрийг бүтээсэн жүжигчин).
Жейкоб: Би зүгээр л хааяа ч гэсэн инээмсэглэдэг хүний дүр бүтээмээр байна шүү дээ.
Гэхдээ одоо таныг зохиомол хэлээр, хачирхалтай аялгаар ярьж чаддагийг хүн бүхэн мэддэг болсон гэж бодож байна.
Жейкоб: Хүмүүс намайг ихэвчлэн "Байзаарай, чи чинь Англи хүн юм уу" гэдэг. Би үүнийг магтаал гэж хүлээж авдаг. Хэрэв хэн ч миний гарал үүслийг гадарлахгүй байгаа бол би аялгаа үнэмшилтэй гаргаж байна гэсэн үг. Бид энэ аялгыг Орос, Япон, Португали, бас нэг аялгыг хольж зохиосон юм.
Жо: Ливерпүүл аялга.
Жейкоб: Арай ч тийм өвөрмөц биш ээ (Инээв). Ердөө л зүүн Африк аялга.
Жо: Сониноос энэ үйл явц хэрхэн өрнөдөг вэ? Энэ чинь бүх орц, найрлагыг нь хооронд нь хольдог жор биш шүү дээ. Яаж ийм аялга бодож олдог вэ?
Жейкоб: Бүх асуултыг манай хэлний дасгалжуулагч Женээс асуугаарай. Энэ түүний л гавьяа. Тэр надад ингэж ярихыг зааж, аялгууд хаанаас гаралтай болохыг хэлж өгсөн. Надад онолын тал дээр асуудал гараагүй учраас практик дээр аялга хэрхэн бүтдэгийг түүнээс асуугаагүй.
Танд "Game of Thrones" цувралын аль зураг авалтын талбар эсвэл байршил гүн сэтгэгдэл үлдээсэн бэ?
Жейкоб: Белфаст дахь студи намайг одоо хүртэл гайхшруулсаар байгаа. Тийм ч сэтгэл хөдөлгөм сонсогдохгүй байж магадгүй л юм. Ер нь надад хамгийн шилдэг байршлууд оногддог гэж хүмүүсээс олон удаа сонсож байсан юм байна. Тухайлбал тэд намайг Испани, Хорват зэрэг дулаан орнуудад зураг авалтад оролцдог гэлцдэг. Гэхдээ миний дотор байдаг, "Оддын дайн" киноны зураг авалтын талаар үзэж "Тэд асар том барилга дотор бүхэл бүтэн ертөнц бүтээсэн байна шүү дээ" хэмээн бодож уулга алдаж байсан 10 настай хүүхдийг хэн ч үгүй хийж чадахгүй. Белфастад яг л чулуу шиг харагддаг хэрнээ тойроод үзэхэд полиуретан хөөс цутган модон каркасаар бүтээгдсэн маш гайхалтай декорацуудыг би харсан. Би яаж ийм зүйл хийх боломжтойг одоог хүртэл ойлгохгүй байна. Хэрэв намайг студид ганцааранг нь үлдээвэл миний тархи энэ бүхэн жинхэнэ гэдэгт нэг хором ч эргэлзэхгүй. Костюм, тайз, декорац, зураг авалтад ашиглах эд зүйлсийг бүтээдэг хүмүүс маш их хөдөлмөрлөж, үнэхээр гайхалтай бүтээлүүдийг хийдэг. Хүмүүс жинхэнэ декорац бүтээж хийсэн тайзыг "Энэ CGI (компьютер график) уу?" гэж маш олон удаа надаас асууж байсан. Харин CGI ашигласан хэсгүүдийг хэн ч компьютер графикийн оролцоотой гэж гадарладаггүй.
Жо: Мэдээж луунуудаас бусдыг нь. Тэднийг компьютер графикаар хийсэн гэдгийг хүмүүс мэддэг. Анх би Шөнийн хаан болон цагаан үхдэлүүдийг хараад зог тусаж байсан шүү. Би "Яаж? Та нар жинхэнэ юм уу?" гэж асууж байснаа санаж байна.
Жейкоб: Шөнийн хааны дүрийг бүтээсэн Владимир Фурдик анхнаасаа манай багийн орлон тоглогч (каскадёр) байсан. Бид хамтдаа бэлтгэл хийж, хоорондоо тулааны хэсгүүдийг давтдаг байлаа. Долоодугаар улирал хүртэл би түүнийг Шөнийн хаан байсныг мэдээгүй.
Жо: Миний бодлоор Влад юунд орооцолдож байгаагаа өөрөө ч мэдээгүй байх. Энэ нөхцөл байдалд ихэвчлэн продюсерууд "Энэ хэсгийн зургийг авахын тулд бидэнд ийм тооны орлон тоглогч хэрэгтэй байна" гэж л хэлдэг. Нүүр хувиргагчдын нэг нь түүнд зүгээр л "Влад чи хошин үсний засалттай бас цэнхэр өнгөтэй болно шүү" л гэж хэлсэн байх. Ингээд л тэр таван улирлын дараа гэхэд Долоон улсын гол дайсан болсон байна.
Зураг авалтын сүүлчийн өдрийн талаар бидэнтэй хуваалцаач?
Жейкоб: Хүн бүрийн хувьд өөр, өөр цаг хугацаанд болж өнгөрсөн. Мэдээж хэрэг нэгэн зэрэг үнэхээр гунигтай бас сайхан арга хэмжээ болсон. Зураг авалт асар удаан өрнөж, бид бүгд маш их ядарч туйлдсан байсан учраас хоёрдмол мэдрэмж төрж байсан. Нэг талаас бид гэртээ харьж амрахад бэлэн байсан ч нөгөөтээгүүр чиний амьдралын маш том бүлэг дуусаж байгаа гэж бодохоор үнэхээр гунигтай байсан. Ихэнх хүмүүсийн адилаар би ч гэсэн зураг авалтын сүүлчийн өдөр уйлсан. Яг л сургуулийн сүүлчийн өдөр өндөрлөж байгаа мэт санагдаж байлаа.
Жо: Тийм шүү, надад ч бас яг тийм мэдрэмж төрсөн. Яг л хайртай багш, нэг ангийн хүүхдүүддээ баяртай гэж хэлж байгаа мэт санагдсан. Мэдээж чи ихэнх хүмүүстэй холбоотой хэвээрээ байх ч үүний тулд өөрөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Харин одоо зуны амралтын дараа эргээд тогтсон газраа, тогтсон цагтаа бүгд хамтдаа цугларна гэсэн тэр итгэл байхгүй болж байгаа юм. Энэ бодол наймдугаар улирлын зураг авалтын эхний өдрөөс эхлэн хүн бүрийн толгойд хоногших болсон. Гэхдээ үнэхээр бүх зүйл дуусах мөчид яг ямар сэтгэл хөдлөл гаргах талаар ямар ч ойлголтгүй байдаг юм билээ. Би нүдээ ч цавчихгүй гэж бодож байсан. Цувралын ид үед би бүхэл бүтэн гурван улирал байгаагүй учраас юунд нь ч санаа зовох билээ дээ, ээлжит ажлын маань л нэг хэсэг гэж бодож байлаа. Ерөнхийдөө өөр хэн нэгэн уйлахыг харахгүй л бол би гайгүй тэсээд өнгөрдөг. Зураг авалтын төгсгөлд Дэвид, Дэн хоёр (Game of Thrones-ын продюсерууд) хүн бүрт жижиг гарын бэлэг өгсөн.
Жейкоб: Ямар бэлэг? Миний бэлэг хаана байна?
Жо: Чинийхийг зөөж байхдаа алдсан.
Жейкоб: Дандаа л тэгэх юм.
Жо: Хүн бүрт сүүлчийн улирлын хамгийн дуртай хэсгүүдийг нь жаазалж өгсөн.
Жейкоб: Аан, тэр бэлэг надад байгаа юм байна. Би чемодантай мөнгө гэх мэт чухал бэлэг гэж бодсон юм.
Та бүгд зураг авалтын талбайгаас ямар нэгэн дурсгалтай эд зүйлс өөрсдөдөө авч үлдэж чадсан уу?
Жо: Үнэн хэрэгтээ ямар хатуу чанга зохион байгуулалттай байсныг та төсөөлөхгүй байна. Ширхэг дотуур өмд алга болоход л бид бүгдэд түгшүүртэй захидал ирдэг байлаа. Тиймээс алх эсвэл эвэртэй дуулга авч үлдэхийг надад хэн ч зөвшөөрөхгүй байсан биз.
Жейкоб: Жаазтай зураг л авч үлдэж чадсан байна.
Та бүхнийг хэт их гуниглуулахгүйн тулд ядахдаа үдэлтийн үдэшлэг зохиож өгсөн биз дээ?
Жейкоб: Бүр хэд, хэдийг гээд бод доо.
Жо: Белфастад асар том хурлын танхимд зохион байгуулагдсан гол үдэшлэг үнэхээр солиотой болсон. Тэнд 2,500 орчим зочин цугларсан байсан.
Жейкоб: Цуврал дээр маш олон хүн ажилласан. Тэд бүгд ирсэн. Бас хосуудаа дагуулан ирсэн байсан. Яг л рейвтэй адилхан байсан.
Жо: Рейвтэй адилхан биш харин DJ, уран бүтээлчидтэй жинхэнэ рейв болж байсан.
Жейкоб: Тийм шүү! Snow Patrol тайзнаас буусан даруйд DJ тоглож эхэлсэн.
Жо: Бид өглөө хүртэл наргиж байгаад, орой нар жаргахыг хамтдаа ширтэж, дараа нь "Титаник"-ийг барьсан усан онгоцны зогсоолыг харсан.
Жейкоб: Гэхдээ бүр маш их хүнтэй байсан учраас хүн бүртэй хэдхэн секунд л уулзаж амжсан байх.
Жо: Харин Жейкобтой илүү их цагийг өнгөрүүлсэн юм байна. Бид чинь үдэшлэг рүү хамдтаа явсан шүү дээ!
Жейкоб: Бас бид хоёр хоорондоо л бүжиглэх хэрэг гарсан. Яагаад гэвэл бүх хүн бидний эв хавгүй бүжгийн хөдөлгөөнөөс айж байсан. Тэр үед намайг юу ч цочоохооргүй болсон байсан ч миний толгой дээгүүр Жогийн гар яг л асар том, хүнд ташуур шиг нисэж байсныг маш тод санаж байна. Тиймээс би цохиулахгүйн тулд доош суусан. Би доороос энэ "тээрмийг" хөх ягаан неон өнгийн гэрэлд харж байсан. Би маш их согтсон бас үнэхээр аз жаргалтай байсан. Мөн энэ үдэшлэг бол дэлхийн хамгийн шилдэг телевизийн цуврал дээр ажилласан зургаан жилийн хөдөлмөрт тохирсон төгсгөл байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт