Өндрөөс унахад хэр их өвддөг вэ?: К-поп оддын сургамж

“Ээж ээ, хэн нэгэн намайг үхтэл нь алгадах, эсвэл би хэн нэгнийг тэгж алгадах хоёрын алинд нь та илүү эмзэглэх вэ?”

Энэ асуулт "Descendants of the Sun", "The Heirs", "Mr. Sunshine" зэрэг Солонгосын цуутай олон ангитуудын кино зохиолч Ким Юн Сокыг дараагийн дуулиант цуврал "The Glory"-ийг бичихэд хүргэсэн гэдэг. Тус киноны гол дүрд тоглосон супер од Сон Хе Кёо 59 дэх удаагийн Baeksang Arts Award-аас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэхдээ тайзан дээрээс “Ён Жин аа! ("The Glory" цувралын эсрэг дүр) би шагнал авчихлаа” гээд бахтай инээмсэглэсэн нь уг цувралын фенүүдэд ихээхэн таалагдсан билээ. Сургуулийн орчны ялгаварлан гадуурхалт, өсвөр насны хүүхдүүд нэг нэгнээ дээрэлхэх үзэгдлийн эсрэг хүчтэй дуугарч чадсан эл бүтээлийг 2006 онд Чүнчон мужид болсон бодит явдлаас сэдэвлэсэн нь зүгээр ч нэг тохиолдол байсангүй. Солонгост 2018 оны байдлаар 9-24 насны 100,000 хүн тутмын 9.1 хувь нь үе тэнгийнхэндээ дээрэлхүүлснээс үүдэж амиа хорлосон гэх Statistics Korea-гийн судалгаа бий. Хэдийгээр тус улсад “Сургууль орчмын хүчирхийллээс сэргийлэх онцгой акт”-ыг 2004 онд баталж, сургууль бүрд “Хүчирхийллээс сэргийлэх зөвлөл” болон тусгай цагдаагийн ажилтны хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэг нийгмийн хар дарсан зүүд мэт амь бөхтэй оршсоор л байна.

Хамгийн ноцтой нь, Солонгосын төдийгүй дэлхийн сая сая хүүхэд залуучуудын үлгэрлэл болсон алдартай к-поп одод болон кино жүжигчид бусдыг дээрэлхэж, ялгаварлан гадуурхаж байсан тухай баримтууд олон нийтийн сүлжээнд дэлгэгдэж, тэр хэрээр нийгмийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж буй явдал юм. Хэдийгээр “Cancel culture” буюу аливаа ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн зөрчлийн эсрэг олноороо нийлж эсэргүүцэх хөдөлгөөн дэлхий даяар өрнөж, үлгэр жишээч бус оддыг өндрөөс унаган хуулиас гадуур шийтгэж дөнгөдөг нь бичигдээгүй дүрэм болж буй ч эл асуудал шинэ үеийнхэн бий болохын хэрээр даамжрах хандлагатай байна. BURO. энэ талаар эргэцүүлж, дээрх бичигдээгүй дүрмийн хурц ирэн дор нэр төр, эд хөрөнгө, амжилтын карьераа хугасалж, хэл амны бай болсон солонгос оддын зарим нэг баримтаас сийрүүлэхийн зэрэгцээ уншигчдаа ч мөн энэ асуудалд нухацтай хандаасай хэмээн хүслээ.


Бусдыг дээрэлхэж, ялгаварлан гадуурхдаг солонгос оддын дуулиан алдарт T-ara хамтлагийн охидоор эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Улмаар уг сенсац тус хамтлагийг тараах хүртлээ газар авсан билээ. Энэ бүхэн экс гишүүн Хваён 2012 онд хамтлагаа орхиж буйгаа мэдэгдсэнээр эхэлсэн бөгөөд тэрээр солонгосын Такси реалити шоуны үеэр хамтлагийн гишүүд болох Жиён, Инжон нар нийлж илтэд гадуурхаж, шахаанд оруулдаг байсан тухай ярьсан юм. Түүнийг камерын өмнө дарамталж, санаатайгаар үл хайхарч буй нууц бичлэг болон хамтлагийн менежерийнх нь яриа энэхүү цуурхлыг үнэн гэдгийг гэрчилсэн байна. Энэ жишээ Солонгосын хөвгүүдийн хамтлаг Stray Kids-ийн дуучин Ким Вүүжинд мөн тохиолдож, тэрээр 2019 онд хамтлагаасаа гарч соло карьер хөөх болсон юм. Тэгвэл алдарт "Penthouse" цувралын өсвөр насны охин Ха Юн Бёолын дүрийг амилуулсан жүжигчин Чой Е Бин амьдрал дээрээ ч дээрэлхүү зантай юу хэмээн фенүүд нь сэрдэх болсон билээ. Учир нь түүнтэй хамт нэг ангид суралцаж байсан гэх хохирогч өөрийг нь хоргоож, ёс бус үгээр хараасан хэмээн түүнийг буруушаасан юм. Тус жүжигчний агентлаг болох J Wide компани энэ мэдэгдлийг даруй няцаасан ч өдгөө 24 настай түүний карьераас хойш чангааж дөнгөсөн бол Netflix-ийн хит драма "It's Okay Not to Be Okay" цувралын гол дүрийн жүжигчин Со Е Жи хайр дурлалын харилцаанд ч энэ төрлийн хүчирхийллийн шинж нуугдаж болдгийг гэрчилсэн билээ. Түүний хуучин найз залуу болох "Crush Landing on You" киногоороо алдаршсан жүжигчин Ким Жун Хун 2018 онд MBC телевизийн "Time" олон ангит кинонд тоглосон бөгөөд энэ үеэр жүжигчин бүсгүй найз залуугаа Girl's Generation хамтлагийн дуучин Сохёнтой хардаж, дарамталсан зурвас ил болж, томоохон сенсац дэгдсэн юм. Түүнчлэн тэрээр кино багийнхантай зүй бусаар харьцдаг байсан, дунд сургуульд байхдаа үе тэнгийнхнийгээ дээрэлхэж мөнгө нэхдэг байсан гэх баримтууд дэлгэгдсэний улмаас түүнтэй хамтарсан уран бүтээл, реклам сурталчилгаанууд цуцлагдаж, Gold Medalist агентлаг хоёр тэрбум воны алдагдал хүлээсэн гэх тооцоо бий. Тэрээр энэ бүх дуулианаас найман сарын дараа олон нийтээс албан ёсоор уучлалт гуйсан юм.

Stray Kids-ийн дуучин Ким Вүүжин
Чой Е Бин
Со Е Жи
Жүжигчин Ким Жун Хун, Girl's Generation хамтлагийн дуучин Сохён

Харин эрэгтэй оддын хувьд, "Strong Woman Do Bong-Soon" хэмээх романтик инээдмийн цувралын од Ким Жи Сү сургуулийнхаа хүүхдийг дээрэлхэж, бэлгийн дарамтад оруулж байсан гэх хэргээр шуугиан дэгдээгээд амжсан юм. Түүний араас "Itaewon Class" цувралын жүжигчин Ким Дон Хи, "The Uncanny Counter" цувралын гол дүр Жо Бён Гю, The Boyz хамтлагийн реппер Сан Вү гэх мэт нэр нөлөө бүхий алдартнууд өсвөр насандаа ёс зүйн доголдож үүсгэж, бэлгийн дарамт болон бусдыг гутаан доромжлох хандлага гаргаж байсан нь Солонгосын төдийгүй дэлхий даяарх фенүүдийг нь цочирдуулсан юм.

Ким Жи Сү
Ким Дон Хи

Нийтлэг нэг зүйл ажиглагдсан нь, дээрх алдартнууд үйлдсэн гэмээ өөртөө хохирол багатай цайруулахын тулд олон нийтэд зориулж уучлалт гуйсан захиа бичиж сошиал сувгууддаа постлоод, өөрийн харьяалагдах агентлагаараа дамжуулан мэдэгдэл гаргахдаа ихэвчлэн гүтгэлэг мэтээр фенүүддээ ойлгуулдаг явдал юм. Хэдийгээр ёс зүйн хэм хэмжээтэй холбоотой бурангуй үйлдлийг хуулиар гэхээс илүү олон нийтийн буруушаах хандлагаар шийтгэдэг ч к-поп урсгал, к-драма хүчирхэгжихийн хэрээр энэ мэт сөрөг үлгэр дуурайлал олон улс даяар газар авсаар буй. Сүүлийн жилүүдэд биеэр хүчирхийлэл үйлдэхээс илүү сошиал медиагаар доромжлох, заналхийлэх явдал буюу cyberbullying гаарч байгаа нь өсвөр үе, залуучуудын сэтгэлзүйн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байна. “Cyberbullying statistics 2023” хэмээх судалгаагаар кибер хүчирхийлэл Америкт 26 хувь, Бразилд 29 хувьтай байгаа бол Энэтхэгт хамгийн их буюу 38 хувьтай байгаа аж. Биеэр ч бай, цахимаар бай бусдыг гутаан доромжилж, санаатайгаар ялгаварлан гадуурхах зан авир нь уг хэргийг үйлдэгчийн төлөвшил, сэтгэлзүйн гэмтэлтэй холбоотой бөгөөд хэчнээн нэр хүндтэй байхаас үл хамаарч өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн зовлонг солонгос одод туулсаар байна.   


Т.Номин-Эрдэнэ

2023-05-31, 17:36