Милли Бобби Брауны сүйт залуу Жейк Бонжовигийн талаарх сонирхолтой баримтууд

Тэд сүй тавьжээ!

Холливүүдийн залуу хосуудын төлөөлөл Милли Бобби Браун болон Жейк Бонжови нар сүй тавьсан гэдгээ өчигдөрхөн Instagram хуудсаараа дамжуулан зарласан билээ. Netflix платформын шилдэг бүтээлүүдийн нэг “Stranger Things”-ын Eleven дүрээрээ дэлхийд танигдаж, жүжигчнийхээ хажуугаар  өөрийн гэсэн гоо сайхны брэндээ удирдан авч явж буй Милли Бобби Брауныг сайн мэдэх хүмүүс, зах зухаас нь гадарлах нэгэн бишгүй их. Харин түүний сүйт залуу Жейк Бонжовигийн талаар та хэр сайн мэдэх вэ? Тэрээр энэ жил 20 настай, айлын дунд хүү, спортын хорхойтон нэгэн бөгөөд түүний аав алдарт “Bon Jovi” рок хамтлагийн үүсгэн байгуулагч, гоцлол дуучин, гитарчин Жон Бонжови юм. Жейкийн тухай бусад сонирхолтой баримтууд, мөн түүний Миллитэй танилцсан хайрын түүхийг хамтдаа сонирхоцгооё.


Түүний ээж Доротея Хёрли каратэгийн багш байсан

1994 он

Жейкийн ээж Доротея Хёрли нь ахлах сургуульд байхаасаа эхлэн каратэгээр хичээллэж хэд хэдэн тэмцээнүүдэд ялалт байгуулж байсан ногоон бүст тамирчин юм. Одоо тэрээр рестораны бизнес эрхлэн явуулдаг байна.

Доротея нь Бон Жовитой сурагч байхдаа танилцаж 20 гаруй настайгаасаа үерхэн, улмаар 1989 онд гэрлэлтээ батлуулж байжээ. Тэд хосын харилцаа нь бат бөх байдаг шалтгаанаа харилцан хүндлэл хэмээн үздэг.


Жейк Бонжови америк хөлбөмбөг тоглодог

Тэрээр Нью-Йоркийн Бруклинд байрлах Poly Prep Country ахлах сургуулийн “Blue Devil” хөлбөмбөгийн багт тоглодог байсан.


Түүний хамгийн сайн найз - Ноа Шнапп

“Stranger Things” цувралын Ноа Шнапп болон Жейк Бонжови нар Миллигээс ч өмнө найзууд байсан бөгөөд Харри Стайлс сонсдог ижил сонирхолтой байна.


Жейк кино урлагт дебютээ хийнэ

Жейкийн жүжигчний карьер New Line Cinema кино продакшны гаргаж буй романтик инээдмийн төрлийн “Sweethearts” бүтээлээр эхэлсэн билээ. Мөн тэрээр зөрчилдөөний улмаас дөнгөж эхэлж байсан карьер нь нуран унаж буй “CougarSnake” метал хамтлагийн талаар өгүүлэх “Rockbottom” кинонд тоглож байгаа юм. Эдгээр бүтээл нь одоо үйлдвэрлэлт болон үйлдвэрлэлтийн дараах  үе шатандаа явж байна.  


Хосууд хэрхэн танилцсан бэ?

“Enola Holmes 2” кинонд зориулсан тусгай ярилцлагын үеэр “Милли Бобби Браун болон Жейк Бонжови нар хэрхэн танилцсан бэ?” гэх асуулт Google-ын хайлтыг тэргүүлж байсан нь ил болсон юм. Браун энэхүү асуултад “Бид Instagram-аар танилцаж, хэсэг хугацаанд найзын харилцаатай байсан” хэмээн хариулж байжээ.


Хосуудын анхны улаан хивсний ёслол

Тэд 2022 оны гуравдугаар сард болсон BAFTA шагнал гардуулах наадмын улаан хивсний ёслолд хамтдаа оролцож, удалгүй “Stranger Things”-ын нээлтийн арга хэмжээнд Милли ахин Жейкийн хамт ирсэн нь хосын харилцаагаа улам бататгасан үйл явдал болсон юм.


Buro.Mongolia

2023-04-12, 18:24