Buro 24/7 x Vibe FM105.5 долоо хоногийн Playlist

Big UP! Playlist

Энэ долоо хоногийн хөгжмийн жагсаалтыг 2007 оноос хойш регги хөгжмийг таниулж буй хөтлөгч BD бэлдлээ. Тэрээр регги хөгжмийг мэдрэх арван өөр дуу болон энэхүү гайхалтай хөгжмийн урсгалын түүх, урсгалуудынх нь товч тайлбарыг танд хүргэж байна

Амьдралын сайн сайхныг магтан дуулдаг регги хөгжим, түүний гол төлөөлөгч болох Боб Марлигийн нэрийг дуулаагүй, "No woman, no cry" сонсоогүй хүн соёлт ертөнцөд үгүй биз. Боб Марли регги хөгжмийг Ямайкийн хил давуулан, дэлхийн хөгжим болгоход гол нөлөө үзүүлсэн гэдэг.

Ямайкийн язгуур урлагийн зарим онцлог элементийг ска, рокстиди урсгалтай хослуулсан регги хөгжим үүссэн цагаасаа эхлэн хөгжим сонирхогчдын дунд өргөн тархан, шүүмжлэгчдийн анхаарлыг татсан түүхтэй. Ритм гитар, банжо, бүрээ, бөмбөрийн товшилтоос гарах удаан, түргэн хэмнэлийн хослол нь хүмүүсийн чихэнд наалдацтай, сонсоход сэтгэлд дотно санагддаг биз ээ. Энэ урсгалын эхэн үеийн төлөөлөгчдөд Bunny Lee, Clancy Eccles, Larry Marshall, Peter Tosh нар багтдаг. 

Боб Марли

Регги хөгжмийн гол онцлог нь цохилт. Нарийн тооцоолсон, тэгш хэмнэлт бөмбөрийн товшилтод тааруулан гитар, бүрээ эгшиглэж, дуучин хэмнэлд нь автан дуулдаг. Дээр дурдсанаар регги урсгалын бүтээлд амьдралын сайн сайхны тухай сэдэв зонхилдог. Амьдралд асуудал их тохиолддог ч найдвараа алдахгүй байх, бүх зүйл сайхан болно гэдэгт итгэхийг уриалсан үгс регги дуунд олон бий.

Карибийн тэнгисийн зүгээс үлээсэн регги хөгжмийн салхи 1970 он гэхэд Америк, Европ, Ази, Африк тивийг хамарчээ. Ялангуяа томоохон клубын дижи нар шинэ онцгой дуугаралтыг эрж хайн, тухайн үед гарч ирсэн реггиг ихээр тоглуулдаг байжээ. Энэ үед л уг хөгжим ид цэцэглэж байсан бөгөөд 1970-аад оны үеийг реггигийн алтан үе хэмээдэг. Өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж буй "UB40", "Midnite", "The Ethiopians" зэрэг алдартай уран бүтээлчид тэр үед байгуулагдсан байдаг.

"Midnite" хамтлаг

Улс орон бүрт харилцан адилгүй тархахдаа тухайн орны соёл, онцлогоос хамааран дагавар шинэ төрлүүд бий болдог нь ямар ч хөгжмийн урсгалд энгийн үзэгдэл. Реггигийн хувьд Ямайкт үүсч, удалгүй Америкийн сонсогчдод хүрч, улмаар таван тивийхний сонорыг мялаах болсон. Ингэхдээ дотроо хорь орчим төрөлд хуваагдсан байдаг. Тухайлбал:

Dub: Регги хөгжмийн анхдагч урсгал. Басс гитар, бөмбөр гол үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хөгжмийн продюсер King Tobby үүнийг "Толгой дотор галт уул дэлбэрэх мэт" хэмээн тодорхойлсон нь бий.

Rocker: "Sly&Robbie" хамтлагийн дуунуудаас эхтэй. Энэ нь рок хөгжмийн элемент, түрэмгий шинжийг агуулсан төрөл юм.

Lovers rock: Лондон хотод 1970 оны үед үүссэн. R&B хөгжимтэй нэлээд ойролцоо дуугаралттай бөгөөд дууны шүлэгт нь хайрын тухай сэдэв зонхилдог тул "Хайрын рок" нэр авчээ.

Hip hop, rap: Хип хопын өлгий болсон Нью-Йорк хотод регги хөгжмийн энэ төрөл 1980-аад оны эхээр үүссэн гэдэг. Энэ төрлийн уран бүтээлчид реггигийн хэмнэлд "үглэдэг" нь нэрнээс нь л ойлгомжтой байгаа болов уу.

Dancehall: Yellowman, Super cat, Shabba Ranks зэрэг уран бүтээлчид техно хөгжим хүчээ авч эхэлсэн 1980 оны үед энэ төрлийн эхийг тавьжээ. Электро хөгжмийн хурдтай хослох болсноор регги нь бүжгийн талбайд хүмүүсийг уях болсон байна.

Reggaeton: Латин Америкийн орнуудад регги түгснээр тэндхийн салса, бамба, самба, богато зэрэг хөгжмийн урсгалуудтай сүлэлдэн 1990-ээд онд бий болсон харьцангуй залуу урсгал юм.

Shabba Ranks

Reggaefusion: Реггигийн хамгийн сүүлд гарсан урсгал энэ юм. Электро, рэп, рок, панк урсгалын холимог төрөл.

Зарим хамтлаг дуучид регги хөгжмийн элементээс бүтээлдээ тусган туурвих нь элбэг. Хамгийн анх "Beatles" хамтлагынхан "Ob-la-di, ob-la-da" дуундаа регги хэмнэлийг ашигласан байдаг.

Онцлох арван дуу

1. Италиийн шилдэг регги хамтлаг Mellow Mood нь 2005 оноос Reggae, New Roots, Dub, Rocksteady чиглэлээр тоглож байгаа бөгөөд тэдний сүүлд гаргасан "2 the World" цомгоос Inna Jamaica дууг эхлээд хүргэе.

2. Энэ жилийн 58 дахь удаагийн Grammy Awards-ын оны шилдэг регги уран бүтээлч болсон Morgen Heritage хамтлаг болон домогт Боб Марлигийн ач Jo Mersa Marley нарын хамтарсан Light it up дууг сонирхуулж байна. Энэхүү дууны дуугаралт нь dub step хөгжимтэй хосолсон шинэ өнгө төрхийг илэрхийлнэ.

3. Англи улсад регги хөгжим өндөр түвшинд хөгжсөн байдаг. Английн регги хөгжмийн шинэ өнгө төрх болох Stylo G-гийн дууг сонсоод үзээрэй. Энэ нь домогт   Sister Nancy-гийн Badd дууны шинэ хувилбар юм.

4. Одоогийн байдлаар Регги хөгжмийн ертөнцөд  хит болж байгаа дуучид болох Protoje болон Chronixx-н хамтарсан Who Knows! уран бүтээлийг танд санал болгъё.

5. Дараагийн дуучин бол Итали улсын Регги хөгжмийн домогт уран бүтээлч Alborosie! Түүний Ямайка улсын нийслэл Kingston town талаар дуулсан дууг сонирхуулж байна.

6. Монгол хамтлаг дуучдаас 2007 оноос хойш регги дуу хийж байгаа Ratabuzz-н Babylon by Rata-г хүргэж байна.

7. Монголын хамгийн сайн регги хамтлаг Souljas-н Aquarium!

8. Дараагийн дуугаар Боб Марли өөрийн бэр болох Lauryn Hill-тэй хамт, шинэчлэн дуулсан Turn your lights down low гэх сайхан хайрын дууг сонголоо.

9. Регги хөгжим бусад урсгалуудтай гайхалтай зохицож хосолдог бөгөөд дижи, продьюсер Skrillex болон Damian Marley нарын хамтарсан dub step, reggae fusion дуу болох Make It Bun Dem дууг хүргэж байна. Клип нь бас сонирхолтой шүү!

10. Сүүлийн дуугаар Bob Marley-гийн Is this Love!-ийг сонголоо. Бие биенээ хайрлая, хайрыг түгээцгээе. ONE LOVE!

Buro.Mongolia

2016-03-03, 17:00