81 дэх удаагийн Венецийн кино наадамд нээлтээ хийж буй онцлох 6 кино

Европын хамгийн том гурван кино фестивалийн нэг болох 81 дэх удаагийн Венецийн кино наадам нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн арга хэмжээ 2024 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 7-ны өдөр хүртэл уламжлал ёсоор Венец хотын Лидо арал дээр зохион байгуулагдахаар болжээ.

Тус кино наадмын эхний өдөр найруулагч Тим Бертоний Beetlejuice Beetlejuice кино нээлтээ хийхээр товлогдсон байна. Харин наадмын дээд шагнал болох Алтан арслангийн эзнийг тодруулах ахлах шүүгчээр Франц жүжигчин Изабель Юппер, шүүгчдийн багт Rush Hour 2 киногоороо алдартай Хятад жүжигчин Жан Зии, кино шүүмжлэгч Клебер Мендонча Фильо, найруулагч Жеймс Грэй зэрэг салбартаа танигдсан, чадварлаг хүмүүс багтжээ. 

Энэ жил олон орны, чанартай бүтээлүүд тус наадам дээр нээлтээ хийхээр товлогдож, кино сонирхогчдыг баярлуулаад амжсан билээ. Иймд бидний зүгээс үзэгчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байгаа зургаан бүтээлийг онцлон танилцуулахаар бэлтгэлээ.


Beetlejuice Beetlejuice

Алдарт найруулагч, аниматор Тим Бертоны 1988 онд гаргаж байсан Beetlejuice киноны үргэлжлэл анги буюу Beetlejuice Beetlejuice бүтээл энэ оны хамгийн өндөр хүлээлттэй кинонуудын нэгээр тодроод байна. Тус кинонд эхний ангид болсон үйл явдлаас 36 жилийн дараах түүхийг өгүүлэх бөгөөд киноны гол баатар Бетелгеус үхэгсдийн ертөнцөөс эргэн ирж буй талаар харуулах аж. 

Гол дүрд эхний ангид дүр бүтээж байсан Майкл Китон, Вайнона Райдер нар дахин тоглосон бол шинээр жүжигчин Женна Ортега, Моника Беллуччи, Виллем Дефо нар жүжигчдийн бүрэлдэхүүнд нэмэгджээ.


Maria

Алдарт дуурийн дуучин Мариа Калласын амьдралаас сэдэвлэсэн тус кинонд жүжигчин Анжелина Жоли гол дүрийг бүтээж байгаа юм. Maria киноны зохиол дээр Peaky Blinders цувралын зохиолч Стивен Найт ажиллаж, найруулагчийн үүргийг Пабло Ларрайн гүйцэтгэжээ. 

Драм, мюзикл жанрын тус кинонд дуурийн дуучин бүсгүй Мариа Калласын хайр дурлал, карьер, эмгэнэлт түүхүүд гээд түүний амьдралд тохиолдсон бүхий л зүйлcийн тухай өгүүлэх гэнэ. Мөн Maria кинонд ихэвчлэн Итали, Турк гаралтай жүжигчид тоглож байгаа нь кино сонирхогчдын анхаарлыг багагүй татаад байгаа юм. 


Joker: Folie à Deux

2019 онд нээлтээ хийсэн Joker кино нь Box office-оос нэг тэрбум aм.долларын ашиг олж, Оскарын наадмаас гол хоёр шагналыг, Венецийн кино наадмаас Алтан арслан шагналыг хүртэж байсан бахдам түүхтэй. Тэгвэл тус кино багийн хамт олон Joker: Folie à Deux бүтээлээрээ 81 дэх удаагийн Венецийн кино наадамд дахин хүч үзэхээр болжээ. 

Үйл явдалд сэтгэцийн эмнэлэгт хоёр жилийн турш эмчлүүлж байгаа Артур Флек өөрийн сэтгэлзүйч Лид дурлаж буй талаар харуулна. Удалгүй Жокерын дэмжигчид Артурыг эмнэлгээс чөлөөлөхийн тулд бослого гаргаж эхэлснээр кино цааш өрнөх аж. Сонирхуулахад, дуучин Лэди Гага тус кинонд Ли буюу Харли Куинны дүрийг бүтээж байгаа юм.


Babygirl

Жүжигчин Николь Кидманы тоглосон Babygirl бүтээлд кино урлагийн салбарт томоохон албан тушаал хашдаг нэгэн бүсгүй өөрөөсөө олон насаар дүү дадлагажигч залуутай хайр сэтгэлийн холбоотой болж буй талаар өгүүлнэ. 

Тус кино нь эротик, триллер жанрын өнгө аястай байх бөгөөд зохиолч найруулагчаар Халина Рейн ажилласан байна. Babygirl кино наймдугаар сарын 30-ны өдөр Венецийн кино наадам дээр нээлтээ хийх ба арванхоёрдугаар сарын 25-наас эхэлж кино театруудын дэлгэцнээ цацагдахаар болжээ.


The Order

1989 онд хэвлэгдэж байсан The Silent Brotherhood номоос сэдэвлэсэн The Order киноны гол дүрд Жуд Лоу, Николас Холт, Ти Шеридан нар тогложээ. Гэмт хэрэг, триллер хосолсон энэхүү киног 1980-аад оны үед АНУ-д оршин тогтнож, нийгэмд хүчтэй нөлөө үзүүлж байсан хэт үндсэрхэг үзэлтэй, цагаан арьстнуудыг дээдлэгч The Order бүлгэмийн гишүүдийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн гэдгээрээ онцлог юм.

Үйл явдалд тус бүлгэмийн гишүүдийн үйлдсэн бусармаг, хуулиас гадуурх үйл ажиллагааг нэгэн мөрдөгч олж мэдэж буй талаар харуулна. Ийнхүү мөрдөгч залуу тэднийг илчлэхээр шийдэн, мөшгөж эхэлнэ.


Wolfs

Ocean's Eleven киноноос эхлээд олон бүтээлд хамтдаа дүр бүтээж байсан жүжигчин Брэд Питт, Жорж Клуни нар дахин эргэн нэгджээ. Тэд энэ удаа гэмт хэргийн газрыг цэвэрхнээр зохицуулж, нуун дарагдуулах үүрэгтэй бэлтгэгдсэн ажилчдын дүрийг бүтээхээр болсон байна. Тухайлбал ганцаараа ажиллахыг илүүд үздэг Ник болон Жак нар нэг ажлыг хамтдаа гүйцэтгэх шаардлагатай болно. Нэгнээ үзэн яддаг тэд аргаггүй эрхэнд хамт ажиллах боловч тэдэнд олон хачирхалтай зүйлс ар, араасаа тохиолдсоноор кино цааш өрнөх аж. 

Wolfs кино есдүгээр сарын 1-ний өдөр Венецийн кино наадам дээр танилцуулагдах бөгөөд есдүгээр сарын 20-нд Apple TV+ платформ дээр нээлтээ хийх юм.


Э.Цовоо

2024-08-28, 16:53