Сэтгэл судлал ба визуал дизайн нэгдсэн нь: @beamingdesign хуудсыг яагаад дагах хэрэгтэй вэ

Дотоод хүнээ сонсож, амар амгалан байдлыг мэдрэхэд тусална

Энэ долоо хоногийн онцлох Instagram хуудсаараа @beamingdesign хэмээх сэтгэл зүйн зөвлөгөөг маш онцгой, бүтээлч байдлаар хүргэдэг хуудсыг онцлохоор бэлтгэлээ. Өнгө болон төрөл бүрийн хээний давтамжаар сэтгэл хөдлөлүүдийг илэрхийлэхийн зэрэгцээ хэрхэн дотоод хүнээ сонсож, амар амгалан байдлыг мэдрэхийг уриалдаг @beamingdesign-ийг Бельги улсаас гаралтай 24 настай залуу бүсгүй Мэрилин Мари Фершуэрен хөтлөн явуулдаг юм. Тэрээр 2020 оны дөрөвдүгээр сараас анхны визуал зургуудаа нийтэлж эхэлсэн ба өдгөө хагас сая гаруй дагагчтай болжээ. Тэдний дунд Кендалл Женнер, Марию Бернад зэрэг алдартнууд ч хүртэл багтдаг байна.

Мэрилин багаасаа л график дизайнд сонирхолтой нэгэн байсан ба 2015 онд Бельгийн Гент хот дахь LUCA урлагийн сургуульд элсэн орж, 2018 онд визуал дизайны ангийг төгсжээ. Харин @beamingdesign хуудсаа нээх санаагаа хөл хорионы үеэр олсон аж. Учир нь дэлхий дахинаа хүнд хэцүү цаг үетэй нүүр тулгараад буй цар тахлын үед бусдад бага ч гэсэн тайвшрал, гэрэл гэгээг мэдрүүлэхийг хүсчээ. "Хэрэв хийсэн зүйлс маань ядаж нэг хүнд ч гэсэн урам зориг, гэрэл гэгээг бэлэглэж чадвал миний хувьд үнэхээр гайхалтай байх болно" хэмээн Мэрилин ярьсан юм. Мөн тэрээр амьдралын утга учрыг үргэлжид эрэлхийлж, хариултыг нь олоход туслах төрөл бүрийн ном уншиж, подкастууд сонсох дуртай бөгөөд мэдэж авсан зүйлсээ ч мөн визуал бүтээлүүддээ тусгаж өгдөг.

 Хэрхэн бүтээлүүдээ туурвидаг вэ?

Тэрээр мэдрэмж, сэтгэл хөдлөл, дурсамжуудаа геометрийн дүрс, градиент өнгө, шугам, хээ угалзууд ашиглан төсөөлдөг. Ингэж төсөөлсний дараа хар зургийн дэвтэртээ анхны зургуудаа гарган хамгийн эцэст нь Adobe-ийн программууд дээр визуал бүтээлүүдээ хийдэг байна. Харин байгаль эх, барилга болон хүмүүсийг ажиглах нь түүний бүтээлч санааны эх үүсвэр болдог гэдгийг онцолсон юм.

Buro.Mongolia

2021-05-12, 13:49