Оскарын наадмын шилдэг киног зарлахад ямар учраас алдаа гарсан бэ?

Шалтгаан нь тодорхой боллоо

Ялагчдын нэрстэй дугтуйг хариуцаж байсан хүн зогсоо зайгүй Twitter-ээр жиргэж байжээ

Хэвлэл мэдээллийнхний үзэж буйгаар 89 дэх удаагийн Оскарын наадмын үеэр алдаа гарсан гол шалтгаан нь Twitter гэнэ. Кино наадмын ялагчдыг тодорхойлох саналыг тоолдог PricewaterhouseCoopers компанийн ажилтан ёслолын үеэр Twitter ашиглаж байсан учраас хөтлөгчдөд өөр төрөлд ялсан хүний нэртэй дугтуйг андууран өгчээ.

TMZ вебсайтын мэдээллэж буйгаар тус компанийн тоо бүртгэгч Брайан Каллинан арга хэмжээний туршид "яг л галзуу хүн шиг зураг илгээж, жиргэж байсан" гэнэ. Тийм ч учраас тэр Уоррен Битти ба Фэй Данауэй (ялагчдын нэрсийг зарлаж байсан жүжигчид) нарт "Шилдэг кино" биш "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагналын ялагчийн нэртэй дугтуйг өгсөн байна. Уг дугтуйд "La La Land" киноны жүжигчин Эмма Стоуны нэр байсан тул Уоррен Битти, Фэй Данауэй нар тус мюзиклийг "Шилдэг кино" төрөлд ялагчаар андууран зарлажээ. Үнэн хэрэгтээ "Moonlight" кино энэ жилийн Оскарын наадмын "Шилдэг кино"-гоор шалгарсан юм.

Болсон явдлын дараа Каллинан бүх жиргээгээ "Twitter" хуудаснаасаа устгажээ.

Үүнээс гадна 89 дэх Оскарын наадмыг ойролцоогоор 32,9 сая хүн л үзсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллэсэн юм. Америкийн Nielsen судалгааны компанийн үзэж буйгаар бол энэ тоо нь сүүлийн есөн жилийн туршид гарсан хамгийн доод үзүүлэлт гэжээ.

Buro.Mongolia

2017-03-02, 09:00