Онцлох Instagram: Бүтээл бүрээрээ хүчтэй сэтгэгдэл үлдээж чаддаг @johnsheepskinn
"Сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ"
Энэ удаагийн булангаараа богино хэмжээний кино бүтээдэг @johnsheepskinn нэртэй хуудсыг онцолж байна. Джон Шипскин нь хоёр найруулагч болон тэдний зураг авалтын баг болох нийтдээ наймаас арван залуусаас бүрддэг аж. Өмнө оны төгсгөл үеэс эхлэн ажилдаа ороод он солигдох мөчид “Cold Comfort” нэртэй нэг минут орчим үргэлжлэх бүтээлээрээ дебют хийжээ. Цаашлаад эрэгтэй хүний хэврэгхэн маскулинити, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн болоод амьтны эрх, төрийн гажуудсан тогтолцоо, үе хоорондын ялгаа зэрэг нийгэмд тогтчихоод байгаа зарим асуудлууд руу хандсан бүтээлүүд хийгээд байна.
Үзэл санаанаас эхлээд өдөр тутмын амьдрал хүртэл өөрчлөгдөж байсан шилжилтийн үеийн үр нөлөөнд өсөж хүмүүжсэн залууст байнгын бодож явдаг ч хуваалцаад байж чаддаггүй, эсвэл бага насны бүрхэг дурсамжтай холбоотой ч юм уу ил биш байдаг мэдрэмжүүд, ой санамжууд руу нь чиглэх нь эдгээр залуусын үндсэн зорилго ажээ. Тэдгээр траумаг богино хэмжээний кино стандартад нийцсэн бүтээлүүдээр сэдрээснээр хувь хүн өөрөө өөртэйгөө учирч, сэтгэлийн гүнд хав дарсан асуудлуудаа бодитой шийдвэрлэх боломж бүрдэх бөгөөд залуу үеийн сэтгэцийн эрүүл мэндэд амин чухал зүйл болохыг Джон Шипскин онцолж байна. Иймдээ ч тэд өөрсдийн Instagram хуудасны ангиллыг кино, эсвэл контент бүтээгч биш “сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ” гэж тодорхойлсон байгаа юм. Бүтээлүүддээ голчлон ашигладаг цэнхэр, ногоовтор цэнхэр өнгө нь тэдний зорилготой бүрэн авцалдаж, хүргэх гэсэн хүйтэн хөндий уур амьсгалыг нь дэмжиж өгдөг юм.
“Орчин үед урлаг заавал гоё сайханд тэмүүлж, сайныг сурталчилдаг хэв шинжтэй байх албагүй бөгөөд хувь хүнд хүчтэй сэтгэгдэл төрүүлж байх нь илүү чухал болсон. Мөн өнөөгийн нийгмийн онцлогоос хамаарч хүн ер нь хугацаа богинотой бүтээл үзэх хандлагатай байх шиг байна. Иймд үзэгчдийн сонирхол, таашаалыг хүндэтгэсэн, цаагуураа ямарваа нэгэн гүн сэтгэгдэл үлдээх бүтээл хийхийг зорьдог. Одоогоор улс төр, нийгмийн шүүмж хийгээд л байгаа юм шиг санагдаж магадгүй ч аливаа тодорхойлолт, хайрцаглалтаас Шипскин үргэлж ангид байх болно” хэмээн тэд ярьж байна.
Мөн тэд зөвхөн богино хэмжээний кино хийхээс гадна дуртай хамтлаг, дуучдынхаа клипний ажил дээр хамтардаг аж. Тэдний хийсэн B.L.M.D хамтлагийн “Нөгөө дууг” бүтээлийн зураг авалт, хийц, өгүүлэмж манайд урьд өмнө хийгдэж байгаагүй чанартай болсон бөгөөд утга санааны хувьд архаг шизофрени өвчтэй этгээд олон жилийн турш өөрийн толгойд сонсогдох дуу хоолойг зогсоох шийдвэрийг гаргаж байгаа тухай өгүүлдэг билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт