Жеймс Бэй өөрийг нь уран бүтээлч болгосон, үлгэр дууриал авдаг артистынхаа талаар
Яг л бусдын адил тусгаарлалтын энэ цаг үе уран бүтээлчдийн хувьд ч тун хүндхэн сорилт болоод байна. Нийгмийн харилцаа байхгүй, уйтгар гунигаар дүүрэн энэ хачирхалтай нөхцөл байдал уран бүтээлчдийн онгод орох, бүтээлч байдлаа илэрхийлэхэд нэлээд бэрхшээл учруулж байгаа билээ. Үүний зэрэгцээ хүмүүсийн зүгээс "Чамд ийм их чөлөөт цаг гарч ирсэн юм чинь мэдээж хэрэг урлагийн бүтээл төрөх байлгүй дээ" гэх хандлага байгаа нь уран бүтээлчдэд бүр ч их дарамт үүрүүлж байгаа гэлтэй.
1) Бусдад туслах
Тусгаарлалтын эхэн үед дуучин маань Лондон дахь гэртээ байх зуураа Instagram-р дамжуулан өөрийн хит дуунуудыг хэрхэн гитар дээр тоглохыг шүтэн бишрэгчдэдээ заажээ. Бэй хэлэхдээ "Би 18-тай байхдаа нэг жил гитарын багш хийж байсан юм. Тэр үед 10 настай нэг хүү хичээлээ тараад ирдэг байсан. Тэр сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй байсан төдийгүй зэрлэгдүү гэмээр загвартай, шовх үзүүртэй гитартай ирдэг байв. Тэр хэд хэдэн гитарын хэсгүүдээс сурсан бөгөөд түүнийгээ ямар ч сэтгэл хөдлөлгүй тоглодог байсан. Би түүнээс чи ер нь юунд дуртай вэ гэж асуухад 'Aмттан' гэж хариулж билээ (инээв)".
2) Өөрт гоё сайхан мэдрэмж төрүүлдэг ямар нэг зүйлийг хэрэглэх
Түүний хувьд үнэртэн. Тэрээр сүүлд Tommy Impact сүрчигний шинэ нүүр царай болсон ба гэртээ байхдаа ч уг сүрчгийг түрхэх дуртай гэжээ. Мөн энэ нь өөрийнх нь дуртай модлог ба цитрусын үнэр агуулдгийг дурдсан юм.
3) Итгэл найдвараа алдахгүй байх
"Эргэн бодоход надад тохиолдсон хамгийн онцлох үйл явдлуудын нэг нь анхны цомгоо гаргахаас дөрвөн сарын өмнө Glastonbury хөгжмийн наадам руу хоёр дах удаагаа явсан нь байдаг юм. Би өдрийн хоёр цагийн орчимд өөрийн сетээ тоглохоор үндсэн тайзан гарахад миний өмнө ойролцоогоор 80,000 орчим хүн зогсож байсан нь үнэхээр сүрдмээр санагдсан. Дараа жилээс тоглолт фестивалиуд эргэн ирнэ гэж үнэхээр их найдаж байна. Яг одоо ийм цаг үед бид харилцаа холбоогоо алдалгүй хоорондоо холбогдож нэгдэх нь чухал гэж бодож байна".
Арета Франклин надад маш их нөлөө үзүүлсэн. Тэр бол домогт дуучин. Зөвхөн гайхалтай дуулаад ч зогсохгүй тэр гайхамшигтай үзүүлбэр үзүүлдэг уран бүтээлч хүн. Тэрээр мөн ихэвчлэн дуунууд дээрээ өөрөө төгөлдөр хуураа тоглодог мундаг хөгжимчин. Тэр дуулдаг шигээ үнэхээр сайн хөгжмөө тоглодог. Бичсэн дуугаа өөрөө дуулж бусдад хүргэдэггүй зарим дуу зохиогч нар байдаг шүү дээ. Харин миний хувьд зохиосон бүтээлээ бусдад хүргэнэ гэдэг маш чухал.
Надад түүний "Amazing Grace" нэртэй Ислингтоны нэгэн сүмд болсон тоглолтын бичлэгийг үзэх боломж гарсан юм. Тэр тоглолт үнэхээр догь болсон. Продюсеруудын нэг нь бичлэгээ тоглуулахын өмнө түүнийг тоглолтынхоо 99%-д өөрийг нь бичиж буй камерыг үл анзааран зөвхөн тоглолтод л анхаарлаа бүрэн төвлөрүүлсэн байдаг талаар хэлж байсан юм. Тэр дуугаа бусдад хүргэхдээ бүхнээ зориулдаг ба үүнийг нь ч би биширдэг. Найрал дууны хамтлаг нь ч бас гайхалтай байсан.
Манай аав ээж хөгжмийн хүмүүс биш ч хөгжимд их дуртай. Тэд дандаа л хөгжим эгшиглүүлж байдаг байсан. Тэрээр ээжийн маань сонсдог дуучдын нэг бөгөөд радиогоор дуу нь явахад дууг нь үргэлж чангалдаг байж билээ. Би 16, 17 настай байхдаа Аретаг анх сонсдог болж түүний хөгжимд гүн гүнзгий автсан юм.
Түүний цомгуудаас дуртайгаа сонгох тун хэцүү. Хэрвээ сонгох хэрэгтэй бол би нэгийг биш хоёрыг сонгоно. Түүний 19 настайдаа гаргаж байсан "Aretha Franklin with the Ray Bryant Trio" болон Royal Philharmonic Orchestra-тай хамтарсан амьд тоглолтыг нэрлэнэ. "Spanish Harlem", "Since You've Been Gone"-д маш их хайртай. Түүний дуулсан "Bridge Over Troubled Water" дууны хувилбар үнэхээр галзууруулмаар. Мөн түүнд "Sweet Bitter Love" буюу "Амттай, гашуун хайр" гэдэг дуу байдаг. Энэ гурван үгний хослол нь л хайрын сэтгэл хөдлөлийг үнэнээр дүрсэлдэг. Хайр хэзээ ч үргэлж амттай эсвэл гашуун байдаггүй. Заавал аль, аль нь хамт оршиж байдаг. Үүнийг яг онож хэлсэн нь намайг үнэхээр гайхшруулдаг шүү.
Энэхүү нийтлэл нь хамгийн анх аравдугаар сарын 1-нд BURO. London вебсайт дээр нийтлэгдсэн болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт