Coachella наадмын талаар мэдвэл зохих зүйлс
Coachella дан ганц чихийг тань баясгахгүй
Хойд Америкийн хамгийн том хөгжмийн болон урлагийн наадам болох Coachella-гаар дэлхий нийт ойрын өдрүүдэд амьсгалж байна. Тус наадамд тоглож буй уран бүтээлчид, очиж сонирхож буй үзэгчид, алдартнууд бүгд л дэлхий нийтийн харааг булаасаар ирсэн билээ. Тэгвэл уг наадам хэрхэн дэлхийн хамгийн чухал наадмын тоонд багтдаг болсныг, ямар зохион байгуулалттай байдаг, яагаад Coachella бусдаас онцлог болох талаар хүргэе.
Монополчлолын эсрэг зөрчилдөөнөөс үүссэн бэсрэг тоглолт
1993 онд америкийн гранж рок хамтлаг Pearl Jam-ийг дэлхийн хамгийн том тасалбар борлуулах төв Ticketmaster Лос Анжелест тоглолтоо хийхийг шаардсаныг эсэргүүцэж Калифорни мужийн Коачелла хөндийд орших Индио хэмээх жижиг хотын Empire Polo Club-д 25,000 орчим үзэгчийн өмнө тоглолтоо хийж байжээ. Тэр үеэс хойш тус газрыг том тоглолт зохион байгуулах боломжтой гэж үзэж 1999 онд анхны Coachella наадам нэг өдрийн турш зохиогдож эхэлсэн байна. 1999 оны Woodstock-ийн наадам дээрх эмх замбараагүй байдлын улмаас Coachella шиг дөнгөж эхэлж байгаа фестивалиуд “санхүүгийн амиа хорлолт” мэт байсан гэдгийг наадмын зохион байгуулагч Пауль Толлет ярьсан байдаг. 2004 оноос эхлэн мэргэжлийн хүмүүсээс магтаал сайшаал ихээр хүртэх болж, бүр 2012 онд наадмын тасалбар гурван цаг хүрэхгүй хугацаанд зарагдаж дууссан байна. Ер нь урлагийн салбарт монополчлолыг эсэргүүцэж барууныг зорьж, амжилтад хүрсэн олон түүх байдгаас бидний мэдэх хамгийн алдартай нь Холливүүдийн үүсэл билээ.
Өөр өөрсдийн онцлог бүхий тайзууд
Индио хотын Коачелла хөндий бол Колорадогийн цөлийн нэг хэсэг билээ. Цөл газар учраас уг наадам байнгын нарлаг цаг агаарт зохион байгуулагддаг. Энэ жилийн хувьд зургаан тайз дээр нийтдээ 167 хамтлаг, дуучин, дижей нар уран бүтээлээ толилуулж байна. Өөрсдийн онцлог бүхий тайзуудыг товчхон танилцуулбал:
Коачелла тайз
Хамгийн олон үзэгчид цугладаг үндсэн тайз бөгөөд наадмын headliner-ууд энэ тайзнаа тухайн өдрийн тоглолтын хаалтыг хийдэг.
Гадаа театр
Үндсэн тайзны хажууханд байрладаг, арай багахан хэмжээтэй тайз.
Мохавэ асар
Калифорни, Невада мужийн өмнөд хэсгээр орших цөлийн нэрээр нэрлэгдсэн дунд хэмжээтэй энэхүү асарт янз бүрийн жанрын, хамгийн сонирхолтой байж болох уран бүтээлчдийг тоглуулдаг.
Говь асар
Монголын Говийн нэрээр нэрлэгдсэн уг тайзанд ихэвчлэн шинээр гарч ирж буй хамтлаг, уран бүтээлчид тоглодог.
Сахара асар
Голчлон электроник урсгалын уран бүтээлчид тоглодог бөгөөд гэрэл, лазерын онцгой үзүүлбэрүүд бүхий нүсэр том асар.
Юума асар
2013 онд байгуулагдсан, голчлон шинээр гарч ирж буй электроник урсгалын уран бүтээлчид тоглодог асар.
Сонора асар
АНУ-ын өмнөд хэсэг, Мексикийн хойд хэсгээр дамнан оршдог Сонорын цөлөөр нэрлэгдсэн, 2017 оноос хойш панк рок болон латин уран бүтээлчид голлон тоглодог жижиг хэмжээтэй асар.
Coachella дан ганц чихийг тань баясгахгүй
Coachella-гийн хөгжмийн тоглолтуудаас гадна үзэгчдийг татдаг хамгийн чухал онцлог бол сонирхол татам, заримдаа сүрдмээр том инсталляцууд, гэрэлтүүлэг, лазерын үзүүлбэрүүд байдаг. Жил бүр онцлог бүхий орчин бүрдүүлж өгдөг нь дэлхийн өнцөг булан бүрээс инфлюэнсерүүд, алдартнууд цуглах шалтгаан болдог билээ.
Хэрэв та эхний долоо хоногийн тоглолтуудыг үзэж амжаагүй бол хоёр дах долоо хоногийн тоглолтууд энэ баасан, бямба, ням гарагуудад албан ёсны YouTube сувгаар шууд дамжуулагдах учраас алдалгүй үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт